Засгийн газраас зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулагдан ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн ахалсан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Батчимэг, Д.Зоригт, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БОНХЯ, ХЗЯ, ЗТЯ, УУЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газруудаас олгодог нийт 28 зөвшөөрлийг хэлэлцлээ.
Зөвшөөрлийг Хууль эрхзүйн үндэслэлтэй эсэх, Хүний эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй эсэх, бизнес эрхлэхэд ээлтэй эсэх гэсэн гурван үндсэн шалгуураар дүгнэж шийдвэрлэдэг. Хэлэлцүүлэгт зөвшөөрөл олгогч төрийн байгууллага эрх бүхий албан тушаалтнууд оролцож зөвшөөрлөө хамгаалах, үндэслэх, тайлбарлах хэлбэрээр оролцож ажлын хэсгийн гишүүд шийдвэр гаргасан юм. Жишээлбэл, БОНХЯ-наас аж ахуйн нэгжийн ус ашиглах зөвшөөрөл олгохтой холбоотой олон шат дамжлагыг цөөлж орон нутагт зөвшөөрөл олгох эрхийг өгөх нь зүйтэй гэж үзсэн юм. Тодруулбал, тухайн ус ашиглах аж ахуйн нэгж, иргэн 50 шоо метр хэмжээний ус ашиглах бол зөвшөөрлийг орон нутаг, харин 50-100 метр куб ус хэрэглэх бол байгаль орчны асуудал эрхэлсэн газраас, 100 метр кубээс дээш бол яамнаас зөвшөөрөл олгох нь зөв гэж үзсэн юм. Ингэснээр ус ашиглах зөвшөөрлийг яамнаас авсан бол дахиж орон нутаг, эсвэл холбогдох газраас заавал авах шаардлагагүй болж байгаа юм.
Мөн Хууль зүйн яам тамга тэмдэг үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцох нь зөв гэсэн саналыг дэмжиж байв. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн системийг боловсронгуй болговол уг зөвшөөрлийг заавал олгох шаардлагагүй гэж үзсэн байна. Түүнчлэн Зам тээврийн яам Агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тоног төхөөрөмжийн гэрчилгээ зэргийг хуралдаанд оруулж ирэв. Харин ажлын хэсгийн ахлагч болон гишүүд энэ асуудлыг бодлогын түвшинд дахин ажиллаж, олон гэрчилгээг нэгтгэн, хасах боломжтойг нь тогтоон, тусад оруулж ирэхийг сануулснаар хэлэлцэхийг түр хойшлуулсан юм. Энэ мэтчилэн яам, агентлаг, нутгийн захиргааны байгуулагуудаас ирүүлсэн нийт зөвшөөрлүүдийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах бөгөөд 54 байгууллагаас олгож байгаа нийт 914 зөвшөөрлийг хэлэлцээд эдгээрээс 404 зөвшөөрлийг нь хүчингүй болгох, 447 зөвшөөрлийг нь хэвээр үлдээхээр төлөвлөсөн байна. Ингэснээр лиценз олгох шат дамжлага багасах, түүний уршгаар үүссэн олон маргаан тодорхой хэмжээ багасах нь дамжиггүй.
Д.Үүлэн