Төрийн албан хаагчдын буруу шийдвэрээс болж өнөөдөр маш олон оршин суугч хохироод байна.
Тодруулбал Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орших “Голден парк” хотхоны 3000 гаруй оршин суугч гудамжинд гарах дээрээ тулжээ. Учир нь “Материал импекс” компани тус хотхоны газрыг “Бидний газар” хэмээн хуулийн байгууллагаар явж сүүлийн шатандаа ялалт байгуулсан аж.
Тиймээс оршин суугчид айдас хүйдэс дагуулан бид хэзээ хөөгдөх бол гэж сууж байна. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн О.Зандраа даргалагч шүүгчээр ажиллаж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Ц.Сумьяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдан шийдвэрээ “Материал Импекс”-ийн талд гаргасанд оршин суугчид их л эгдүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Уг нь өмнөх хоёр шатны шүүх болсон асуудлыг хууль журмын дагуу “Эко констракшн” компани авах нь үндэслэлтэй хэмээн шийдэж байжээ. Гэтэл одоо чухам яагаад өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрээ эрс үгүйсгэж “Материал импекс”-ийн талд шийдвэрийг гаргасан юм бол гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Оршин суугчид тухайн өдөр шүүхийн танхимд ард түмнээ хүндэтгэсэн шүүх хурал болно гэж их л итгэж байсан. Хэн нэгэн мөнгөтэй эрхмийн талд асуудлыг шийднэ гэж бодоогүй гэдгээ хэлж байсан юм.
Д.Бор: Газрын зөвшөөрөлтэй байсан болоод орон сууц барина биз дээ
Ингээд тус хотхоны оршин суугчдын төлөөл болох 302 дугаар байрны иргэн Д. Бор хэлэхдээ “ Би өнөөдөр энэ хотхонд байр худалдаж авснаараа хохирох нь шиг байна.
Энэ 301, 302, 303 дугаар байрны оршин суугчид сүүлийн нэг сар орчмын хугацаанд маш хэцүү байдалтай байна. Өнгөрсөн сарын 6-нд Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг даргалагч О.Зандраа гэдэг хүний балгаас болж олон мянган оршин суугч хохироод байна.
Бид нэг л юмыг их гайхдаг. Учир нь тухайн үед манай хотхоныг барьж байхад “Материал импекс” компани “Эко констракшн”-ы барилгыг яагаад зогсоогүй юм бэ. Асуудлын гол нь энэ л байгаа биз дээ.
Энгийн хүний нүдээр харахад мэдээж “Эко констракшн” газрын зөвшөөрөлтэй, барилга барих зөвшөөрөл болон бусад холбогдох бичиг баримт нь хууль ёсны дагуу болоод л барилга ашиглалтад орсон байж таарна биз дээ.
Үнэхээр хүний газарт барилга барьсан бол нөгөө айхтар Улсын комисс энэ хотхоныг хүлээж авах уу.
Сая бол шүүх шийдвэрээ ерөөсөө л “Материал импекс”-ийн захирлын талд гаргасан шүү дээ. Ер нь бол айлын хашаанд зөвшөөрөлгүй орж барилга барих хүн байх уу. Хоёр компанийн захирал хоорондоо ямар нэгэн гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр энэ олон барилгыг барьсан байж таарна шүү дээ.
Бид энэ талаар олж сонсох нь ээ хоёр тал хоорондоо тохиролцоо хийсэн юм билээ. Одоо түүн дээрээ тохирохгүй болохоороо “Материал импекс” ийм муухай хударгагүй зан гаргаж байгаа гэсэн. Энд чинь нэг компанийн эрх ашиг яригдахгүй 700 гаруй өрхийн 3000 оршин суугчийн эрх ашиг эхний асуудал болж хөндөгдөх ёстой. Гэтэл шүүх хэн нэгэн мөнгөтэй эрхмийн талд үйлчилж хоёр шатны шүүхийн шийдвэрийг илтэд үгүйсгэж “Материал импекс”-ийн талд шийдвэрийг гаргаж болохгүй л баймаар юм.
Шүүхийн ийм балиар шийдвэрээс болж зарим нэг оршин суугч өнөөг хүртэл байрны ордероо гаргаж авч чадаагүй байгаа. Энд чинь өр зээлтэй маш олон хүн байгаа шүү дээ.
Уг нь бид орон сууцандаа ороод хоёр жил гаруй болж байна. Яагаад өмнө нь энэ асуудлыг ярьж байгаагүй юм бэ гэдэг сонин. За ер нь шүүхийн шийдвэр “Материал импекс”-ийн талд гарлаа. Одоо тэд тэгээд яах вэ. Энэ их өртгөөр боссон орон сууцуудыг нураах юм уу. Оршин суугчид бүгд л миний ярьсныг хэлэх байх. Тиймээс төр, засаг энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол олон мянган иргэн гудамжинд гарах дээрээ тулаад байна шүү гэдгийг дамжуулмаар байна” гэлээ.
Биднийг ийнхүү оршин суугчидтай уулзаад явж байхад маш олон иргэн Улсын Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа хэлэхийг хүссэн юм.
Г.Цэцэг: Хоёр компанийн захирал тохиролцож чадаагүй юм байлгүй
Тус хотхоны 301 дүгээр байрны оршин суугч Г.Цэцэг “Үнэхээр энэ газар “Материал импекс” компанийнх байсан юм бол анхнаасаа барилга бариулахгүй байх боломж байсан шүү дээ. Тухайн он жилүүдэд өөрсдөө харилцан тохиролцож барилга барьчихаад одоо иймэрхүү асуудал гаргасан нь сонин байна.
Хамгийн гол нь 700 өрхийн 3000 гаруй оршин суугчийн эрх ашиг энд хөндөгдөнө гэдгийг яагаад “Материал импекс” компани бодолцоогүй юм бэ.
Ашиглалтад орохоос өмнө газрын асуудлаа шийдэх цаг хугацаа болон боломж байсан гэж бодож байна. Тэд хоорондоо тохиролцсоны үндсэн дээр энэ хотхон баригдсан болж таарна.
Хэрвээ зөвшөөрөлгүй барилга барихаао бол газар ухаад ирэнгүүт л асуудал үүсэх ёстой биз дээ. Тухайн үед одооных шиг асуудал үүсгэж зарга хийгээгүй мөртлөө олон айл өрх орсон хойно нь биднийг ингэж хохироож болохгүй баймаар санагдах юм. Саяны шүүхийн шийдвэр гарснаас хойш бид айдастай амьдрах болоод байна. Тэд өөрсдийн танил талаа харж шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа.
Тэгээгүй юм бол яагаад өмнөх хоёр шатны шүүх “Эко констракшн” компанийн талд гаргаж байсан юм бэ.
Бид “Эко”-г хууль ёсны зөвшөөрлийн дагуу барилга барьсан гэж бодож байгаа. Энэ олон жилийн хугацаанд чимээгүй байчихаад одоо ингэж байгаа нь сонин шүү дээ. Одоо газрыг чөлөөлүүлнэ гээд оршин суугч биднийг хүчээр гудамжинд хөөж гаргах гээд байгаа юм уу.
Өчнөөн олон сая төгрөгөөр дундаж амьдралтай бид зовлогоо зовоож авчихаад хэн нэгэн мөнгөтэй эрхмийн балгаас болж орон байраа алдана гэж байхгүй.
Тэгээд ч энэ хотхон “Эко констракшн” компанид ямар ч хамаагүй байх. Тэд барилгаа бариад оршин суугч бидэнд худалдаад явсан хүмүүс. Тиймээс тус компани биднийг хамгаалах биш. Бид өөрсдийгөө хамгаалах ёстой гэж бодож байна.
Цаашид байдал яах эсэх нь тодорхойгүй хүнд байна. Иргэд бид тэмцээд ч мөнгөтэй компанийг дийлэхгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээсэн. Тиймээс Ерөнхийлөгч энэ бүхнийг анхаарч иргэдээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Ямартай ч бидэнтэй уулзсан олон оршин суугч хамаг хашаа хороо, эд хөрөнгөө зарж, банкны өндөр болон бага хүүтэй зээлд хамрагдах гэж удаан хөөцөлдсөний эцэст орон сууцтай боллоо гэж баярлаж байсан. Гэтэл шүүх ард түмний талд биш зөвхөн эрх мэдэл, хөрөнгө мөнгө харж олон мянган иргэнийг шударга шүүхийн өмнө ийнхүү бөхийлгөж байна гэж хэлж байсан юм.
Тиймээс бид сүүлийн шатанд заргаа авсан гэх “Материал импекс”-ийг зорьж холбогдох албаны хүмүүсээс нь үүссэн нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
Г.Аюушмаа: Оршин суугчдийг гудамжинд хөөж гаргах асуудал огт яригдаагүй
Ингээд тус компанийн Захиргааны хэлтсийн дарга Г.Аюушмаатай уулзахад “Анх бид газрын асуудлаар маргаан үүсгээгүй. “Эко констракшн” компанийн захирал О.Нямдаваа бидэнд хамтарч ажиллах санал тавьж байсан. Бид түүний хүсэлтийг хүлээж аваад 2007 онд хамтарч ажиллах гэрээгээ байгуулсан юм. Манай компани орон сууцны хороолол барих зөвшөөрлөө авчихсан байсан нь хамтарч ажиллах үндсэн шалтгаан болсон.
Яг энэ үед барилгын зураг гарчихсан, газар олголт нь хийгдсэн газрын төлбөр болон бусад бичиг баримтаа хууль ёсны дагуу л бүрдүүлсэн байсан. Гэтэл О.Нямдаваа “Би энэ барилгыг чинь барихад хөрөнгө оруулалт хийе. Би барилгын том компанийн мэргэжлийн хүн. Танайх газраа чөлөөлж өг гэсэн юм.
Бид арван зургаан давхар дөчин барилга барих гэж байсан. Товчхондоо манай эзэмшил газар дээр л энэ барилгыг барихад өөрийнхөө ажилчдын хөрөнгө оруулалтаар хийх ёстой байсан юм.
Хэрвээ тэд барилгыг хууль журмынх нь дагуу барьсан бол бидний хооронд ашиг хуваах асуудал яригдах ёстой байсан. Бид хамтарч ажиллаж байгаа учраас эхний ээлжинд газраа чөлөөлж өгсөн. Ингээд 2007 оны сүүлчээр газар шорооныхоо ажлаасаа эхэлсэн. Гэтэл гэнэт 2008 онд О.Нямдаваа танай газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байна гэх мэдээлэл бидэнд ирэхэд эхэндээ итгээгүй л дээ.
Тэгээд үнэн худлыг нь шалгахаар Нийслэлийн газрын албан дээр очиж асуухад “Тийм зүйл байхгүй ээ” гэж хэлсэн боловч О.Нямдаваад 2008 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 188, 877 тоот захирамжуудаар түүний нэр дээр шилжүүлсэн байсан. Үүнийг би бүтэн гурван жил хөөцөлдсөний эцэст буюу 2011 оны тавдугаар сарын 11-нд захирамжийг нь олж авсан. Биднээс энэ захирамжийг нууж маш их цаг хугацаа алдуулсан. Энэ хооронд нөгөө эхлүүлсэн барилга чинь баригдаад байгаа шүү дээ.
Үүнээс 101-107 гэсэн долоон барилга баригдаж байгаа. Бид аргаа бараад “За яах вэ барилга нэгэнт баригдчихлаа. Одоо баригдаагүй үлдсэн гурван барилгын газраа буцааж авъя гэхэд” тэд боломжгүй гэх хариултыг өгсөн. Товчхондоо Нийслэлийн газрын алба бидэнд мэдэгдэхгүйгээр захирамж гаргасан гэсэн үг.
Энэ хооронд бүх газрын төлбөр тооцоо болон хууль ёсны бичиг баримт бидний нэр дээр яваад байгаа шүү дээ. Тиймээс л анх О.Нямдаваад гаргасан газрын захирамжийг олж аваад анхан шатны шүүхэд хандсан. Хандахдаа “Хууль бусаар газар шилжүүлсэн асуудлыг шалгаж өгнө үү” гэж хүссэн.
Гэтэл анхан шатны шүүх авч хэлэлцээд “Эко констракшн” компанийн барилгын ажлыг түдгэлзүүлсэн. Гэтэл тус компани шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэлгүйгээр барилгаа барьсаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэртэй золгосон.
Тус шүүхээс дээрх хоёр захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан.
Хэрвээ энэ бүх шүүхийн шийдвэрийг “Эко” компани хэрэгжүүлсэн бол өнөөдөр асуудал ийм дээрээ тулахгүй байсан. Тэдний энэ шоронгийн байрнаас долоон дор барилгыг хүлээж авсан Улсын комисс болон мэргэжлийн хяналтынхан маш их буруутай.
Товчхондоо тус компани барилга эхлүүлэх зөвшөөрөл болон газрын зөвшөөрөлгүй байсныг нь МХЕГ мэдсэн хэрнээ бариулсанд тус газрыг бас шүүхэд өгсөн. Мөн бид Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргахдаа” Хүн амьдрах орчин байхгүй. Хорих ангийн барилгаас долоон дор барилгыг Улсын комисс буюу МХЕГ хүлээж авлаа” гэж гаргасан.
Уг нь энэ орон сууц “Материал импекс” гэсэн хороолол бий болох ёстой байтал “Голден парк” болгож бүхий л зүйлийг нь өөрчилж өөрсдийн хувийн мэт болгосон. Энэ барилгуудыг нэгэнт хууль зөрчигдөөд баригдсан гэдгийг мэдсээр байж зогсоохгүй бариулсан төрийн албан хаагчдийг л буруутгаж байгаа юм.
Ер нь шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелүүлэх төрийн байгууллага нь алга байна. Тиймээс бид Баянгол дүүргийн цагдаад хандаж барилга хүлээж авсан Улсын комиссынхонд Эрүүгийн хуулийн 258.1 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Уг нь энэ анх иргэний хэрэг байсан. Гэтэл одоо эрүүгийн хэрэг болчихоод байна шүү дээ. Нэг ёсондоо эл хотхон нь хүний эрүүл аюулгүй амьдрах орчныг зөрчсөн барилгууд гэж мөн холбогдох газруудад нь хандсан.
Монголын нийт ард түмэн 1954 оноос өнөөг хүртэл энэ газар манай эзэмшлийн нэр дээр байсан гэдгийг мэдэх байх. “Эко” бидний бүх нэр усыг өөрчилж гэрээгээ зөрчсөн. Эрүү үүсгэсэн хэргийг шүүх зөв шийдсэн. Түүнээс энд манайхаас ямар ч нөлөөлөл ороогүй гэдгийг баттай хэлэх байна. Бүх зүйл шударгаар явагдсан. Хэрэв та нар шаардлагатай гэвэл энэ олон бичиг баримттай танилцаж болно.
Бид өнөөдөр шүүхэд ялснаараа тэр олон оршин суугчийг хөөж гаргана гэж байхгүй. Энд зөвхөн буруу шийдвэр гаргасан төрийн албан хаагчдыг яах вэ гэдэг асуудал яригдаж байгаа болохоос биш.
Оршин суугчдийг гудамжинд хөөж гаргах асуудал огт яригдаагүй. Эцэст нь хэлэхэд “Эко констаркшн” компанийн захирал О.Нямдаваатай үгсэн хуйвалдаж хууль бусаар газар олголт хийсэн газрын албаны тухайн үеийн дарга асан Ц.Сандуйг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ нөхөр л бүх хуйвалдааныг хийсний үндсэн дээр асуудал өдгөө ийм байдалд хүрчихээд байна” гэлээ. Үүний дараа бид Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгч О.Зандраатай уулзах гэсэн боловч “Хууль ёсны дагуу асуудлыг шийдсэн. Хэн нэгэн мөнгөтэй эрхмийн талд үйлчилсэн зүйл байхгүй” гээд дараагийн шүүх хуралдаа орохоор явсан юм.
Ямартай ч бид өнөөдөр эрх ашиг нь зөрчигдсөн 3000 гаруй оршин суугчийн санаа бодлыг олон нийтэд үнэн зөвөөр хүргэхийг зорьсон юм. Харин “Материал импекс” компанийн зүгээс оршин суугчдийг гудамжинд хөөж гаргах асуудал огт яригдаагүй. Зөвхөн хууль ёсны зөвшөөрөлгүй барилгыг хүлээж авсан МХЕГ болон Улсын комиссынхныг шалгуулах тухай асуудал яригдсан гэдгийг хэлж байсан.
Тэгэхээр төрийн албыг залгуулж буй хариуцлагагүй нөхдийн өмнөөс банканд өртэй 3000 гаруй оршин суугч хохирох ёсгүй гэдгийг хэлэх нь зүйн хэрэг байх. Бид дараагийн дугаартаа болсон үйл явдлыг үргэлжлүүлэн хүргэх болно.
Үргэлжлэл бий…