Манай Шура эгч нар

-Уг нь эмэгтэй гишүүдээс нийгэм илүү ихийг хүлээж байсан ч ТЭД өнөөдөр Шура эгчийн ажлыг л хийгээд байх аж. Яагаав ээ, өнөө Шура эгчийг манайхан сайн танина даа-

Тамхины хяналтын тухай хууль бол тамхины худалдаатай тэмцэх, эсвэл тамхидалттай тэмцэх, тэр тусмаа тамхичидтай тэмцэх тухай хууль биш юм. Харин энэ бол тамхи татдаггүй хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой хууль. Өөрөөр хэлбэл, тамхи татдаггүй хүмүүсийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалахын тулд тамхи татдаг хүмүүсийн эрх чөлөөг боох арга замаар энэ хуулийг хэрэгжүүлэх ёсгүй гэсэн үг. Тамхи татах нь гэмт хэрэгт тооцогдож, хуулиар хориогүй байгаа цагт энэ хэрэглээнийх нь төлөө тамхичдыг шийтгэх эрх зүйн үндэслэл уг нь байхгүй…

УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх хуулийн нэг жилийн ойг сүр жавхлантайгаар зарлан мэдэгдэх сонирхолтой байгааг үгүйсгэхгүй. Тийм ч учраас тамхичдын эрх ашиг, тав туханд нийцүүлэн тусгай тамхины өрөө байгуулсан үйлчилгээний газруудыг илрүүлэн илчилж, торгон шийтгэж, тэгээд ч зогсохгүй үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан үзүүлж, “сор залж” байгаа хэрэг биз. Уг нь тэдгээр ресторан, баарнууд тамхи татдаггүй үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах, ингэхдээ тамхичдын эрхийг давхар харгалзах хамгийн зөв шийдлийг олсонд нь хууль санаачлагчид баяр хүргэж, бас дээр нь шагнал урамшуулал өгсөн ч болохоор “гавьяа”. Гэтэл бүүр эсрэгээр нь… Арга хэмжээ авч, айлгаж ичээх кампанит аян зохион байгуулж байна.  Тамхины тухай хууль хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой сүр дуулиантай болох нь ээ… Санаачлагчдад нь баяр хүргэх юм шүү! Өнөө л эмэгтэй гишүүд маань биз дээ?!

Маргарит Тэтчир бол төмөр хатагтай. Тэр Ерөнхий сайд болмогцоо буруу замаар будаа тээж яваа эдийн засгаа аврахын тулд тухайн үед төрөөс эхчүүдэд өгдөг халамж, тэр дундаа хүүхдийн сүүний мөнгийг ч хайр найргүй хассан юм. Үүнийх нь төлөө эхнэр, хүүхнүүд түүнийг харааж, эх хүн байх эрхгүй, төмрөөр хийгдсэн хүйтэн авгай гэж харааж байлаа. Хожмоо дэлхийд тэргүүлэх хүчирхэг эдийн засгийн суурийг тавьсных нь төлөө англичууд түүнд талархсан. Тэгэхдээ тэр түүхэнд “Төмөр хатагтай” нэрээрээ үлдсэн. Харин өнөөдрийн Монголын парламент дахь  эмэгтэй гишүүд “Хүний хайлан” болохын мөрөөслөөр дүүрэн хүмүүс юм.

Юун түрүүн тэд шууд утгаараа “Олуулаа болох” зорилготой хууль санаачилж, эмэгтэйчүүдийн төрөлтийг дэмжинэ гэж сүйд болцгоосон. Дэмжих арга зам нь нэг их хол явахааргүй нарийхан жим байлаа. Хүүхдээ гурван нас хүртэл нь харж байгаа эхэд цалин өгөх, хүүхдийн сүү, тэжээлийн мөнгө олгох гэх мэт. Олуулаа болоход хоногийн хоолноос цааш олон асуудал бийг төрийн бодлого боловсруулагчид  харах л ёстой баймаар сан. Хүүхдээ хооллох, тэжээх зэргийн учрыг эцэг, эхчүүд өөрсдөө олоод болоод л ирсэн. Үүнд төр оролцох, төсвөөс мөнгө зарлагадахыг тэдний хэн нь ч гуйгаагүй. Харин төр өөрийн үүргээ биелүүлээд нийгмийн үйлчилгээний суурь дэд бүтцээ чадавхжуулчихбал эхчүүд эмнэлэг, цэцэрлэг, сургууль яана аа гэж санаа зовохгүй, өрх бүлүүд хэзээ хэдэн хүүхэдтэй болохоо хэнээр ч заалгахгүй.

“Олуулаа болох” уриалгыг уулгалан дэмжсэн улстөрч бүсгүйчүүд маань төд удалгүй тамхи, архи, завхайралтай тэмцээд эхэлсэн нь одоо ч үргэлжилсээр. Хамгийн сүүлд тэд хачин сүртэй мэдэгдэл хийж, Уул уурхайн яамны газрын дарга залууг ажлаас нь халж, ёс зүйн арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн даргад нь үүрэгдсэн! Өнөөх залуу нь хөөрхий, гэр бүлийн тогтворгүй байдлаасаа болоод хоёр бүсгүйн хооронд өс зангидаж, өөрийн болоод хүний хүүхдүүд өнчрөхөд хүргэсэн “муу нэртэй луу данстай” нэгэн. Гэхдээ түүнийг ажлаас нь халж, нийгмээс шах гэдэг үүргийг УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд уриалж болно гэж үү? За яахав, тухайн үед энэ мэдэгдлийнх нь төлөө иймэрхүү зовлонд сөхөрч уймарсан бүсгүйчүүд уулгалаад алга таших л байх. Зарим нь тэдний ёс суртахуунтай, соёлтойг нь шагших л байх. Чин үнэндээ бол тэд хэтэрхий ёс суртахуунгүй алхам хийсэн. Харин ч эхээсээ өнчирсөн хүүхдүүдийг тэжээх үүргийг тэр залууд хуулийн дагуу оноож, түүнийх нь төлөө мань эрийг ажил албанд нь зүтгүүлээрэй гэж захих ёстой байсан! Уг нь эмэгтэй гишүүдээс нийгэм илүү ихийг хүлээж байсан ч ТЭД өнөөдөр Шура эгчийн ажлыг л хийгээд байх аж. Шура эгчийг манайхан сайн танина даа. Анх ажилд орохдоо арай өөр орон тоон дээр томилогдсон атлаа нэг мэдэхэд энд, тэнд тохиолдсон баяртай, гунигтай асуудал болгонд “менежмент” хийж, мөнгө цуглуулдаг хүн болоод хувирчихсан байдаггүй юу? Сүүлдээ бүүр байгаад хоёр хүний хайр сэтгэлийг зохицуулах гээд холиож өгдөг, одоо санаж байна уу? Тэгвэл эмэгтэй гишүүд маань өнөөдөр өөрсдөө ч мэдэлгүйгээр Шура эгч нар болцгоочихож…

З.БОРГИЛМАА
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №051

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …