Нью-Йорк, Парис, Лондон хотын гэрэлтүүлгийг хийсэн «Филипс» компанийн дэмжлэгтэйгээр төв талбайг гэрэлтүүлэх ажлыг хийнэ гэж ард түмний чихэн дээр цэцэг ургуулсан «Люмино» хамтлагийн дуучин Баажийгийн «Сентино лайтинг» компанийн ажил одоо л нэг юм дуусч байна.
Шинэ гэрэл тавихаас дөрөвхөн жилийн өмнө төв талбайг тойрсон 22 гэрлийг 80 сая төгрөгөөр сольсон байдаг. Гэвч нийслэлийн шинэ удирдлагууд «Нийслэлийн төв цэг болсон Чингис хааныхаа талбайн ойр орчмын гэрлийг шинэчилж сайжруулахгүй бол хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн томоохон хотын хэмжээнд хүрэхүйц гоё гэрэлтэй болдог хэрэг» гээд 2013 оны төсөвт гурван тэрбумыг суулгасан аж. Тэгээд төрийн энэ сайхан зөөлөн хоолыг Баажи буюу Б.Батхишиг захиралтай «Сентино лайтинг» компани авсан. Гэвч шинэдэж, туршлагагүйтээд тус компанийнхан энэхүү зөөлөн хоолыг чимээ шуугиангүйхэн идэж чадсанүй.
Өөрөөр хэлбэл өнгөрсөн хавар ажлаа эхэлсэн «Сентино лайтинг» компани 2013 оны 10 дугаар сард төв талбайг гэрэлтүүлэх ажлыг хийхээр болсон ч хугацаандаа ажлаа дуусгаагүй. Тэгээд шинэ жилийн өмнөхөн өнгө үзэмж муутай саарал шонтой бүдэгхэн гурван ламптай гэрэл тавьж өгсөн. Мэдээж дэлхийн жишиг хотуудтай дүйх гэрэлтүүлэг ярьж явсан хүмүүс гэр хорооллын айлын хашаан доторхи гэрлээс долоон дор юм хийсэн нь нийслэлчүүдэд таалагдсангүй. Дор бүрнээ л шүүмжилж эхэлсэн. Ингээд цагаан сарын дараахан нөгөө бүдэг дэнлүү шиг саарал шонтой гэрлүүдээ сольж, гуулин шонтой 16 гэрлийг тавьсан байна.
Гурван тэрбум төгрөгөөр хийсэн ажлаа яагаад дахин хийж байгаа, гэрлийг дахин сольж буй энэ мөнгө хаанаас гарч байгаа талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б. Лхагважаваас тодруулахад «Зөвхөн Чингисийн талбайн гэрэлтүүлэгт гурван тэрбумыг зарцуулчихлаа гэж ойлгож болохгүй. Хотын захиргааны байр, Төрийн ордон, СТӨ, Дуурийн театр, Байгалийн түүхийн музей, талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн модны гэрэлтүүлэг гээд 11 байршилд өнгө өнгөөр асдаг гоёлын гэрэлтүүлэг тавьсан. Мөн төв талбайн дөрвөн том, 16 жижиг гэрэлтүүлгийн ажил хамрагдаж байгаа юм. Харин талбай дээрх 16 гэрлийг яагаад дахин солихоор болов гэдэг дээр манай талаас тавьсан стандартад нийцээгүй учраас солих шаардлага тавьсан. Бидний шаардлагын дагуу гүйцэтгэгч компани талбай дээрх 16 гэрлийг дахин сольсон. Мэдээж дахин солиход төсвөөс мөнгө гаргаагүй» гэсэн юм.
Ийнхүү төсвийн мөнгөнөөс шанагадаж авчихаад халбагахан мөнгө зарцуулаад төрийн ажлыг гурилдаж буй булхай нь илэрч, алдаагаа засахын тулд үг дуугүй дахин сольж байгаа нь энэ. Гэрэлтүүлэг сайжраад өнгө зүс орж байгаа нь сайн хэрэг ч өмнөх гэрэлтүүлэг нь тэгтлээ хуучирч муудаагүй байхад гэрэл чийдэнгээр нь оролдож, хөрөнгө мөнгө үргүй зараад байгаа нь харамсалтай.
Төв талбайн өмнө байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн модонд хэдэн гэрэл өлгөхөд юу л оров гэж, өнөө маргаашгүй нураах гэж байгаа Байгалийн түүхий музейг гэрэлтүүлэх шаардлага байна уу гээд асуудал дороосоо л ундарч байна. Сүүлийн жилүүдэд төрийн мөнгийг тендер нэрээр хэн нэгэнд өгч хэнд ч хэрэггүй зүйл хийлгэсэн болгоод тал талаас нь хувааж иддэгийн илрэл энэ боллоо гэж шүүмжлэх нэгэн ч байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн компани өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж байгаа бол муу зүйл хийхгүй нь тодорхой, дахин шинэчлэхгүй нь мэдээж.
Одоо төв талбайг гэрэлтүүлж буй 16 шинэ гэрлийг «Филипс» компаниас, харин шонг нь БНХАУ-аас оруулж ирсэн аж. Чанар болоод үзэмжийн хувьд ийм гэрлийг хэдэн төгрөгт багтаан шинэчилж болох талаар энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс тодруулахад 100-150 сая төгрөгт хангалттай шинэчлэх боломжтойг хэлж байсан юм.
Тэгвэл нөгөө гурван тэрбумын таван хувьд нь хүрэхгүй мөнгөөр талбайн 16 гэрлийг сольсон байж таарах нь. Үлдэж буй хоёр тэрбум, 850 сая төгрөгөөр Төрийн ордон, СТӨ, Дуурийн театр, цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн ЗДТГ-ын байруудыг олон өнгийн гэрэлтэй болгосон юмсанж. Баян айл ухаан муутай хүүхдээрээ ингэж хөрөнгөөрөө тоглуулж байгаа бол одоо яая гэхсэн. Харин татвар төлөгчдийн мөнгөөр ингэж наадаж байгаа нь хэтэрхий харамсалтай.