“Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдлыг харуулсан “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд өчигдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнг анх 2013 онд Энхийг сахиулагчдын 10 жилийн ойг тохиолдуулан БХЯ-ны гэрэл зурагчин МУСТА Ц.Баярсайхан санаачлан зохион байгуулж,Монгол Улсын бүх аймаг, тэдгээрт байрлаж буй Зэвсэгт хүчний 8 анги, холбооны 10 салбар, хилийн цэргийн отрядууд, Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги салбарууд, БХИС- д тус тус дэглэн  нийт 32000 гаруй үзэгч олны хүртээл болгосон бөгөөд анх удаа нийслэл хотноо олон түмэнд дэлгэн сонирхуулж байгаа нь энэ билээ. Монгол цэргийн музейн дэглэсэн энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Батлан хамгаалах яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан болон гэрэл зураг сонирхогчид, нийслэлийн иргэд хүрэлцэн ирсэн байлаа.

“Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” үзэсгэлэнд НҮБ-ын энхийг дэмжих болон Олон улсын 14 ажиллагаанд оролцсон Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн алба хаагчцэргийн ажиглагч, штабын офицеруудын гүйцэтгэсэн үүрэг, “Иракийн эрх чөлөө”, Афганистан дахь АНУ-ын тэргүүлсэн олон үндэстний “Тогтвортой эрх чөлөө”, “Нисдэг тэрэгний засварын хөдөлгөөнт баг”, Косово, Сьерра-Леон, Чад болон ТАБНУ, Хойд, Өмнөд Судан Улс дахь ажиллагаануудад цэргийн багуудын үүрэг гүйцэтгэсэн байдал болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Өмнөд Судан Улсад хийсэн айлчлал, үйл ажиллагаатай холбогдохгэрэл зурагчин Ц.Баярсайханы болон бусад цэргийн сэтгүүлчдийн авсан 200 гаруй түүхэн баримтат, сонирхолтой гэрэл зургуудыг дэглэн үзэгч олонд толилуулж байна.

Монгол цэргийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэсэн улс, орнуудын ард түмний аж амьдрал, дайн дажин, үймээн самууны хөлд нэрвэгдсэн хот, суурингийн байдал, байгалийн үзэсгэлэнг ч манай цэргийн сэтгүүлч, цэргийн алба хаагчдын дуран авайд хэрхэн буусныг манай үзэсгэлэнгээс үзээрэй. Мөн Монгол Цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд хэрэглэдэг цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, Ирак дахь цэргийн баазад болсон халдлагын үед  шатсан Монгол Улсын төрийн далбааны хэсэг,  дэлбэрсэн пуужингийн үлдэгдэл, минаны хэлтэрхий зэрэг бодит түүхийг өгүүлэх биет үзмэр, эд өлгийн зүйлийг үзэж сонирхож болно.

Дашрамд дурдахад, Монгол улсНҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувьд үүргээ биелүүлэн даян дэлхийн энхийн үйлст хувь нэмрээ оруулж,  2002 онд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд анхны ажиглагч офицероо илгээснээс хойшхи хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 10000 орчим цэргийн алба хаагч, НҮБ-ын цэргийн ажиглагч, штабын офицерууд болон цэргийн багийн бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх дэлхийн энхийн үйлст гар бие оролцож байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …