Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 22, 23-ны амралтын өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар Ус нуурын Төмөрт хэмээх газарт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт, НББСШУ-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, ГХЯ-ны дэд сайд Д.Ганхуяг, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж нарын албаны хүмүүсээс гадна аймаг орон нутгийн удирдлагууд, бүс нутгийн иргэд нийлсэн 8000 гаруй хүн оролцлоо. Анх Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газар санаачлан нутгийн иргэд төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгуулж байсан мөсний баяр 5 дахь жилдээ баруун бүсийн хэмжээний томоохон наадам болж өргөжиж байгаад таатай байна хэмээн энэхүү наадмыг санаачлагч, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан онцолсон юм.
“Мөнгөлөг шагшуурга” наадамд Ховд аймагтай зэргэлдээх БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн төлөөллөөс гадна Увс аймгийн удирдлагууд, гадаад дотоодын аялагч жуулчид өргөнөөр ирж оролцсон байна. Байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдыг 2016 гэхэд 5000 хүргэж орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах гол зорилготой тус наадамд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл оролцож, олон үндэстэн ястны урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрээсээ толилууллаа.
Наадмын үеэр аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн, урианхай мөсөн сурын харваа, олс таталт, сумо бөхийн тэмцээн, бүх нийтийн гүйлт, дээлтэй Монгол хүүхэд-2014 тэмцээн, цэнгээнт бүжгийн уралдаан, тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хос, тэмээтэй буухиа зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулж тус бүрт шилдгүүдийг шалгаруулахаас гадна нийлбэр дүнгээр багийн төрөлд шилдгийн шилдгийг шалгарууллаа. Тэмцээний нийлбэр оноогоон Дөргөн сум тэргүүлж цом, 1 сая төгрөгийн эзэн болсон бол Ховд их сургууль, Нисэх буудалын хамт олон тус тус удааллаа.
Наадамд оролцогчдод зориулж мөсөн хотхон хийхээс гадна баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээг гаргаж чадсанаараа онцлог болсон гэж оролцогчид ам сайтай ярьж байв. Тухайлбал Морин чарга поркат, фото зургийн үзэсгэлэн, чарга цана, тэшүүрийн поркат, морь тэмээгээр үйлчлэх үйлчилгээг зохион байгуулагчдын зүгээс нутгийн иргэдтэй хамтран хийсэн байна.
2 өдрийн туршид зохион байгуулагдсан баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын дараа аймгийн Байгаль орчны газар, нутгийн иргэдийн бүлэг нөхөрлөлтэй хамтран ариун дагшин Хар ус нуураа хамгаалж хогийг нь цэвэрлэлээ.