Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хүн амины хэргийг үгсэн дарагдуулсан уу
Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрөгч есдүгээр сарын 21-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 25 настай Ж.Мөнхчимэг гэх эмэгтэй найз залуугийнхаа гэрт учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан.
Бид эл хэргийн араас нэхэн сурвалжилж 2014 оны хоёрдугаар сарын 19-ний ¹032, 24-ний ¹035 дугаартаа “Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хүн амины хэргийг үгсэн дарагдуулсан уу”, “Талийгаач Ж.Мөнхчимэг Ж.Мягмардоржтой амьдрахгүй гэдэг байжээ” гэсэн гарчигтай хоёр цуврал нийтлэл хүргэсэн билээ.
Дахин хэлэхэд талийгаач Ж.Мөнхчимэгийн аав, ээж охиноо найз залуу болох Ж.Мягмардорж гэгч балмад эрийн гарт амиа алдсан, байг гэхэд охиныг нь амиа хорлоход ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж хардаж байгаа.
Үүнийгээ ч тухайн үед өмгөөлөгчөөрөө дамжуулан хэргийг шалгаж байсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяад уламжилсан байдаг.
Харин “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн шиг эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дутуу дулимаг явагдсан нь эрхгүй анхаарал татаж байна.
Тэр ч битгий хэл Дархан-Ууд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Намсрайжаваас эхлээд дарга цэрэггүй талийгаач Ж.Мөнхчимэгийн нэрийг хэлэх төдийд “Өнөөх амиа хорлосон уу” гээд мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа нь хууль хяналтынхан төдийгүй шүүх эмнэлгийн ажилтнууд хэргийг үгсэн дарагдуулсан ч байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
Тэд 2013 оны арваннэгдүгээр сард хавтаст хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосон атлаа өнгөрсөн сарын 17-ноос дахин шалгаж эхэлсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн төдийгүй мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяаг хэргийг дутуу шалгасан гэдгийг харуулж байгаа юм.
Мөрдөн байцаагч Э.Золзаяа хэргийг дутуу шалгасан
Учир нь бид хэргийг яагаад дахин шалгах болсон тухай лавлахаар тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Чулуунтамиртай холбогдож байсан. Тухайн үед бидэнд “Наад хэргийг чинь өмнө нь мөрдөн байцаагч Э.Золзаяа шалгасан. Одоо С.Сүхбаатар гэж чадварлаг мөрдөн байцаагч шалгаж байгаа. Хэргийг яаж шалгах нь хувь хүний ур чадвартай л холбоотой” гэх утгатай үгийг хээв нэг хэлж байсан.
Бид талийгаач Ж.Мөнхчимэгийн хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч Д.Энхтуяатай уулзсан. Тэрбээр “Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хэргийг дутуу шалгасан. Миний хүсэлтээр хэргийг дахин шалгаж байна. Хэд хоногийн өмнө хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч С.Сүхбаатартай уулзсан. Ж.Мягмардоржийн өмнөх эхнэр болон талийгаачийн ар гэрийнхнээс мэдүүлэг авсан байна лээ. Хэргийг шалгаж дуустал тодорхой мэдээлэл өгөхгүй гэсэн” гэв.
Түүний ярьж буйгаас үзэхэд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяа хэргийг шалгах явцдаа бүр наад захын хэд хэдэн зүйлийг тодруулаагүй аж.
Энэ талаар өмгөөлөгч Д.Энхтуяа хэлэхдээ “Талийгаач Ж.Мөнхчимэг найз залуу Ж.Мягмардоржийн гэрийн хөшиг тогтоочоос өөрийгөө дүүжилж нас барсан тухай эцэг, эх нь ярьдаг. Би тухайн үед мөрдөн байцаалтын туршилт хийлгэх хүсэлт тавьсан.
Өөрөөр хэлбэл талийгаачийн биеийн жинтэй тэнцүү хэмжээний зүйлийг хөшиг тогтоогчоос дүүжлээд хэдэн цагийн хугацаанд амиа алдах магадлалтайг тооцож туршилт хийлгээч гэсэн юм. Гэвч миний хүсэлтийг мөрдөн байцаагч Э.Золзаяа хүлээж аваагүй.
Түүнчлэн “Хамгийн наад зах нь Ж.Мягмардоржийн өмнөх эхнэрээс байцаалт авах ёстой байсан. Тэр хүнийг ямар ааш авиртай гэдгийг нь зайлшгүй тодруулах шаардлагатай. Энэ хүсэлтийг бас л хүлээж аваагүй.
Дээр нь талийгаач Ж.Мөнхчимэгт задлан шинжилгээ хийсэн эмчээс мэдүүлэг авах хүсэлт гаргасан. Учир нь талийгаачийн цогцост цээжний өмнөх хэсэгт 0.2-0.5 см-ийн хэмжээтэй хөхөлбөр ягаан толбонууд байдаг юм. Хэлний үзүүрээ хазаад тасалчихсан байсан. Энэ нь ямар хүчин зүйлээр үүсэх боломжтой, гадны нөлөөнөөс үүссэн эсэхийг мэдэх шаардлагатай байсан ч яагаад ч юм тодруулаагүй байсан” гэв.
Талийгаач Ж.Мөнхчимэгийг сүрдүүлсэн зурвас олджээ
Хохирогч Ж.Мөнхчимэгийг амиа алдсаны дараахан “хайртай, дуртай” гэж явсан Ж.Мягмардорж гэгч этгээд усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болсон байдаг. Одоо түүнийг хаана, юу хийж явааг хэн ч мэдэхгүй. Харин ойрын нэгэн эх сурвалжийн өгүүлснээр Ж.Мягмардорж дахиад нэг эмэгтэйтэй нэр холбогдоод явж байгаа сурагтай.
Түүнчлэн тухайн үед талийгаачийн ар гэрийнхэнд мөрдөн байцаагч Э.Золзаяагаар дамжуулан “Ж.Мөнхчимэг нас барсан нь надад ямар ч хамаагүй. Яах вэ, буян бодож хоёр сая төгрөг өгье, авбал ав” гэж байжээ.
Энэ талаар талийгаачийн аав Л.Жаргалсайхан “Ж.Мягмардорж бидэнтэй нэг ч ирж уулзаагүй. Одоо уулзаад ч яах юм. Гэхдээ үнэхээр охинд маань хайртай, насны зөрүүнээс болоод хэлж чадахгүй байсан бол учир шалтгаанаа хэлж болно шүү дээ. Бид хүн л юм чинь ойлгоно. Гэтэл тэгээгүй. Бүр буян бодож хоёр сая төгрөг өгье, авбал ав гэсэн байсан. Ийм хайр сэтгэл гэж байх уу. Охиныг минь ашиглаад хаях бодолтой байсан юм билээ” гэж ярьж байсан.
Талийгаачийн үхлээс хойш сураггүй байгаа Ж.Мягмардоржийн бичсэн байж болзошгүй нэг зурвас олдсон юм. Уг зурваст “Чиний сувилагч гэж юу байсан юм. Хүний хайр даахгүй новш. Бусад банди нарынхаа зугааг гаргаад боссон боожгойг нь буулгаад явж бай. Банди нар боов нь босохоор л чамайг орой үдэш дууддаг биз дээ. Хүний дэвсгэр болохоор хөнгөнөөр нь чамайг шаадаг. Чи олон хүний зугааг гаргаж буян үйлдэж яваарай.
Чи намайг ингээд зүгээр хулхидаад явна гэж бодож байна уу. Хуцваа новшоо, харж л байгаарай. Чи намайг их басаж байна, тэ. Чи үхэх авсаа өөрөө бэлдлээ шүү. Чи муу юу ч биш болно. Чиний бүх хог новшийг гаргаад хаячихсан. Чи олж авч чадахгүй, илүү уйлах болно. Чи бид хоёр их л зууралдана даа, харж л байгаарай. Гэхдээ урьдынх шигээ биш өөрөөр зууралдах болно” гэж бичсэн байжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн болон эл хэргийг өмгөөлж байгаа өмгөөлөгч Д.Энхтуяа дээрх зурвасыг Ж.Мягмардорж бичсэн гэж үзэж байгаа аж. Гэтэл мөрдөн байцаалтын явцад эл зурвасыг огт шалгалгүй хэргийг хаасан байдаг.
Прокурор Ж.Доржмаа ажилдаа хайнга хандсан уу
Үнэндээ талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч Д.Энхтуяагийн зүгээс мөрдөн байцаалт хэт нэг талыг барьж явагдсан төдийгүй хэргийг хянах ёстой хяналтын прокурор О.Доржмааг хүртэл ажилдаа хайнга хандсан гэж үзэж байгаа аж.
Үнэхээр ч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа мөрдөн байцаалт хэр бодитой, шударга явагдсаныг нь ч шалгалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 201309000587 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяагаас 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорын хяналтад ирүүлж байжээ.
Ингэхдээ Дархан сумын XVI баг, хуучин хорооллын тавдугаар байрны 26 тоотод Ж.Мөнхчимэг нь өөрийгөө боомилсон байдалтай нас барсан болох нь 83 тоот шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон байна. Талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй бөгөөд дүүжлэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаас болж нас баржээ.
Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн талийгаач Ж.Мөнхчимэгтэй хамтран амьдрагч, тээж байсан хүүхдийнх нь эцэг болох Ж.Мягмардоржийг сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Ж.Мягмардорж нь талийгаач Ж.Мөнхчимэгийг төрүүлэхээр тээж байсан хүүхдээ өөрийнхөө хүссэнээр зулбуулж амийг нь хөнөөсөн, түүнчлэн тухайн асуудал үүсэх үед БНХАУ-д зорчиж явсан тул гар утасны захиагаар өөрийн бухимдлыг илэрхийлж “Чамайг очиж байгаад ална” гэх утгатай үгийг илгээснээс өөрөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1-д заасанчлан эд хөрөнгө, албан тушаал болон өөр байдлаар эрхшээлдээ байлгаж, харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилж байсны улмаас талийгаач Ж.Мөнхчимэг амиа хорлосон болох нь тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад талийгаач Ж.Мөнхчимэг нь амиа алдах өдрийнхөө 13:13 цагт хамгийн сүүлд Ж.Мягмардорж руу захиа илгээгээд түүнээс хойш юу ч илгээгээгүй байх тул тухайн цаг хугацаанд нас барсан байх магадлалтай.
Сэжигтэн Ж.Мягмардоржийн 8597 УНИ улсын дугаартай авто машин 17:31 цагт Дарханд орж ирсэн нь тухайн камерын бичлэгээс бэхжүүлж авсан гэрэл зураг нотлох баримтаар авагдсан нь Ж.Мөнхчимэгийн үхэлд шууд холбоогүй болохыг нотолж байна” гэж үзээд хэргийг хаасан байдаг аж.