Ховд аймгийн ИТХ энэ сарын 20-нд ээлжит бус хуралдаан хийж, “Хөшөөт” төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Тус аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн иргэд, “МоЭнКо” компанийн төлөөлөгчид оролцсон энэ хуралд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “Хөшөөт” төслийг хэрэгжүүлэх талаар аймгийн баримтлах бодлого, “МоЭнКо”-той байгуулах гэрээний төслийг танилцуулсан байна.
Тэрбээр 2013 онд “МоЭнКо” компанитай зургаан удаа уулзалт хэлэлцээ хийжээ.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайханаар ахлуулан, ИТХ-ын төлөөлөгчид, МАН, АН-ын бүлгийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан, Зэрэг, Манхан, Дарви, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут сум болон Хөшөөт багийн нийт 6000 орчим иргэнтэй уулзан, санал бодлыг нь сонсож, “МоЭнКо”-той байгуулах гэрээний төсөлд тусгасан аж.
Тус аймагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд Иргэний танхимдаа хуралдан, саналаа нэгтгэж, ИТХ-д ирүүлжээ.
Иргэдийнхээ саналыг ч цахим хуудсаар авч, 21 зүйл, 110 заалттай гэрээний төсөл боловсруулсан байна. “МоЭнКо” ХХК-ийн болон Ховд аймгийн нийтлэг эрх, үүрэг, байгаль орчин, усны асуудал, газрын харилцаа, дэд бүтэц, орон нутгийн хөгжлийг дэмжих, маргаан шийдвэрлэх зэрэг 21 зүйлтэй энэ гэрээгээр “МоЭнКо” компани Хөшөөтийн уурхайгаас олборлож, борлуулсан нүүрсний хэмжээ, орлогоос үл хамааран, “Ховд, Хөшөөт-хөгжил” санд жил бүрийн нэгдүгээр улиралд нэг тэрбум төгрөг, экспортолсон нэг тонн нүүрс тутмаас нэг ам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээх юм байна.
Гэхдээ 2014 онд 600 сая төгрөг, экспортолсон нэг тонн нүүрс тутмаас 0.6 ам.доллар төвлөрүүлэхээр хөнгөлөх гэнэ. Мөн тус компани орон нутагт шаардлагатай, эрчим хүчний болон бүхэл 10 саяас доошгүй тн нүүрсний нөөцтэй талбайг гэрээнд заасан хугацаанд Ховд аймагт шилжүүлэх үүрэгтэй. Энэ гэрээг хэлэлцэх үед тус аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авчээ. Тэднийг нэг цаг хүлээгээд орж ирээгүй тул бусад нь хурлаа үргэлжлүүлсэн байна.
Уг гэрээний талаар 13 хүн үг хэлж, нуур цөөрөм байгуулах, усны төлбөрийг сумын дансанд төвлөрүүлэх, Дарви сумын Мөрөн багийг цахилгаантай болгох, Хөшөөт багийн иргэдэд газар өмчлүүлэх, том оврын машины жолооч нарын 100 сая төгрөгийн өрийг хэрхэх, Хөшөөт багт дуу чимээ, тоосжилт ихсэн, хүн амьдрах аргагүй болсон, зөөврийн ус хэрэглэснээр хүүхдийн шүд өвчилж байгааг анхааралдаа авах, Хөшөөт тосгоныг нүүлгэж шинэ газарт төвхнүүлбэл ус, цахилгааныг эхлээд шийдэж өгөх, “МоЭнКо”-д орон нутгийн иргэдийн сүүг нийлүүлэх гэрээ байгуулах, Хөшөөт багийн аж ахуйн нэгжүүдийг нүүрс тээвэрлэхэд оролцуулах, “Ховд, Хөшөөт-хөгжил” сангийн таван хувийг Хөшөөт багт зарцуулах, тус багт 4.5 км хар зам барих, “Жижиг Хөшөөт” төсөл хэрэгжүүлэн орон нутгийн хэрэгцээт нүүрсийг бэлтгэх зэрэг олон санал гаргажээ.
Эдгээр саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал, шүүмжлэл тус бүр дээр санал хураалт явуулсан байна. ИТХ-ын зарим төлөөлөгч “МАН-ын гиш үүнчлэлтэй төлөөлөгчдийн оролцоогүйгээр Хөшөөтийн асуудлыг дангаараа шийдэж болохгүй.
Хурлаа хойшлуулъя” гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй аж.
Ингээд “Хөшөөт” төслийг хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтад долоон сумын иргэд, том оврын машины жолооч нар, Хөшөөт багийн иргэдийн саналыг тусгаад “Ховд аймгийн иргэдийн эрх ашгийн төлөө Хөшөөтийн уурхайг ажиллуулах нь зүйтэй” гэж үзэн, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд “МоЭнКо” ХХК-тай байгуулах гэрээнд тусгах үүрэг өгчээ.
Х.Болор /Өнөөдөр/