Бид өмнөх 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 032 дугаартаа “Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хүн амины хэргийг үгсэн дарагдуулсан уу” гэх гарчигтай сурвалжлага хүргэсэн билээ.
Өнгөрөгч есдүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 25 настай эмэгтэй найз залуугийнхаа гэрт учир битүүлгээр амиа алдсан. Талийгаач Ж.Мөнхчимэг амиа алдахаасаа өмнө эгч болон найз руугаа залгаж “Манай найз залуу Ж.Мягмардорж намайг алах гээд байна” гэж хэлсэн байдаг.
Хэргийг шалгасан мөрдөн байцаагч талийгаачийг “Гадны нөлөөгүй нас барсан” гэж үзсэн бол ар гэрийнхэн нь охиноо “Найз залуу Ж.Мягмардоржийнхоо гарт амиа алдсан” гэж хардаж байгаа юм.
Ямартай ч бид талийгаач Ж.Мөнхчимэгийн үхэлд ямар нэгэн сэжмээр холбоотой байж болзошгүй гэх найз залуу Ж.Мягмардоржийн талаарх мэдээллийг цуглуулах үүднээс түүнтэй ойр дотно явсан хэд хэдэн хүнтэй уулзсан. Хачирхалтай нь тэдний ихэнх нь “Ж.Мягмардоржоос айж байна” гэх шалтгаанаар ярилцлага өгөхөөс татгалзсан юм.
Г.Ариунзаяа: Найз маань амиа хорлох хүн биш ээ
Юутай ч бид талийгаач Ж.Мөнхчимэгийн ойрын найз нарынх нь нэг гэгдэх бүсгүйг олж уулзсан. Тэрбээр анхандаа сонинд ярилцлага өгөхөөс татгалзсан төдийгүй өөрийнхөө зураг болон нэрийг тавиулахыг хүсээгүй юм. Улмаар “Зургийг чинь тавихгүйгээс гадна нэрийг нь өөрчилнө” гэж ятгасны эцэст хэргийн талаар дараах зүйлийг тодрууллаа.
-Талийгаач Ж.Мөнхчимэг та хоёр хэр ойр дотно байсан бэ?
-Бид олон жил нөхөрлөсөн. Бүх зүйлээ л надад ярьж, хэлдэг найз минь байсан.
-Тэгвэл талийгаачийн найз залуу Ж.Мягмардоржийг танина гэсэн үг үү?
-Танина.
-Тэд хэзээнээс ойртож дотноссон юм бол?
-Яг хэзээнээс гэдгийг нь сайн мэдэхгүй. Миний бодож байгаагаар 2010 онд л танилцсан юм шиг байна лээ. Найз маань надтай 2012 оны гуравдугаар сард Ж.Мягмардоржийг танилцуулсан. Тухайн үед би найздаа “Чамаас бараг 20 насаар ах юм байна, болиоч” гэж хэлдэг байсан.
-Харин талийгаач хариуд нь юу гэдэг байв?
-“Би Мийгаатай амьдрахгүй, яваандаа л болино. Одоохондоо салж чадахгүй байна. Найз нь хайртай болчихсон юм шиг байна” гэж ярьдаг байсан.
-Ж.Мягмардоржийг өмнө нь эхнэр, хүүхэдтэй байсан гэдгийг нь мэдэх үү?
-Мэднэ.
-Өмнөх эхнэрээ зоддог байсан гэсэн. Талийгаачийг зодож дарамталдаг байв уу?
-Үгүй ээ. “Найзыг нь зодож зовоож байна” гэж надад нэг ч үг хэлж байгаагүй. Тэр хоёр үе үе л муудалцаж хэрэлддэг байсан.
-Ингэхэд Ж.Мягмардорж ямар зан ааштай хүн бэ?
-Ер нь л түргэн ууртай. Өмнө нь юм, юм л хийдэг байсан гэсэн. Бидэнд болохоор хотод цагдаа байсан гэж хэлдэг. Одоо бол зах дээр хувиараа бизнес эрхэлдэг.
-Талийгаач амиа алдах өдрөө чамтай ярьсан уу?
-Тийм ээ.
-Яг юу ярьсан юм бол. Амиа хорлох тухайгаа хэлсэн үү?
-Нас бардаг өдрөө 11:00 цаг өнгөрч байхад “Нөгөөх чинь хотоос гарчихсан гэнэ. Найзыг нь ална гээд байна. Найз нь эртхэн ажил руугаа явлаа” гэж мессеж бичсэн. Бас “Найз нь эм уугаад хүүхдээ авахуулчихсан. Ж.Мягмардоржид зулбачихлаа гээд хэлчихсэн. Хоёулаа үгээ тааруулья” гэж ярьсан. Ямар ч байсан найз маань амиа хорлох хүн биш ээ. Найзыгаа байхгүй болчихсон гэдэгт одоо хэр нь итгэдэггүй. Найз маань надтай ярихдаа ахындаа байсан. Тэр өдөр бэр эгч нь хүртэл байхгүй байж таарсан. Бүх зүйлийг цаанаас нь зохион байгуулчихсан ч юм шиг, үнэхээр сонин. /Уйлав/
-Ингэхэд талийгаачийн амиа алдсан байранд Ж.Мягмардорж ганцаараа амьдардаг байсан хэрэг үү?
-Тийм ээ, талийгаач тэднийд хонож өнжөөд л явдаг байсан. Ж.Мягмардорж найзыг маань ажилд оруулж өгсөн. Урагшаа Эрээн рүү хоёр, гурван ч удаа хамт явсан. Бие биедээ хайртай хүмүүс хамт зургаа авахуулж болно оо доо. Гэтэл талийгаач найз маань дандаа ганцаараа зургаа авахуулсан байдаг.
Дээр нь Ж.Мягмардорж хотод олон цаг байх хүн биш. Шууд л наашаа явах хүн. Миний бодлоор 11:00 цагийн үед хэдийн хотоос гарчихсан байсан байх.
-Таныг тухайн үед хэргийн газарт очсон гэж сонссон. Цагдаад анх дуудлага өгсөн хүн нь Ж.Мягмардорж гэсэн үү?
-Тийм гэсэн. Над руу эгч нь залгаад “Дүү маань утсаа авахгүй байна. Ажилдаа ч очоогүй гэнэ. Чи нөгөөдхийнх нь гэрт очоод үзээд өгөөч” гэсэн. Намайг 18:00 цагийн үед очиход цагдаа нар хэдийн ирчихсэн байсан.
–Тэгээд таныг дотогш оруулсан уу, талийгаачийн цогцсыг харахад ямар нэгэн зодуулж, цохиулсан шарх сорви анзаарагдаагүй юу?
-Сайн харж чадаагүй ээ. Цагаан даавуугаар бүтээчихсэн байсан. Би зөвхөн нүүрэн хэсгийг нь л сөхөж харсан. Хөхөрч хавдаад аймаар л болчихсон байсан. Харин найз маань гэртээ өмсдөг цамцтайгаа байсан.
-Тухайн үед Ж.Мягмардорж юу ярьж байх юм бэ?
-Мэдэхгүй ээ, ерөөсөө уулзаагүй. Бараан царайтай амьтан л байсан. Тэр өдрөөс хойш нэг ч таараагүй. Уг нь зах дээр наймаа хийдэг байсан. Саяхан явахад байхгүй байна лээ. Дүү нь зогсдог байсан юм. Огт танихгүй хүмүүс зогсож байна лээ.
Бидний яриа ийн өндөрлөв. Тэрбээр “Нөхөр бид хоёр нэг хэсэг “Яана аа, биднийг орж ирээд алчих вий” гэж бодоод унтаж чаддаггүй байсан. Ямар сайндаа л гэртээ биш найзындаа очиж хонодог байлаа. Одооноос л гайгүй болж байна” гэв.
Н.Адьяа: Ж.Мягмардорж цочир ууртай, хэнийг ч гүжирдэж мэдэх хүн
Хууль хяналтынханаас эхлээд ойр дотныхон, таньж мэддэг хүмүүс нь хүртэл Ж.Мягмардоржийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Бид Ж.Мягмардоржоос таван жилийн өмнө салсан эхнэрийнх нь ээж Н.Адьяатай холбогдсон юм. Тэрбээр мөн л түүнээс айж байгаагаа хэлээд уулзахаас татгалзав. Харин утасны цаанаас хэдэн асуултад хариулахыг зөвшөөрсөн тул дараах зүйлийг тодруулсан юм.
Түүний ярьж буйгаар Ж.Мягмардорж охинтой нь 10 гаруй жил ханилжээ. Ингэхдээ хоёр ч хүүхэдтэй болсон бөгөөд салахдаа танил талаа ашиглан шүүхийн шийдвэрийг өөрийнхөө талд гаргуулан хүүхдийн тэтгэмж тогтоолгоогүй аж.
-Ж.Мягмардорж охинтой чинь хэдэн жил ханилсан бэ?
-Өө, их олон жил ханилсан. Том охин нь одоо 15 хүрч байна.
-Яагаад салчихсан юм бэ?
-Охиныг минь байнга зоддог байсан. Тэгээд л хоёр тийшээ болсон.
-Ингэхэд Ж.Мягмардорж зан аашны хувьд ямар хүн бэ?
-Айхтар цочир ууртай. Их түрэмгий зантай хүн. Уурласан үедээ хэнд ч бүдүүлэг ааш авир гаргаж чадна. Өөрийгөө хамгаалж л байвал бусад нь хамаагүй, юу ч хийж мэдэх нэгэн. Ямар ч хэрэгт орооцолдсон хэнийг ч хамаагүй гүтгэж, гүжирдээд нэр цэвэр үлдэж чадах хүн байгаа юм.
Үүнээс гадна мөнгөнд их дуртай. Их л олон хүүхэнтэй холбогдож явдаг. Чухам юуны төлөө тэгж явдгийг нь мэдэхгүй. Мөнгөний төлөө ч тэгж явдаг байж мэдэх юм. Болж л өгвөл мөнгөтэй, боломжийн амьдралтай хүнийг ашиглаад хаячих бодолтой хүн дээ. Дээр нь их барьцгүй ааштай. “Миний ханиа, хайраа” гэж байснаа гэнэт барьж аваад зодож мэдэх нөхөр байгаа юм.
-Өмнө нь цагдаа байсан гэсэн. Хаана ажилладаг байсан юм бол?
-Улаанбаатар хотод цагдаа хийдэг байсан.
-Ямар цолтой юм бэ?
-Цол, мэргэжилгүй хүн шүү дээ.
-Охинтой чинь гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болсон ч хүүхдийн тэтгэмж тогтоолгоогүй гэж сонссон юм байна?
-Тийм ээ, тухайн үед шүүхийн шийдвэр гаргуулахдаа охиныг маань их гүжирдсэн. Шүүх хурал нь ч түүний талд орсон.
Харин саяхан шүүхээс хүүхдийн тэтгэмж төлүүлэх шийдвэр гарсан байна лээ. Тэгсэн боож үхэх шахам ууртай явж байгаа сурагтай байсан ч шүүхийн тэр шийдвэр хэрэгжиж байгаа ч юм байхгүй таг болчихсон.
-Ж.Мягмардоржийг хүмүүс Дархан-Уул аймагт танил тал ихтэй гэж ярих юм. Үнэхээр тийм юм уу?
-Ёстой мэдэхгүй. Амьтан хүнд хэдэн төгрөг өгөөд нааш, цааш нь болгоод явдаг юм уу гэхээс сайн мэдэхгүй юм.
Дахин сануулахад талийгаачийн ар гэрийнхэн эл хэргийн мөрдөн байцаалт дутуу явагдсан гэж үзэж байгаа. Түүгээр ч зогсохгүй Дархан-Уул аймгийн цагдаагийн газрынханыг хэт нэг талыг барьж ажилласан, бүр тодруулбал танил ихтэй, мөнгөтэй хүний талд үйлчилсэн хэмээн хардаж байгаа юм.
Гэхдээ талийгаач Ж.Мөнхчимэг үнэхээр амиа хорлосон, эсвэл найз залуугийнхаа гарт хороогдсон эсэх, хэрэг гарснаас хойш Ж.Мягмардорж яагаад ор сураггүй алга болсон, “Гадны нөлөөгүй амиа хорлосон” гэж үзсэн хэргээ хууль хяналтынхан ямар учраас дахин шалгаж эхлэв гэх мэт олон асуулт хариултгүй хэвээр байна.
Үргэлжлэл бий..