Э.Галбадрал: Тавантолгойн хувьцаа ирээдүйд өгөөжөө өгнө гэж найдаж байна

1-300x300Монголын хувьцаа эзэм­шигчдийн эрх ашгийг хамгаа­лах үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч, Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадралыг “Ярил­цах танхим”-даа урилаа. Түүнтээс Тавантолгойн ор­­доос эзэмших иргэдийн хувь­цаа болон удахгүй болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын  талаар байр суурийг нь сонслоо.

-Монголын хувьцаа эзэм­шигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассо­циаци сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байна вэ. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг тэргүүлдэг хүний хувьд Тавантолгойн хувьцаа ирээдүйд хэрхэхийг сонирхож явдаг байх?

-Манай ассоциаци бай­гуулагдаад гурван жил гаруй хугацаа болсон байна. Хувьцаа эзэмшигчдийн ассо­циаци нь Монголын хоёр сая 900 мянган иргэний хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж дуу хоолой болох зорилготой байгуулагдсан.Энэ хугацаанд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар тодорхой мэдээлэл өгч ирсэн юм.Хувьцаа эзэмшигчдийн холбооны тэргүүн Ж.Батзандан гишүүн маш олон ажлыг санаачилж хэрэгжүүлж байгаа.Мэдээж иргэдийн хамгийн ойрхон байнга анхаарал хандуулж ирсэн асуудал нь Тавантолгойн хувьцаа байна.Яагаад гэхээр Монголын бүх иргэн 1072 хувьцааны эзэн болсон.Урьд нь 1990 онд цэнхэр, ягаан тасалбар гэж тараагдсан.Гэвч тэр нь иргэддээ тэр бүр үр өгөөжөө өгч чадаагүй байдаг.Түүн шиг Тавантолгойн хувьцаа ч гэсэн тийм замаар үр дүнгүй өнгөрөх юм биш биз гэсэн айдас, болгоомжлол олон хүнд байдаг юм байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа иргэдэд хэзээ үр ашгаа өгөх вэ гэдэг иргэн бүрийн анхаарал хандуулах сэдвийн нэг байна.Та энэ талаар хэр мэдээлэлтэй байна?

-Монгол Улс өмнөх Засгийн газрын улс төрийн намын амлалтын золиос болж Тавантолгойн ордыг барьцаалаад БНХАУ-ын “Чалко” компаниас 250 сая ам.долларын зээл авсан. Энэ өрийг одоогийн Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компани дарах гэж үйлээ үзэж байна.Энэ их хэмжээний өрийн хагас нь барагдаж дууссан гэж байгаа юм билээ.Холбогдох хүмүүсийн хэлж байгаагаар энэ оны дундуур “Эрдэнэс тавантолгой” өрнөөсөө гарна гэж төлөвлөж байгаа.“Чалко” компанид өрөө барагдуулж дууссанаар борлуулах нүүрсний үнэ Монголын эдийн засагт шууд орж ирнэ.Баруун цанхийн олборлолтын ажлыг эхлүүлснээр экспортод гаргах нүүрсний хэмжээ нэмэгдсэн. Мөн нүүрсний үнэ цаашид Дэлхийн зах зээл дээр өссөнөөр Тавантолгойн ордоос их хэмжээний хөрөнгө босгох, эргээд “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа үр өгөөжөө өгөх байх гэж бодож байна.

-Иргэн бүр хувьцаа эзэмшигч болсон ч үр ашгийг нь хүртэх хараахан болоогүй байгаа гэх юм?

-Монгол  хүн бүр газрын доорх баялгаасаа ижил тэгш хувь хүртэх боломж бүрдэж байгаа. Түүний нэг нь Эрдэнэс Тавантолгойн ордын 1072 ширхэг хувьцаа юм.Сонгуулиар иргэдэд амласан 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө болох хувьцаа гэж хүн бүр мэддэг.Хувьцааг иргэд авсанаар хоног, сараар үр өгөөж хүртэж байх ёстой.“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа тохиолдолд үр дүнг нь хүртээд явах ёстой.Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр Тавантолгойн хувьцааны үнэ нэмэгдэхэд иргэдэд ирэх ноогдол ашиг нэмэгдэж байх ёстой.Тийм цаг үе ирнэ гэж найдаж байна.

-Хувьцаа иргэдэд үр дүнгээ өгөөд эхлэх үед бусдад хувьцаагаа зарах, шилжүүлэх эрх бий болох уу. Энэ нь иргэдийн эрх ашигт яаж нөлөөлөх бол?

-Хувьцаагаа шууд бусдад худалдах, 1990 онд тараасан цэнхэр, ягаан тасалбар шиг болгохгүй байх гэж найдаж байна. Иргэд ер нь хувьцааны талаар тийм сайн ойлголтгүй байгаа байх.Монголын хувьцаа эзэмшигч иргэд өөрсдөө энэ хувьцааны хомс мэдээллээс болж хохирох талтай зүйл ажиглагдаж байгаа.1990 оны өмч хувьчлалыг хувиарлах үед хөрөнгийн зах зээл, үнэт цаасны талаарх мэдээлэл хомс байснаасаа болж хохирсон хүн олон байдаг.Хөрөнгө мөнгөтэй, мэдээлэлд ойр хүмүүс хөрөнгийн зах зээлийг илүүтэй ойлгосон байдаг юм байна.Иргэд хөрөнгийн зах зээл, Тавантолгойн хувьцааны талаар ойлголт тааруу байна.Ийм үед үнэт цаас гаргаад мөнгө болгож аваарай гэдэг маань нэг талаараа буруу байж болох юм.Яагаад гэхээр 1990 онд цэнхэр, ягаан тасалбар гэж ойлгоогүй байтал тараагаад өгчихсөн.Үүнтэй адилхан зүйл давтагдахгүй байгаасай гэж хүсч байна.Тийм учраас өмнө нь хувьцааны талаар ойлголтыг иргэдэд сайн өгөх ёстой юм.

-Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнээс хамаарч Таван­толгойн хувьцааны үнэ цэнэ нь тодорхойлогдох байх?

-Тийм. Монгол Улсын эдийн засагт уул уурхай, тэр тусмаа нүүрсний салбар маш их нөлөө үзүүлж ирсэн.Нүүрсний салбарын хөгжилд хөрөнгийн зах зээлийн арилжаа хийгдэх нь маш чухал.Хөрөнгийн зах зээл нь хүчтэй үйл ажиллаагаа явуулж байгаа улс орнуудын эдийн засаг эрчтэй хөгжсөн байдаг юм байна.Гэхдээ одоо шууд Тавантолгой хувьцаа төдийд үр өгөөжөө өгнө гэж хэлэх нь эрт байна.Ирээдүйд Тавантолгойн хувьцаа өгөөжөө өгнө гэж найдаж байгаа.Тавантолгойгоос иргэн бүр хувьцаа эзэмших болсонтой холбогдуулан Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо илүү анхаарал хандуулж ирсэн юм.Тийм учраас хувьцааны үнэ цэн нь тодорхойлогдох үед манай холбоо илүү ач холбогдол өгч ажиллана.Түүнээс өнөөдөр Тавантолгойн хувьцаа үр дүнгээ өгөхгүй байна гээд шүүмжлээд байх шаардлагагүй. Харин ч өмнөх төрийн эрх барьж байсан намын алдааг засах гэж байгаа хүмүүсийн ажлыг дэмжээд явах ёстой болов уу.

-Та Багахангай дүүргийн Ардчилсан намын даргаар ажилладаг. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ротацийн сонгууль ирэх дөрөвдүгээр сард болох талаар яригдаж байна.Намын залуу гишүүдийн шахалт шаардлага ч байх шиг байна.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ротацийн хурлаа сүүлийн хоёр, гурван жил хийгээгүй юм билээ. Тиймээс залуусын шаардлагаар энэ дөрөвдүгээр сард болох гэж байх шиг байна. Намын дүрэмд мөн өөрчлөлт  оруулахаар ярьж байгаа юм билээ. Гэхдээ одоогоор намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал, ялангуяа ротаци явагдана гэсэн чиглэл намаас өгөгдөөгүй байгаа.Гэвч миний бодлоор аливаа нэг байгууллага байнга хөдөлгөөнтэй, хүний нөөцдөө өөрчлөлт хийж байх ёстой.Тухайлбал ус нэг газраа тогтоод урсахгүй бол өмхийрдөг шиг нам шинэ хүмүүсээр хүчээ сэлбэхгүй байж болохгүй. Харин ч голын ус шиг урсаж тогтмол сайн хүний нөөцөөр хангагдаж байх ёстой гэж хардаг.Тийм учраас Ардчилсан намын ротацийн хурал болох байх гэж бодож байгаа.Намын хорооны хурлууд ч энэ жил болно.Намын ротацийн хурлыг байнга явуулж байх ёстой ч намын эв нэгдэл чухал гэдгийг намын шат шатны байгууллагууд ойлгох ёстой.Ротаци явагдахгүй байна гээд эвдрэлцэх нь хаашаа юм.Иймд манай намын Багахангай дүүргийн Ардчилсан нам төв намынхаа, Нийслэлийн Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрт уялдуулсан олон ажлыг эхлүүлж байгаа.Ялангуяа намынхаа гишүүд, дүүргийнхээ иргэдэд хандсан ажлыг хийж байна.Нийслэл Улаанбаатар хотод маш их төвлөрөл бий болсон.Тийм учраас Багахангай нийслэл хотын дагуул хот болохоор нийслэлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.Энэ ажлыг хийхэд чиглэгдсэн ажлууд эхнээсээ хийгдэж байна.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь бараг дөрвөн жилийн хугацаатай томилогддог боллоо. Угтаа бол жил бүр ротаци хийгддэг байхаар намын дүрэмд заасан ч түүнийг нь дур мэдэн хасчихсан гэсэн.Танай намын ҮЗХ-ны гишүүдийг “Мөнхийн ҮЗХ” гэж хочилдог болсон гэх юм билээ?

-Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд хоёр гурван жил, бүр дөрөв, таван жилээр байх нь зохимжгүй. Гэхдээ намын эд эс нь болж намаа авч яваа, гар бие оролцож байгаа лидерүүд намынхаа Үндэсний зөвлөлдөх хороонд байж байх нь хэрэгтэй. Түүнээс сайн ажиллахгүй байгаа хүнийг ҮЗХ-ны гишүүнээр байлгаад байх шаардлагагүй. Байнга шинэчлэгдэж байх ёстой.Дөрвөн жилд нэг удаа ротацийн сонгууль болдог бол арай л боломгүй юм.

-Ардчилал намыг ардчилалгүй боллоо гэж намын доторх гишүүд болон бусад улс төрийн нам хүчнүүд ч шүүмжилдэг. Та дүүргийн анхан шатны намын хороог толгойлж буй хүний хувьд танд ийм зүйл анзаарагддаг уу?

-Ардчилсан намыг ардчилалгүй гэж хэлж байгаа нь буруу байх аа. Магадгүй хамгийн их ардчилсан, олон ургалч үзэлтэй нам бол Ардчилсан нам.Намын гишүүд дотроо шүүмжлэл өрнүүлж байгаа нь өөрөө ардчилсан байгаагийн нэг илэрэл.Ардчилсан намын ажилд оролцож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна.Ер нь манай нам Монголын улс төрийн хүчнүүдээс хамгийн их ардчилалтай нам гэж ойлгодог.Шинэ ажил, санаачилага бүхний эхэнд Ардчилсан нам явдаг.Тиймээс Ардчилсан намыг ардчилалгүй гэж хэлэх нь зохимжгүй юм.

Т.АМАРТҮВШИН

Улс төрийн тойм сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …