Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан Ховд аймагт битүү худалдааны төв барих асуудал биелэлээ олж, 500 гаруй бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн будаг нь үнэртсэн шинэ зах ашиглалтанд орлоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 3,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8000 мкв талбай бүхий, 500 түрээслэгчийн багтаамжтай битүү худалдааны төвийн нээлт, ёслолын тууз хайчлах арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдав. Нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Д.Батцогт, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ын дэд сайд Э. Тамир, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан нарын аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, гүйцэтгэгч компани, иргэд олон нийтийн төлөөлөл оролцлоо. Энэхүү бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 6 сард ажил нь эхэлсэн бөгөөд Ус-Орчин ХХК барьж ийнхүү ашиглалтанд хүлээлгэж өглөө.