ИНЕГ-дарга С.Буяндалай огцрох нь тодорхой болжээ
Зам, тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн долоо хоногт ИНЕГ-ын дарга С.Буяндалайг “Чи ажлаа хийж чадахгүй байна. Чамтай хамтарч ажиллахгүй, гар чи” хэмээн зандарч, яамны шуурхай зөвлөлгөөнөөс хөөж гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэтэл энэ сарын 17-ны өглөө болсон Зам, тээврийн яамны шуурхай зөвлөлгөөнөөс мөнөөх С.Буяндалайг “Чи энд юугаа хийгээд сууж байгаа юм бэ, гар чи, эндээс зайл” хэмээн мөн л хөөн гаргажээ. Шуурхай зөвлөлгөөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө 07 цаг 30 минутад болдог тогтсон уламжлалтай бөгөөд энэ хуралд тус яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нар цугларч, өнгөрсөн хугацааны ажлаа тайлагнаж, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, сайдаасаа үүрэг даалгавар авдаг аж. ИНЕГ-ын дарга С.Буяндалай ийнхүү хоёр ч удаа шуурхай зөвлөлгөөнөөс нохой мэт хөөгдөн гарч байгаа нь түүнийг албан тушаалаасаа огцорч байгаа гэх олны яриаг нотолж байна.
Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт уржигдар оролцсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэргэжлийн байгууллагуудад улстөрийн томилгоогоор мэргэжлийн бус хүмүүс томилогдож, тухайн салбарын бодлого, үйл ажиллагааг шууд алдагдуулдаг, энэ нь эргээд улс оронд хэр их хор хөнөөлтэй болохыг олон жилийн туршлагаасаа харж мэдэрснээ ярьж, ИНЕГ-ыг жишээ болгон цохон дурьдсан билээ. Гярхай улстөрчийн онцлон тэмдэглэж ярьсан зүйл 100 хувь үнэн болохыг С.Буяндалайн үйлдэл давхар баталж байгаа юм. С.Буяндалай УИХ-ын бие даагч гурван гишүүний дэмжлэгээр ИНЕГ-ын даргын суудалд нэг жилийн хугацаанд залрахдаа ихээхэн балаг тарьжээ.
Тэрбээр 70 гаруй хүнийг ажлаас нь үндэслэлгүйгээр халж, ажил амьдралаар тоглосон төдийгүй нэг хүний амь насыг егүүтгэсэн гэх мэдээлэл ч дуулдав. С.Буяндалайн дээд албан тушаалд хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан Ч.Цэдэндоржийг ихээхэн дарамталж сэтгэл санааны хямралд оруулж байснаас тэрээр удалгүй нас барсан гэлцдэг. Энэ асуудлыг АТГ-т өгч шалгуулж байгаа гэнэ лээ. С.Буяндалай бие даагч гишүүдийн танил тал, хамаатан садны мэргэжлийн бус 130 гаруй хүнийг ИНЕГ, түүний харьяа салбаруудад шахсаны гайгаар нислэг, техникийн осол зөрчил олонтаа гарах болж, зорчигч иргэдийн эрх ашгийг ихээхэн хохироосон нь нууц биш. Хөрөнгө санхүүгийн зөрчил ч олноор гаргасан байна. Иргэний нисэх гэдэг энэ том айлыг С.Буяндалай удирдах гэж холион бантан болгож, “удахгүй халагдах юм чинь” гээд ажил дээрээ ч харагдахаа больжээ.
Түүнчлэн ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалан гэж нөхөр төрсөн хүүдээ нисгэгчийн хуурамч үнэмлэх хийж өгч, МИАТ компанид “Боинг” онгоцны нисгэгчээр ажилд оруулжээ. Тэр хүү нь нисэхийн ямар ч мэдлэг боловсролгүйн улмаас өнгөрсөн онд ОХУ-ын Казань хотын ойролцоо 145 зорчигчтой сүйрсэн, “Аэрофлот”-ын “Боинг 737” онгоцонд тохиолдсон гашуун явдалтай ойролцоо үйлдлийг хийж байсан нь саяхан. Уг онгоцны хоёрдугаар нисгэгч мөн л арын хаалгаар нисгэгч болсон, хуурамч үнэмлэхтэй нөхөр байсан байдаг.
Гэтэл Монголд С.Энх-Амгалангийн хүү 2009 оны 12 дугаар сарын 24-нд “Боинг 737-800” онгоцны хоёрдугаар нисгэгч байх үедээ мөн ноцтой алдаа гаргаж байсныг бид дурдаж байсан. Энэхүү хэргийн цаад эзэн С.Энх-Амгалан гэгч ямар гээч ид шидээр ИНЕГ-ын тэргүүн дэд даргын албан тушаалд заларчихаад эдүгээ хувийн хэргээ амжуулахаар засгийн мөнгөөр Канадад зугаалж яваа нь тун ч хачирхалтай.
Тэрбээр өмнө нь ИНЕГ-ын нислэгийн мэдээлэл зураглалын тасгийн даргаар ажиллаж байхдаа 140 сая төгрөгийн өртөгтэй нислэгийн саадын зураг хийлгэхдээ туйлын хариуцлагагүй хандаж, байгууллагад ихээхэн хохирол учруулсан болохыг тогтоосон шалгалтын акт дүгнэлт ч байдаг аж. Ийм л үл бүтэх буруу гарын хүмүүс ИНЕГ гэдэг айлыг бүтэн жилийн турш бужигнуулж байгааг Н.Алтанхуяг анхааралдаа авах биз ээ.