Олон улсын гандболын цомын төлөө тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд явагдана. Тэмцээнийг Зохион байгуулах хороог ССАЖ-ын сайдын тушаалаар батлаж тус хорооны анхдугаар хурал Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдөр боллоо. Энэхүү тэмцээнийг явуулах тухай Монгол улсын Засгийн газрын 2013 оны 325 тоот тогтоол гарч, Олон улсын гандболын холбоо дэмжин ажиллаж байгаа юм.
Хурлыг Зохион байгуулах хорооны дарга, ССАЖ-ын дэд сайд М. Түмэнжаргал удирдан явуулж, тэмцээний Зохион байгуулах хорооны 13 гишүүд, ССАЖЯ-ны БТСБХЗГ-ын дарга Х.Бакытжан, газрын мэргэжилтэнүүд, Монголын гандболын холбооны (МГХ) ажилтанууд оролцов.
ЗБХорооны хурлаар тэмцээний эрхийг хүлээн авснаас хойшхи хугацаанд МГХ-ноос хийгдсэн ажлын тухай мэдээлэл, ЗБХ-ны ажлын төлөвлөгөө, тэмцээний төсвийн танилцуулгыг ЗБХ-ны орлогч дарга, МГХ-ны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийсэн.
Тэмцээний техникийн асуудал, зохион байгуулалт, Монголын шигшээ багийн бэлтгэл, сонгон шалгаруулалт, бэлтгэл сургалтын явц, багийн ахлагч, дасгалжуулагч нарын үйл ажиллагааны тухай мэдээлэлийг ЗБХ-ны гишүүн, МГХ-ны Гүйцэтгэх захирал Д. Энэбиш тавьсан.
Хурлаар тэмцээний медалийн загварыг батласан юм. Тэмцээнд Франц улсын “Gerflor” брэндийн шалыг ашиглахаар захиалан авчируулахаар болжээ. Олон улсын гандболын цомын тэмцээнд Хонгконг, Макао, Монгол, БНАСАУ, Хятадын Тайвань, Вьетнам зэрэг 6 улсын эмэгтэй, эрэгтэй 10 багийн тамирчид хүрэлцэн ирнэ.