Компьютерийн өмнө зөв суугаагүйгээс биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, ноцтой асуудал үүсгэнэ. Тухайлбал буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг байна. Эдгээр биеийн зовиураас гадна сэтгэл зүйн стрессд өртөх нь их юм.
-
Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж огт болохгүй. Компьютер дээр удаан ажиллахад бие их чилдэг болохоор нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Харин огт хөдөлгөөнгүй сандал биш, янз бүрээр тохируулах боломжтой сандал хамгийн эвтэйд тооцогдоно. Нуруу цэх байрлахгүй, дэлгэц рүүгээ байнга бөгтийгөөд байвал нуруу өвдөх нь аргагүй.
-
Нурууны доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно шүү дээ.
-
Сандлын суудлын өндрийг анхаарах нь чухал. Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилдэггүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.
-
Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур бол зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагүй, дээр нь сандал жаахан өндөр бол нуруугаараа бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь гар болоод нурууны байрлал буруу, тун эвгүй болдог. Тэгэхээр таарч тохирсон хөлийн тавиур тун хэрэгтэй эд юм.
-
Ширээн доор таны хөл нааш цаашаа хөдлөхөд зориулж хангалттай сул зай байх ёстой.
-
Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.
-
Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж болно.
-
Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлсээ шууд хардаг байх хэрэгтэй.
-
Ажлын талбайгаа маш цэвэр цэгцтэй, зөв зохион байгуулалттай байх ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар юм.