Түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг орон нутагт хэзээнээс олгох талаар лавласан иргэнд “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн нөөц дууссан тул шинээр хэвлүүлж байна. Энэ 7 хоногт багтаан ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр аймгуудын хэрэгцээг саадгүй хангана” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээлжээ.
Өндөр настнуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч гэсэн хүсэлтийг “11 11 төв”-өөр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлжээ. Тэтгэвэр барьцаалан зээл олгох нь банкны үйлчилгээний журмаар шийдэгддэг. Тэтгэвэр авагчдын тэтгэврийг бодож өгөх үндсэн чиг үүрэгтэй манай байгууллага банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарласан байна.
2013 оны 11-12 дугаар сард Төв, Өвөрхангай, Говьсүмбэр аймагт очиж дадлага хийсэн МУБИС-ийн оюутнуудын тэтгэлэг хэзээ олгогдохыг лавласан иргэнд “Дадлагын тэтгэлгийг 3 дугаар сард олгохоор Сангийн яам хуваарь хийсэн байна. Энэ талаар Сургалтын төрийн сангаас 9909-6868 дугаарын утсаар холбогдон лавлах боломжтой” гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариулжээ.
Хүнсний талон олголт хэзээ хүртэл зогсоод байгааг Ховд аймгийн иргэн Дашхүү асуусан байна. Хүнсний талон олголтыг 4 дүгээр сар хүртэл түр зогсоосон гэж Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл өгчээ.
Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тавьсан шинэ зам эвдэрчэхэллээ. Том оврын машинууд даац хэтрүүлэн ачаа тээвэрлэдэг ньзам эвдрэх гол шалтгаан болж байна. Иймд даац хэтрүүлсэн машиныг торгодог систем, эсвэл ийм зөрчлийг хянаж, хариуцлага тооцож ажиллах газар хэрэгтэй байна гэж орон нутгийн иргэн санал дэвшүүлжээ. Хил рүү тавьж байгаа 1234км авто замын ажлын хүрээнд Замын-Үүд-Сайншанд чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгслийн жинг хэмжих авто пүү байрлуулж байна. Дээрх төхөөрөмж энэ онд ашиглалтад орсноор даац хязгаарлах боломжтой болно гэж Зам тээврийн яамнаас хариулсан байна. Зам барилгын компаниудад тавих шаардлагыг өндөржүүлэх чиглэлээр чухам ямар ажил хийж байгааг тодруулсан иргэнд мөн тусхариулт өгчээ. Бүх жиннь 44 тонноос илүүгүй, уртнь24 метрээс ихгүй тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглах ёстой. Веннийн конвенцид нэгдсэн орнуудад мөрддөг энэ шаардлагад нийцүүлэн манай улс автозамын бүтээц, хийцийг гаргадаг. Гэхдээ Монголд үүсдэг нөхцөл байдлын улмаас автозамын хийцийг өөрчлөхөөр судалгаа хийж эхэлсэн гэж тэд онцолжээ.
Арьс ширний урамшуулалд олгож байгаа мөнгөөр арьс ширний үйлдвэрүүдийн нэгдсэн цэвэрлэх байгууламж байгуулбал илүү зөв шийдэл болно гэж санал дэвшүүлсэн иргэнд ийм чиглэлийн ажил эхлээд явж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас танилцуулсан байна.
Байрны төлбөрөө сар бүр хугацаандаа төлдөгатал хугацаа болоогүй байхад буюу сар бүрийн 15-нд цахилгааны төлбөрийн нэхэмжлэл ирдэг нь хүндрэлтэй байна. Үүнийг жигдэлж, зохицуулж болох уу гэсэн иргэнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн инженер Өлзийбаяр хариулт өгчээ. Тэрбээр “Төлбөр төлөлтийг сарын турш жигд хуваарилахын тулд манай компани цикл үүсгэсэн юм. Танайх 3-р циклийн хэрэглэгч учир тоолуурын заалтыг нь сар бүрийн 11-15-нд бичиж,16-нд төлбөрийн нэхэмжлэлийг банкинд хүргэдэг. Иймд та 16-31-ний хооронд төлбөрөө төлөх ёстой. Энэ хугацаанаас хэтрүүлбэл дараа сарын 1-ний өдрөөс тухайн хэрэглэгчийн эрчим хүчинд хязгаарлалт хийж байгаа” гэжээ. Сарын сүүлчээр ачаалал үүсгэдгийг өөрчилсөн энэ зохицуулалт хэрэглэгчдэд амар дөхөм болсныг ч нэмж дурьдсан байна.
Энэ мэтчилэн нийгмийн олон салбарын асуудлаар энэ долоо хоногт 1204 иргэн “11 11 төв”-д санал хүсэлтээ илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.