Ханнибал

-Дэлхий нийтийн анхаарал Сочийг онилсон энэ өдрүүдэд биатлоны домогт тамирчин Бьёрндален уламжлал ёсоор спортынхны анхаарлын төвд байна-

Норвегийн Мудум хотод гурван метр өндөр, 450 кг жинтэй нэгэн хүрэл хөшөө бий. Уле-Эйнарын зогсоол гэж нэрлэдэг энэ хөшөөг хотын захиргаанаас домогт тамирчиндаа зориулан босгож, нээлтийн ёслолд Норвегийн эзэн хаан V Харальд өөрийн биеэр зочилж байв. Хөшөөний эзэн нь мэдээж Уле-Эйнар Бьёрндален. Цагаан олимпийн түүхэнд хамгийн ахмад аварга, медалийн тоогоор хамгийн “ганган” тамирчин, нэг олимпиос хамгийн олон буюу дөрвөн алтан медаль хүртсэн биатлонч, дэлхийн аварга, олимпийн хамгийн олон түрүүтэй биатлонч гээд спортын хуудсанд сор болсон олон амжилт түүнээр овоглодог.

Дэлхий нийтийн анхаарал Сочийг онилсон энэ л өдрүүдэд Бьёрндален ч уламжлал ёсоор спортынхны анхаарлын төвд байна. “Нагано-1998” өвлийн олимпиос алт, мөнгөн медаль зүүсэн тэрбээр 2002 оны Солт-Лейкийн олимпод биатлоны дөрвөн төрөлд өрсөлдөж, бүх төрөл, зайд аваргалснаар дэлхийн тамирчин гэдгээ батлан харуулсан юм. Нэг удаагийн олимпиос дөрвөн алт “түүсэн” биатлонч олимпийн түүхийн хуудаснаа үгүй байсан тул Бьёрндален анхных нь болж нэрээ тэмдэглүүлэв. Тэр жилийн гайхалтай ялалтынхаа талаар Уле-Эйнар “Бүх медаль надад эн тэнцүү үнэ цэнэтэй. Анхны алт нь үлдсэн уралдаанд урам зориг хайрласнаараа чухал. Мэдээж би спринт төрөлд өөрийгөө илүү дайчилж байсан болохоор энэ төрөлд авсан хоёр дахь алт бас л чухал. Цуваа гараатай уралдаанаас авсан гурав дахь алт хамгийн хэцүү нь байсан тул ялгаагүй чухал. Би их ядарч, толгойд элдвийн бодол эргэлдэж байлаа. Багийн буухиа төрөлд авсан алт бүр ч чухал, учир нь ганцаараа биш багаараа уралдсан болохоор” хэмээн хожим нь ярьжээ.

1974 онд төрсөн тэрбээр Сочийн олимпийн өмнөхөн 40 насны босго давжээ. Спортын төрөл, зай, онцлог зэргээс хамаарч тухайн тамирчны нас нь амжилтад нөлөөлдөг зайлшгүй хүчин зүйл бий. Нас ахиж, туршлага зузаарах хэдий ч хурд, хүч, тэсвэр тэвчээр, дээр нь онч хараа, мэдрэмж шаардах биатлоны спортын хувьд 40 гэдэг харьж яваа нас. Энэ л үедээ Бьёрндален Сочийн цасан замд ээлжит түрүүгээ авч, олимпийн долоо дахь алтан медалиар энгэрээ мялаав. Эрэгтэйчүүдийн 10 км-ийн спринт төрөлд тэр 24:33.5 минутын амжилт үзүүлснээр түрүүлсэн юм. Нийтдээ бол олимпийн 12 дахь медаль нь. Ингэж тэр өвлийн олимпийн рекорд амжилтыг давтсан билээ. Түүнд гэхдээ дахиад ч боломж бий. Олимпийн хөтөлбөрт багтсанаар биатлоны холимог баг болон эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд олимпийн сүүлийн өдрүүдэд болно. Сочийн уралдааны талбарт үзүүлсэн амжилтаас нь хамаарч дасгалжуулагч нар нь багийн төрөлд сойх тамирчдаа зарлана. Энэ багт Бьёрндален багтах магадлал тун өндөр, түүнчлэн Норвегийн биатлончид багийн төрөлд медальд хүрэх магадлал ч түүнээс дутахааргүй билээ.

“Сочи-2014” Бьёрндалены хувьд зургаа дахь олимп нь. 1998 оны Наганогийн олимпиос анхны алтаа /+нэг мөнгөн медаль/ зүүсэн тэрбээр 2002 онд Солт-Лейкийн олимпийн медалийн тавцны өндөрлөгт дөрвөнтөө гарсан билээ. 2006 онд Туринаас шар медаль зүүгээгүй ч хоёр мөнгө, нэг хүрэл медальтай нутаг буцжээ. Сүүлд “Ванкувер-2010” наадмаас зургаа дахь алтаа багийн буухиа төрөлд хүртсэн юм. Ингэхдээ тэр эрэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль зүүжээ.

Олимпийн энэ гайхалтай амжилтаас гадна тэр биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 39 медаль, үүнээс алт-19, мөнгө-11, хүрэл-9-ийг хүртсэн байна. 1993 онд 19 настайдаа өсвөрийн ДАШТ-д боломжит гурван төрөлд түрүүлсэн тэрбээр хамгийн залуудаа “Их дуулга” хүртсэн биатлонч болсон билээ. Өдийг хүртэлх спортын 21 жилийн замналдаа тэр олимп, дэлхийн аваргаас нийт 51 медаль хүртэж, биатлоны Дэлхийн цомын тэмцээнээс 93 медалийн эзэн болсон нь түүхэн дээд амжилт. Биатлоны түүхэнд ийм амжилтад хүрсэн тамирчин байгаагүй, хойшид ч Бьёрндален гэх домогт тамирчны амжилтыг давтах, ахиулах гэдэг ирээдүйн биатлончдын оргилд хүрэх шалгуур нь болох биз.

Тэр Сочийн олимпийн дараа их спортоо орхино. Энэ тухайгаа тэр өнгөрсөн зун албан ёсоор мэдэгдсэн юм. Уг нь төрөлх Норвеги орных нь нийслэл хотноо 2016 онд болох ДАШТ-д оролцоод зодог тайлах хүсэлтэйгээ хэлж байсан ч тэр цаг нь болсон гэж шийджээ. Түүний хувьд биатлон хэзээ ч ажил байгаагүй, ердөө түүний сэтгэл зүрхийг нь эзэмдсэн хобби байсан гэдэг.

Түүнийг нутгийнхан нь “Хаан” гэж хочилдог. Урьд өмнө нь биатлоны спортоор Норвегид төдийгүй Европт, бүр дэлхийд ийм амжилт гаргасан тамирчин үгүй болохоор тэр энэ спортын хаан байхаас аргагүй. Бас түүнийг “Ханнибал” ч гэдэг. Үргэлж амжилтаар цангаж, амжилтын оргил өөд, медалийн тавцангийн хамгийн өндөрт зогсохын тулд шаргуу хөдөлмөрлөдөг болохоор нь тэр…
С.ЦЭЛМЭГ
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №049

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …