Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээний 74 хувийг импортоор хангадаг

images2013 онд Монгол Улс 26.6 сая литр буюу 45.2 тэрбум төгрөгийн сүү үйлдвэрлэсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар нэмэгдэж, 4.5 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн онд сүү, сүүн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээ өмнөх 2012 оныхоос 12.4 хувиар нэмэгдсэн бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 5.9 хувиар нэмэгдсэн байна. 2013 онд үйлдвэрлэсэн 26.6 сая литр сүүний 44.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг тухайн ондоо борлуулсан болохыг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Гэхдээ Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээний 74 хувийг импортоор хангадаг бөгөөд Гаалийн Ерөнхий газраас мэдээлснээр Монгол Улс энэ оны нэгдүгээр сард Шинэ Зеландаас 478 тоннын 2.3 сая ам.долларын өтгөрүүлсэн, хуурай сүү, цөцгий импортолсон байна. Монгол Улсын Засгийн газраас импортыг орлох 776 төсөл хүлээн авснаас 7.7 орчим хувь нь буюу 60 нь сүүний төсөл байсан байна. Түүнчлэн “АПУ”компанийн сүүний үйлдвэр, “Витафит инвест” компанийн “Өглөө” сүүний үйлдвэр, “Сүү” компани, “ТЕСО” зэрэг сүү боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг сайжруулах зорилгоор 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа болохоо Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээлж байна.

Цаашид 2016 оныг хүртэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, үнээний шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот орчимд дунджаар 100 км-ын радиуст тус бүр 300 сүүний чиглэлийн үнээ бүхий 15 саалийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн аж ахуйг цогцоор байгуулахаар ажиллаж байгаа болохоо салбарын яамнаас танилцууллаа.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …