Ойрад Монголчуудын түүх соёл, хэл бичгийн судлагааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, энэ салбарт судлаачдыг татан оролцуулах зорилгоор магистрант докторантуудын дунд зохион байгуулагдсан ”Ойрад монголын түүх, соёлын асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр 16:00 цагаас Пума Империал зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагджээ. Тус хурлыг ”Тод номын гэрэл төв”, “Тод дөрвөлжин клуб”, “Oirad.mn” сайтаас санаачлан зохион байгуулсан бол “Юм Агай” сан санхүүжүүлэн дэмжиж оролцсон ажээ. Хурлын үеэр МУБИС-ийн багш, түүхч, ойрад судлаач На.Сүхбаатар багштай ярилцлаа
– Та бүхэн хэд дэх жилдээ Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна вэ?
– Өнөөдрийн болж байгаа эрдэм шинжилгээний хурал бол уламжлалт 5 дах удаагийн хурал юм. Бид өмнө нь жилд нэг удаа, нийт 4 удаа, ойрад судлалын чиглэлээр оюутнуудын дунд хурал зохион байгуулж байсан. Өмнөх 4 хурал нь оюутнуудын дунд болж байсан бол энэ удаагийн хурал нь магитрант, докторантуудын дунд болж байгаагаараа онцлог юм.Магистр, докторантуудын хувьд судлагааны ажлаа илүү гүнзгийрүүлж хийх боломжтой байдаг учраас энэ жилээс бид тэдний дунд жил бүр ЭШ-ний хурал зохион байгуулахаар боллоо. Тэгэхлээр энэ жилээс эхлэн бид оюутнуудын магистр, докторантуудын дунд гэсэн 2 хэсэгтэйгээр явуулна гэсэн үг. Манай “Тод номын гэрэл төв” оюутан залуучуудыг судалгааны ажилд татан оролцуулах, Ойрад Монголын түүхийг судлах зорилгоор олон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тэдгээрийн нэг бол өнөөдөр болж байгаа магистр, докторантуудын дунд зохиогдож байгаа эл ЭШХ юм. Бид энэ хурлын зар мэдээллийг нэлээд дэлгэрэнгүй зарласан. Ойрад Монголын түүхийг дагнан судладаг манай өмнөд болон хойд хөршийн хэд хэдэн их сургуулиуд байдаг. Тэдгээр сургуулиудаас манай хуралд оролцуулахаар олон судлаачид илтгэлээ ирүүлсэн байна.
– Нийт хэдэн илтгэл, хаанаас ирсэн вэ?
– ОХУ-ын Халимаг, Тува улс, БНХАУ-ын ӨМ, Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Ховд их сургуулиудаас нийт 45 илтгэл ирлээ. Эдгээр илтгэлүүдтэй шүүгчдийн бүрэлдэхүүн нэг бүрчлэн танилцаад 8 илтгэлийг нь өнөөдөр хэлэлцүүлэгт оруулж, үлдсэн илтгэлүүдийг нь Эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлүүлэхээр бид 32 илтгэлийг нь сонгоод байна. Халимаг улсын Их сургуулиас 13 илтгэл, Тувагийн Их сургуулиас 2 илтгэл, Шинжаан-Уйгарын ӨЗО-ны багшийн Их сургуулиас 1 илтгэл, ӨМӨЗО –ны Их сургуулиас 6 илтгэл тус тус ирээд байна. Манай улсын хувьд МУИС, МУБИС, СУИС, Ховд ИС-ийн магистрант, докторантууд оролцлоо. Бид өмнөх 4 жилд болсон оюутнуудын ЭШХ-ийн илтгэлүүдийн ном болгон хэвлэж байсан нь судлаачдын сонирхолыг татаж, тэдний хувьд судлагааны бодит үр дүнгээ тооцуулах бололцоотой болж байгаа болохоор манай хуралд оролцох судлаачдын тоо өсжээ гэж ойлгож байгаа. Цаашид ч гэсэн манай “Тод номын гэрэл” төвөөс оюутны болон магистр, докторантуудын ЭШХ-д оролцсон бүтээлүүдээс шүүн тунгааж хэвлэн гаргах ажлаа үргэлжлүүлнэ.
– Энэ хурлыг зохион байгуулах нь ямар үр дүнтэй вэ?
– Ойрад монголын түүх судлал бол Монгол судлалын салшгүй томоохон хэсэг нь мөн. Тиймээс Ойрад монголын түүх судлалыг хөгжүүлэх нь Монголын түүх судлалд ихээхэн ач холбогдолтой. Харамсалтай нь Ойрад монголчууд олон газар тархан суурьшиж амьдардаг, зарим нь их гүрнүүдийн харьяалалд оршдог, өнөөдөр Орос, Хятад, Монголд Ойрад монголчууд амьдарч байна. Иймээс судлагааны ажлууд бие биесээ хамааралгүйгээр давхацсан хандлага ажиглагддаг, өөрөөр хэлбэл нэг сэдвийг орос, хятад, монгол амьдарч байгаа судлаачид давхардуулан судласан явдал байдаг. Судлагааны энэ хандлагыг ойртуулж байгаагаараа ихээхэн давуу талтай. Мөн үүнийг дагалдан ЭШ, судлагааны мэдээлэл, баримт солилцох, судлагааны ажлаа өргөжүүлэх боломж судлаачидад бүрдэж байна. Хоёрдугаарт, Ойрад монголчууд олон хэсэгт хуваагдсан, их гүрнүүдийн дотор тархай бутархай амьдардаг болохоор түүх соёл, өв уламжлалын хувьд бүдгэрэх хандлага ажиглагдаж байгаа учраас үүнийгээ одоо л судлаж, олон нийтэд ил болгож авахгүй бол боломгүй байдалд хүрээд байна. Энэ үйлсэд магистрант, докторантуудын үүрэг оролцоо асар их юм. Том эрдэмтэд том сэдвийг хөндөж, түүний талаарх нарийн мэдээллийг олон нийтэд хүргэх бололцоо нээгдэж байгаагаараа бас нэг давуу талтай гэж үзэж болно.
– Монголчууд бид өөрсдийн үүх түүхээ мэдэх, өв соёлоо сэргээх ариун үйлсэд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар юм гэж би боддог. Энд танай төвөөс эрхлэн гаргасан 33 дэвтэр бүтээлүүдийг дурьдаж байна л даа.
– Орос, хятадын монгол гэж нэрлэхгүйгээр бид бүгдээрээ нэг хэл, нэг соёлтой Монгол түмэн гэдгийг ирээдүй залуу хойч үеийнхэнд мэдүүлэх, үүх түүхээ бид танин мэдэх, энд ирсэн судлаачидаар дамжуулан бид монголын нэг хэсэг шүү гэдэг ойлголтыг тухайн улс орны ирээдүй хойч болсон залууст ойлгуулах нь чухал юм шүү дээ. Энэ л зорилгоор бид “Тод номын гэрэл” төвөөс олон цуврал дэвтэр бүтээлүүдийг хэвлэн нийтийн хүртээл болгохыг зорьж ажиллаж байна.
– ЭШХ-д ирсэн бүтээлүүдийг крилл үсгээр ном болгон хэвлэхээс гадна бусад орны хэл, бичгээр хэвлэх үү?
– Би бодохдоо Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголд байгаа надтай адилхан багш, судлаач, эрдэмтэд Ойрад судлалын түүхэн судалгааг тэндээ өрнүүлээд, бид тэнд очиж эх хэлээрээ илтгэлээ хэлэлцүүлээд, тэр илтгэлийг нь тухайн улсын олонхи болсон хэлээр нь хэвлэж болох юм гэж боддог. Мөн тэдгээр судлаач багш нар манайхаас хэвлүүлсэн илтгэлүүдийн эмхтгэл бүтээлийг өөр өөрсдийн хэл бичигт хөрвүүлж бас болно.
– Та бүхний эрдмийн их ажилд ажилд өндөр амжилт хүсье, ярилцлага өгсөнд гялайлаа
– Та бүхэнд бас баярлалаа, мөн энэ дашрамд эл ЭШХ-ын амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэж оролцсон М.Түвшинбаяр захиралтай “Юм Агай” сангийн хамт олонд талархаснаа илэрхийлье.
Ярилцсан Ц.Мөнх