Бээжингийн олимп гэхээр бидний нүдэнд ард түмний хүү Э.Бадар- Ууган, Н.Түвшинбаяр нар төсөөлөгддөг. Өмнөд хөршид зохиогдсон хүн төрөлхтний их наадмаас ширэн бээлийгээрээ асар их үнэ цэнэ мэдрүүлэн байж алтан медаль авч ирсэн Бадраа гавьяат маань өдгөө хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл, оюунаа харамгүй зориулж явна. Төрөөс олгож буй тэтгэмжээ төрөлх дүүргийнхээ орон гэргүй залууст зориулж, цоо шинэ гэр бэлэглэн гал голомтыг нь асааж буй гавьяаттай цөөн хором ярилцлаа
-Боксын рингээ орхисноос хойш “Ууган аварга” аяныг санаачилж, завгүй яваа гэж дууллаа?
-Тийм ээ. Их спортоос зодог тайлснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Ууган аварга” сан байгууллаа.
Ямар ч байсан энэ аянаа нээж төрөлх Баянзүрх дүүргийнхээ таван өрхөд сэтгэлийн дэм үзүүлэхээр шийдээд байна.
-Таныг спортоос зодог тайллаа гэхээр хүмүүст багагүй харамсал төрсөн?
-Зодог тайлах болсон шалтгаанаа нэлээд дээр тайлбарласан. Хэдийгээр надад бээлийгээ хананд өлгөх шийдвэр гаргахад хэцүү байсан ч цаг хугацаа бүхнээс хүчтэй. Гэсэн ч рингнээс буулаа гээд Э.Бадар-Ууган гэдэг хүн усанд хаясан чулуу шиг алга болох нь утгагүй. Бээжингийн олимп гэлтгүй тив, дэлхийн олон тэмцээнд оролцож явахад сэтгэлийн асар их дэмжлэг үзүүлж байсан ард түмнийхээ хайр хүндэтгэлийн хариуг барихаар хичээж явна. Надад маш их урам хайрлаж байсан элэг нэгт монголчууддаа чадах чинээгээрээ туслах нь “Ууган аварга” сангийн хамгийн том зорилго.
-“Ууган аварга” сан өнөөдөр нээлтээ хийж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Төр засаг маань спортыг бодитой дэмждэг болжээ. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн хэмжээнд амжилт гаргасан тамирчдад мөнгөн тэтгэлэг олгодог болсон. Уг шийдвэрээ олонд танилцуулж байхад түүний хэлсэн үг их таалагдсан. Төрийн тэргүүн “Энэ цалин бол ард түмнийх.
Хэдий тамирчдад хүрч байгаа ч монголчуудын уухайн түрлэгээр биеллээ олж байгаа” гэж хэлсэн нь надад их сайхан, нэг сэдэл төрүүлсэн. Тиймдээ ч цалингийнхаа дээжээс төрөлх дүүргийнхээ амьдралын бололцоо тааруу иргэдэд гэр өгөхөөр шийдвэрлэсний сацуу “Ууган аварга” нэртэй сан байгуулсан.
-Цаашид “Ууган аварга” сан ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Нийгэм рүүгээ чиглэсэн дэмжлэг үзүүлэхээр хичээж байгаа. Аяны маань анхны ажил айл гэрт гал голомт бэлэглэж буй гэдэг утгаараа билэгшээлтэй. Цаашид маш олон ажил төлөвлөөд байна. Өнөөдөр (Өчигдөр) зуны бэлэг дэмбэрэлтэй сайн өдөр. Энэ өдрийг төлөвлөж байхдаа аяныхаа цаашдын бодлогын талаар хамтран зүтгэгчидтэйгээ ярилцсан. Бид залуустай илүү ойр байж, тэдэнд тусалж дэмжинэ гэсэн зорилго байгаа.
-Төрөлх сургууль дээрээ ирлээ. Таныг сурагч ахуй байхад хамгийн сахилгагүй жаал байсан гэж нэг удаа анги даасан багш тань хэлж байсныг саналаа. Тэр үе рүү эргээд харахад ямар дурсамж санагдаж байна вэ?
-Би сурагч байхдаа нэлээн сахилгагүй хүүхэд байсан. Гэхдээ спортыг сонгосноор амжилт гаргах алхамаа тавьсан гэж боддог. Багш, сургуулиа их санажээ. Надтай адил дүрсгүй жаал гээд загнуулж байгаа дүү нар маань ирээдүйд том амжилт гаргах ч юм билүү. Би 2008 оноос хойш сургуультайгаа тогтмол холбоотой байгаа. 2008 онд Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар бид гурав “Амжилтын төлөө хамтдаа” Төрийн бус байгууллага байгуулж байлаа. Тэр үед залуучуудтай уулзаж, маш олон буяны ажил хийж байсан. Сургууль дээрээ жил бүр ирж, ТББ-ынхаа хүрээнд дүү нартаа сэтгэлийн дэм хайрлах зэргээр үргэлж холбоотой байдаг.
Эх сурвалж: