Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн лхагва гарагт Эрдэнэт хотод ажлын айлчлал хийж, “Эрдэнэтчүүд импортыг орлох, экспортыг дэмжих” үйлдвэрлэл, ажил үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлж, ямар амжилттай ажиллаж байгаатай танилцсан билээ. Энэ үеэр Эрдэнэт хотын Засаг дарга Г.Зоригтой уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Засаг даргын хувиар Орхон аймаг буюу Эрдэнэт хотын өнөөдрийн байдлын талаар товчхон танилцуулахгүй юу?
-1994 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор Эрдэнэт хотын хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Орхон аймгийг Эрдэнэт хот төвтэй, Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтайгаар байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 25 багийн 25.3 мянган өрхөд, 93 мянга орчим иргэн амьдарч байна.
Аймгийн нийт хүн амын 96.4 хувь нь Баян-Өндөр суманд оршин сууж байгаа юм. Тус аймагт 250 өрхийн 672 гадаадын иргэн ажиллаж амьдарч байна. Орхон аймаг нийтдээ 84360 га газартай ч Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотын нэг хүнд 0.24 метр, квадрат талбай ногдож байгаа нь Улаанбаатар хотоос ч илүү нягтралтай үзүүлэлт юм.
Эрдэнэт хотын хэмжээнд 2013 онд 1.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.3 их наяд төгрөгийн борлуулт хийсэн нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 47.6 хувь нь болж байгаа юм.
Өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогоор Орхон аймгийн 920 малчин өрхөд 178.9 мянган толгой мал тоологдож, намар 3771.5 га-гаас 7492.8 тн үр тариа, 331.1 га-гаас 2861.6 тн төмс, 230.5 га-гаас 2329.8 тн хүнсний ногоо хураан авсан нь чамлахааргүй амжилт мөн. 2012-2013 оны ажлын үзүүлэлтүүдийн судалгаагаар Монгол Улсын шилдэг таван аймгийн нэгээр шалгарсан.
-2014 оныг шинэчлэлтийн Засгийн газраас “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд олон томоохон ажлууд хийгдэх байх. Зарим нэгээс нь танилцуулахгүй юу?
-2014 онд хийж хэрэгжүүлэх ажлаа ИТХ-аар хэлэлцэж баталсан. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад тавих хяналт шалгалтын талаар ард иргэдтэйгээ ярилцаж, бүх түвшинд бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон.
Орхон аймгийн хувьд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдгийг нийт эрдэнэтчүүдийн дунд нээлттэй ил тод хэлэлцэж баталдгаараа бусад аймгаас давуу талтай гэж бодож байна. Яг одоогоор зураг төсөл нь бэлэн болсон томоохон ажлуудад тендерийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа. 2014 оны хувьд ашиглалтад ороод 20-30 жилийн насжилттай болчихоод байгаа Эрдэнэт хотын орон сууцны хорооллуудын дундах засмал замыг нийтэд нь шинэчлэх ажил хийгдэнэ.
Ихэнх орон сууцнуудынхаа дундах замыг хоёр гарцтай болгосноор замын түгжрэл, бөглөрлийг өнөөдрийнхөөс хоёр дахин сааруулах боломжтой. Энэ томоохон ажлыг нийтдээ долоон тэрбум гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэнэ. Түүнээс гадна өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа гэр хорооллын гудамжуудыг орчин үеийн чанартай, цогц гэрэлтүүлэгтэй болгох ажилд хоёр тэрбум төгрөг зарцуулж, гэр хорооллын гэрэлтүүлгийг чанарын шинэ түвшинд гаргахаар зорьж байна.
-Орон сууцны хорооллуудын талаар ярихад байрнуудын дээврийн засварын ажил заавал сөхөгддөг. Энэ талаар эрдэнэтчүүдийн ая тухтай амьдрахад зориулж 2014 онд ямар ажил хийгдэх вэ?
-Эрдэнэт хотын хэмжээнд зайлшгүй дээврийн засвар хийгдэх шаардлагатай 100 гаруй блок орон сууц байсан. Үүнээс өнгөрсөн онд хамгийн сүүлийн үеийн технологиор 20 гаруй блокын дээврийг иж бүрэн шинэчилсэн. Энэ жил үлдсэн 80 блокын дээврийн засварын ажилд мөн л хоёр тэрбум төгрөг төсөвлөгдөж, одоо гүйцэтгэгчийг нь шалгаруулах ажил хийгдэж байна.
Түүнчлэн энэ онд орон сууцны шинэ хорооллуудын ажил эхэлж, ихээхэн хурдацтай өрнөх бүх л нөхцөл бүрдээд байгаа. Шинээр 2A хорооллын инженерийн шугам сүлжээ тавигдана. Чех улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдах 7A хорооллын бэлтгэл ажлыг 2013 онд хийж гүйцэтгэсэн.
Эхний ээлжийн 126 айл буюу орон сууцны хоёр барилга одоогоор дөрвөн давхрынх нь гүйцэтгэл хийгдээд явж байна. 7А хорооллын тухайд анх 2005 онд барилгын ажил эхэлсэн ч бүхэл бүтэн найман жилийн турш ерөөсөө олигтой юм хийгдээгүй.
Харин энэ жил төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр баригдах 1000 айлын сууцны бүрэлдэхүүнд орж бүтээн байгуулалтынх нь ажил тууштай хэрэгжихээр болсон.
Түүнээс гадна Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр Эрдэнэтийн барилга угсралтын 15 компанийн нэгдсэн консорциум энэ онд ашиглалтад оруулах 300 айлын орон сууцны барилгын ажил маргаашнаас эхлэх гэж байна.
Мөн 2013 онд эхлүүлсэн Баян-Өндөрийн эко хаус хорооллын ажил үргэлжилнэ. Баян-Өндөрийн эко хорооллын барилгууд нь гурван янзын хэмжээ, загвартай баригдах юм. Эхнийх нь 50 метр квадрат бол дараагийнх нь 64, гурав дахь нь 100 метр квадрат хэмжээтэй, нийтдээ 200 айлын хаус хэлбэрийн орон сууц баригдана. Эдгээр хорооллын инженерийн шугам сүлжээг нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Ерөнхийдөө 2014 онд Эрдэнэтчүүдийг орон сууцжуулах хоёр дахь давалгаа эхэллээ гэж ойлгож болно.
-Эрдэнэт хотод шилжин ирэгсдийн тоо ямархуу байгаа вэ. Нэг хэсэг баруун аймгуудаас шилжин ирэгсэдийн тоо огцом нэмэгдэж, багагүй асуудал үүсгэж байгаа талаар яригдаж байсан санагдана?
-Эрдэнэтээс Дархан, Улаанбаатар хот руу шилжигсдийн тоо шинээр шилжин ирэгсдийн тоотой ойролцоо хэмжээнд байгаа. Ерөнхийдөө гэр хорооллын айл өрхүүдийн тоо л нэмэгдэх хандлагатай байгаа. Би Засаг даргын хувьд энэ асуудлыг шилжин ирэгсдийн тоотой холбохоосоо илүүтэй хотын төвийн орон сууцанд амьдарч байгаа иргэд гэр хороололд хашаа байшинтай болох сонирхол ихээхэн нэмэгдэж байгаатай холбон ойлгож байгаа.
Орон сууцанд амьдарч байгаа иргэд хашаа байшинтай болж ногоо тарих, тахиа, гахай тэжээх сонирхол нэмэгдэж байгаа нь гэр хороолол тасралтгүй нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна.
Инженерийн шугам сүлжээ тавьж, хүн амьдрах ая тухтай нөхцөл бүрдүүлчихвэл гэр хороолол өргөжин тэлэх нь тийм ч сэтгэл зовоосон асуудал биш л дээ.
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний хувьд ямархуу байдалтай байгаа вэ?
-Ирэх 2016 онд Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой болно. Өнгөрсөн жил Эрдэнэт хот Уулын баяжуулах үйлдвэрийнхээ 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн гээд бодохоор Эрдэнэтийн уугуул, анхны илгээлтийн эзэд одоо 60 орчим насныхан зонхилж байгаа. Харин тэдний үр хүүхэд, ач, гучид сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, хүрэлцээ хангамж өдрөөс өдөрт багасч, бас л нэг асуудал үүсгэх хэмжээнд хүрсэн. Эхэн үедээ Эрдэнэтэд цэцэрлэг олноор баригдсан.
Харин Монгол Улс зах зээлийн эдийн засгийн системд шилжих үеэр олон цэцэрлэгийг хувьд өгч өөр зориулалтаар ашиглах, зарим нэгийг нь сургууль болгон засч тохижуулан зориулалтыг нь өөрчилсөн. Гэтэл өнөөдөр Эрдэнэтийн гурав дахь үе олноороо өсөн торниж байгаа нь цэцэрлэгийн орон тоонд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Бид өнгөрсдөн оноос зохион байгуулалт, орон байрны өөрчлөлтүүдийг зоригтой хэрэгжүүлж өөр чиглэлээр ашиглагдаж байсан цэцэрлэгийн барилгуудаа эргүүлэн авч зориулалтынх нь дагуу ашиглаж эхлээд байна.
Энэ ажлын хүрээнд гурван цэцэрлэгийг шинэчлэн тохижуулж 1000 гаруй хүүхэд хамруулсан. Цэцэрлэгийн барилгуудыг зориулалтынх нь дагуу ашиглахаар санхүүжилт гарган хүч хөдөлмөрөө гаргасан бидний зүтгэлийг үнэлж хотын Засаг дарга надад “Боловсролыг дэмжигч Засаг дарга” хэмээх өргөмжлөл хүртээсэн нь энэ талын ажлыг хойшид ч өрнүүлэх урам зориг сэргээсэн үйл явдал болсон. Японы нэг компанитай шинээр концессын гэрээгээр одоо VI хороонд дөрөвдүгээр цэцэрлэг байгаа хашаанд 240 ортой цэцэрлэг байгуулж ирэх есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна.
-Эрдэнэт хотод гэмт хэрэг зөрчлийн байдал ямар байгаа вэ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?
-Гэмт хэрэг, зөрчил улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа. Гэхдээ бид тайвширч суугаагүй. Эрдэнэт хотыг камержуулах ажлын хүрээнд 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй камержуулах ажлыг “Мейжик нет” ХХК гүйцэтгэж Эрдэнэт хотын хэмжээнд нийтдээ 110 цэгт 125 камер суурилуулан хүлээлгэж өгсөн. Нийт 136 камераар хотын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавин ажиллаж байгаа.
Мөн аймгийн Цагдаагийн газрыг бүрэн тоноглогдсон зөөврийн камертай автомашинтай болгосон. Аймгийн хэмжээнд сар бүрийн 15-нд болон хичээлийн шинэ жил, сургууль төгсөлтийн баяр, эх үрсийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүд түүнчлэн долоо хоног бүрийн мягмаг гарагт согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг 2013 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ерөнхийдөө 2016 онд тэмдэглэх төрөлх хотынхоо 40 жилийн ойг эрдэнэтчүүд ажил хөдөлмөрийн сайхан амжилтаар угтахаар бүх салбарт өрнүүн их бүтээн байгуулалт хийгдэж байна.