Фэнуэй Спортс Групп Ливэрпүүлийн удирдлагыг авснаас хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй бөгөөд клубын төлөв байдал ерөнхийдөө тогтворжоод байгаа эхний жил гэж хэлэхэд болох юм.
Брэндан Рожэрсыг клубын мэнэжэрээр томилсны дараагаар өнгөрсөн зуны худалдаа наймааны цонхоор хэрэгжүүлсэн ажил ч цэвэр бодлогын чанартай, ирээдүйгээ харсан байдалтай байсан юм. Гэвч зарим нэг алдааг гаргаж байсан ч эдүгээ тэднийгээ олж харан, засч залруулж чадсан учраас энэ зун Ливэрпүүлийг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх ажил эхлэхэд тохиромжтой цаг боллоо гэж клубын удирдлагууд үзэж байгаа аж.
Ингээд Фэнуэй Спортс Группын Ливэрпүүл клубыг өргөжүүлэх хөгжүүлэхэд зориулсан 5 төлөвлөгөөг танилцуулъя.
- Стадионы өргөтгөл
Стэнли паркт шинэ стадион барих ажлыг хойш нь тавьж, цуцласан бөгөөд үүний оронд Анфилдыг өргөжүүлэн, суудал нэмэхээр шийдвэрлэсэн нь олон копуудад таалагдсан бизээ. Харин энэ өргөтгөлийг хийх тухай шинэ мэдээ гэвэл энэ зун Анфилдын өргөтгөлийг хийж шинэ улирал эхлэхээс өмнө ашиглалтанд оруулахаар болжээ. Анфилдын өргөтгөлийн зураг төсөл бэлэн болж, барилгын ажлын төлөвлөгөө ч батлагдан одоо юу юугүй ажлаа эхлэх болчихоод байгаа тухай мэдээ гарсан байна. Ингэснээр Анфилд 60 000 үзэгчдийг багтаах боломжтой болох бөгөөд үүний тулд Анфилдын ойролцоох 90 жижиг барилгыг буулгах зэрэг ажлууд хийгдэхэд бэлэн болсон ажээ. Үүний тулд Фэнуэй Спортс Групп 150 сая фунт гаргах болсон байна.
- Наймааны бодлого.
Үр ашиггүй буюу амжилт муутай байсан тоглогчдыг клубээс явуулж оронд нь үнэхээр авьяас чадвар өндөртэй тоглогчидод мөнгө зарцуулахад бэлэн байгаа тухайгаа Фэнуэй Спортс Групп илэрхийлж байна. Филиппэ Кутиньо гэх мэт үлгэр жишээ болохуйц наймаанд тэд ямар ч асуудалгүй мөнгөө зарцуулахаа илэрхийлээд байгаа тэд клубын наймааны бодлогыг иймэрхүү байдлаар авч явахыг хичээнэ хэмээжээ. Хэнрих Мхитарян, Кирякос Пападопулос зэрэг үнэ ихтэй ч яг багт ирээд дасан зохицож, авьяас чадвараа хөгжүүлж чадах нь батлагдаагүй байгаа тамирчдаар Суарэз, Рэйнагийн зэргийн нэгэнт танигдсан одуудаа солихгүй байх талаар санаа тавьна гэжээ.
- Удирдлагын бүтцийн хөгжүүлэлт
Ливэрпүүлийн зарим хөгжөөн дэмжигчдийн хувьд Иан Эйр тийм ч сайн ажиллаж байгаа бус санагддаг. Өнгөрсөн жилийн 3-р сард Иан Эйр клубыг удирдаж эхлэсэн бөгөөд тэрээр өмнө нь Ливэрпүүлийн зар сурталчилгаа хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Үүнд зарим хөгжөөн дэмжигчид сэтгэл гонсгор байсан бөгөөд тэд энэ ажлыг хийхүйц илүү өндөр туршлага бүхий хүнийг сонгоосой хэмээн хүсч байсан нь мэдээж. Тэрээр клубын зар сурталчилгаа, худалдааны тал дээр нэлээд амжилттай ажиллаж байсан ч яг одоогийнхоо албан тушаал дээр бол үнэхээр туршлага багатай байсан юм. Клубын шинэ эзэд Иан Эйрын хуучин албан тушаалд ФСГ –т ажиллаж байсан Билли Хоганыг томилсон бөгөөд Брэндан Рожэрс ч үнэндээ Прэмьер Лигт ганцхан жил л баг удирдаж оролцож үзсэн туршлага бас л нимгэн гэхээр хүн шүү дээ. Харин энэ зун Ливэрпүүл клубын удирдах албан тушаалтнуудын дотор зарим нэгэн өөрчлөлт хийгдэх магадлалтай байгаа бөгөөд ямартай ч энэ өөрчлөлт нь Брэндан Рожэрсыг тойрох нь дамжиггүй. Билли Хоган Мэрсисайдад нүүн ирэх болсон бөгөөд үнэндээ Атлантын далайн цаанаас Ливэрпүүл дэх ажлаа хийнэ гэдэг хэцүү байх нь ойлгомжтой. Үүнээс үүдэн Иан Эйрын албан тушаалыг Билли Хоган авч магадгүй гэсэн цуу яриа ч гараад байна. Хэрэв Хоган клубын удирдлагыг гартаа авбал удирдлагын бүтцэд нэлээд өөрчлөлт оруулж, шинээр зохион байгуулж магадгүй гэж яригдаж байна.
- Кэнни Далглиш
Бид өмнө нь мэдээлж байсанчлан Кэнни Далглиш Ливэрпүүл клубын элчин төлөөлөгчийн албыг хашихаар Анфилдэд эргэн ирэх тухай яриа дахин гараад байгаа бөгөөд хэрэв тэгвэл энэ нь клубын хувьд нэлээд эерэг зүйл болох юм. “Хаан” Кэнни Далглиш ногоон талбайн гадна Ливэрпүүлийг сурталчилахад томоохон үүрэг гүйцэтгэж чадах нь дамжиггүй. Тэрээр Ливэрпүүлийн мэнэжэрээр ажиллаж байх үедээ акэдемид их анхаарал тавьж ажиллаж байсан бөгөөд тэр Ливэрпүүлд эргэн ирвэл энэ талаар ч бас санаа тавихаа мартахгүй байх. Зарим эх сурвалжууд Манчэстэр Юнайтэд дахь Бобби Чарлтоны нэгэн адилаар Ливэрпүүлийн удирдлагуудын бүрэлдэхүүнд орж ажиллаж магадгүй талаар бичээд эхлэсэн байна.
- Жон Барнс
Мэдээж тэр эргэн ирвэл Кэнни Далглишийн нэгэн адил элчин төлөөлөгчийн дүрээр л эргэн ирэх болов уу. Гэхдээ тэрээр Ливэрпүүлийн нэрийн өмнөөс ярих болно. Суарэзын асуудал дээр Барнсын хэлж байсан үгс зэрэг нь цэгцтэй ойлгомжтой, шулуун шударга байсан. Тэрээр аливаа зүйлийг учир шалтгаантай, боловсон боловч сэтгэл хөдлөлтэйгээр илэрхийлж чаддаг. Брэндан Рожэрс клубын амьд домгуудыг клубт эргэн харахыг хүсч байгаа бөгөөд эхнийх нь Барнс байж магадгүй юм.
Товчхондоо Фэнуэй Спортс Групп энэ зун Анфилдэд өргөтгөл хийж, багийн удирдлагуудыг томилж, Кэнни Далглишийг захирлуудын зөвлөлд оруулж, Жон Барнсыг клубын элчин төлөөлөгчөөр авч, мэдээж наймааны цонхоор амжилттай ажиллаж чадвал ирэх улирал гайхалтай өнгөтэй харагдаж байгаа юм.
эх сурвалж: ливерпүүлфс.мн Нисдэг Чэстмир