Гаальчид ингэж “машин өшиглөдөг” гэнэ, ГЕГ-ын дарга аа!

6kn37bgdkgmssf2c06ifru3sl2Гаальчид импортын ба­раа оруулж ирж байгаа ачааны машинаас улсад төлөх ёстой татварыг авалгүй, хилээр нэвтрүүлэхээ  “машин өшиглөх” гэдэг гэнэ. Нэг машин “өшиглөж” чадах юм бол дунджаар 15 сая  төгрөг тэдний халаасанд орж ирнэ. Түүнээс илүүг хийж чадвал бүр ч сайн хэрэг аж. Өөр зуураа  “Чи өнөөдөр хэдэн машин “өшиглөв”. Би гурвыг л “өшиглөлөө”, олиг­той юм хийж чадсангүй гэх яриа байдаг аж. Гаальчид иймэрхүү маягтай ажиллаж байхад өнөөдөр Монгол Улсын төсөвт орох ёстой мөнгөний дийлэнх хэний халаасанд  ордог гэдгийг тааж ядах юмгүй. Тиймдээ ч  гааль, мэргэжлийн хяналтын байцаагчид ашигтай мест хөөн ар гэрийнхнээсээ хол ажиллаж амьдарч чаддагт нэг их гайхах хэрэггүй  биз.

Хэдхэн хоногийн өмнө  Сэлэнгийн  гаалийн гурван байцаагч дөрвөн ачааны “машин өгшиглөсөн” байна. Тэд  энэ сарын 15-ны өдөр ОХУ-аас  бараа ачсан ачаа­ны дөрвөн машин Монгол Улсын хилээр орж ирэхэд  гаалийн байцаагч В.Батжар­гал “Дээрх  ачаатай машинуу­дыг ачаагүй хоосон” хэмээн гаалийн бүртгэлийн прог­рамм­даа худлаа бүртгэж оруулжээ.  Эхний байцаагч ачаатай машинуудыг  ачаа­гүй гэж бүртгүүлж чадсан тул пүүний байцаагч Б.Наран­жаргал машиныг саадгүй цааш нэвтрүүлэх ажилдаа орсон аж. Уг нь  ачаатай машиныг пүүлж ачааны жинг нь тогтоох ёстой.

Гэвч пүүний байцаагч Б.Наранжаргал  дээрх машинуудыг ачаатай гэдгийг нь мэдээгүй мэт хан­даж,  тухайн өдрийн хяналт шалгалтын байцаагч О.Жаргалан, П.Буянтогтох, Т.Саранжаргал нартай  хуй­вал­даж, гаалийн татвараас зугтаалган хилээр  гаргах зөвшөөрөл өгчээ.  Энэ хууль бус ажиллагааг анзаарсан  тухайн өдрийн ээлжийн ахлах байцаагч Ч.Өнөрбаяр  машинуудыг  хилээр нэвт­рэхийн өмнө нь зогсоосноор байцаагч нарын хэрэг илэрсэн байна. Ачаатай дөрвөн машиныг саатуулж  шалгахад дээрх байцаагч нар хууль бусаар үгсэн хуйвалдаж хилээр нэвт­рүүлэх гэж байсныг нь олж тогтоосон гэнэ. Тэр өдрийн ахлах байцаагч Ч.Өнөрбаяр “Юуны учир ачаатай маши­нуудыг ачаагүй хэмээн гаалийн бүртгэлд оруулж, татвараас зайлсхийхийг оролдсоныг”  бусад байцаагч нараасаа асуухад  тэд “Их хэмжээний өтгөрүүлсэн сүү  буюу  (молоко)  байгаа гэсэн. Ачаагүй машин гэж гаалийн бүрдүүлэлт нь орж ирсэн болохоор явуулсан” хэмээ­жээ.

Ахлах байцаагч Ч.Өнөр­баяр татварыг нь төлүүлэхээс нааш хилээр гаргаж болох­гүй” гээд гаалийн агуулахад машинуудыг саатуулсан аж. Гаалийн байцаагч нарын дунд болсон дөрвөн “машин өшиглөх” дөхсөн хэргийг нэг хоногийн дараа Тагнуулын байгууллагынхан мэдэж, энэ хэрэгт мөрдлөг хийж эхэлжээ. Шалгалтаар их хэмжээний өтгөрүүлсэн сүүний хайр­цаганд зөгийн бал хийсэн байсан бөгөөд өөр бараа бүтээгдэхүүн нуусан байж болзошгүй тул нэг бүрчлэн шалгах шаардлагатай бай­гаа гэнэ. Юутай ч хуйвалдсан сүүний оронд зөгийн бал хийсэн байсныг гаалийн бай­цаагчид мэдээгүй гэжээ. Ха­рин импортын бараа ачсан жолооч нар ч “Өтгөрүүлсэн сүү байгаа, ач” гэж хэлсэн гэнэ. Гаалийн байцаагч нар ачаа­тай машинуудыг  хоосон хэмээн гаалийн бүртгэлийн программдаа хаалт хийж, гаалийн татваргүй хэмээн    өөрсдийн тамгаа даран  Алтан­булагийн боомтоор хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан нь эртнээс зохион байгуулалттай болох нь илэрхий  хэмээн тагнуулын­хан үзэж байгаа юм байна.

В.Батжаргал нь тус гаальд 13 жил орчим ажиллаж байгаа бөгөөд П.Буянтогтох 20 жил, О.Жаргал  жил гаруй, Т.Саранжаргал нь ажлаа аваад сар ч болоогүй  бай­жээ. Тагнуулынхан энэ хэр­гийг илрүүлж, “Хэрэг зөрчил гарахад хуулийн байгуул­лагад яаралтай мэдэгдээгүй гэдгийг нь анхааруулж, хууль зөрчсөн ажилчдадаа арга хэмжээ ав” гэсэн сануулгыг гаалийн удирдлагуудад са­нуулсан байна. Гэтэл Сэлэн­гийн гаалийн удирдлагууд асуудлыг царцаагаад буй гэсэн мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан өгсөн юм.

Нэг ачааны машин дунджаар 5-20 тонн байдаг аж. Дээрх дөрвөн машиныг дунджаар арван тонн гэж бодох юм бол 40 тонн бараа болж таарч байгаа юм. Хүнсний бараа бүтээг­дэхүүний нэрлэсэн үнийн  26.5 хувийн татварыг манай улс авдаг аж. Өтгөрүүлсэн сүүний 10 тонн тутмаас  12-15 сая төгрөг татварт авдаг гэнэ. Зөгийн бал гэж тооцвол хэд дахин өндөр үнэтэй болох юм. Дөрвөн машины тонн тутмаас 15 сая авах ёстой гэж тооцвол нийт 60 сая төгрөгийн татвар улсад төлөх байсан байна. Хэрэв дээрх машинуудыг  гаалийн байцаагч нар “өшиглөж” чадсан бол дор хаяж 40 сая төгрөгийг авах боломжтой байсан тухай хууль хяналтынхан хэлж байгаа юм. Энэ бол гаалийнханд байнга шахуу санаатай болон санамсаргүй байдлаар тохиолддог  зүйл гэнэ.

Ийм явдалд гаалийн удирдлагууд сануулга өгөх төдийхнөөр өнгөрөөдөг учир “машин өшиглөх” арга нэлээд түгээмэл дэлгэрээд буй аж. Дээрх хэрэг бол зөвхөн илэрсэн нь.

Илрээгүй ийм хэрэг олон байхыг тааж хэлэхийн аргагүй. Нөгөөтэйгүүр  хугацаа нь хэтэрсэн импортын хүнсний бараа бүтээгдэхүүнүүд иймэрхүү байдлаар гаалийн байцаагч нарын гараар орж тэд  “машин өшиглөсний” буянаар  супер маркетуудад борлуулж ашиг олдог  байхыг үгүйсгэхгүй.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гаалийн татвараар төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө хуулийг сурталчлан ажиллах үүрэгтэй гаалийн байцаагчид нь өөрсдөө Хүнсний хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг  зөрчин Монгол Улсын  хилээр хоол, хор аль нь  орж ирж байгааг шалган тогтоох байтал  хууль бусаар гаргасаар  байгааг дээрх жишээ харуулж байна. Аравхан алхмын цаана байрлах Хиагтын хил дээр ачаатай гэж шалгагдсан машинууд арван минутын дараа Монголын хилээр ачаагүй болж ороод байхаар албан ёсоор гардаг Орос Монголын статистик мэдээ тэгж ихээр зөрүүтэй гардагт гайхах зүйл биш ажээ.

Дээрх  гаалийн байцаагчдын хууль бус үйлдлийн цаад зорилго нь юу вэ. Мэдээж авлига. Хэн нэгэн гаальд  төлөх татварынхаа тал хувийг өгөхөөр  ямар нэгэн шан харамж амлаагүй бол гаальд  өргөсөн тангаргаа умартан  ийм үйлдэл хийх вэ.

“Гаалийн байгууллага авлига, хүнд сурталгүй  болсон, төрийн албаны ёс зүйгүй, хууль бус юм хийсэн байцаагч нартаа хатуу арга хэмжээ авдаг болсон. Бид  авлигыг үүр уурхайгаар нь устгаж байгаа” хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдээд  байсан ГЕГ-ын дарга аа, танай салбарт ийм л явдал болоод өрнөөд байна.

  Г.ЯЛГУУН

Эх сурвалж: dnn.mn

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …