Тендерээр хүлээсэн үүргээ хариуцлагагүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд зарлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандаж, татвар төлөгчдийг хохироож буй үйлдэл удаа дараа гарч байгаа тул тухайн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтантай хариуцлага тооцох зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох албаныхан үүрэг өглөө.

1. Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд

1.2.Дээрх зөрчил гаргасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүд, уг авто зам, барилга байгууламжийн ажлыг хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүнийг нийтэд зарлуулан, хуулийн дагуу хариуцлага тооцуулах санал боловсруулах ажлыг Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, нийслэлийн Дотоод аудитын албанд

1.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан дутуу гүйцэтгэлтэй, чанарын шаардлага хангаагүй авто зам, барилга байгууламжийн  ажлын зураг төслийг боловсруулсан, уг зураг төсөлд экспертиз дүгнэлт гаргасан, зохиогчийн хяналт  тавих үүргээ биелүүлээгүй, барилга угсралтын ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавиагүй байгууллага, албан тушаалтны жагсаалтыг гаргаж, нийтэд зарлуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,  нийслэлийн Дотоод аудитын албанд үүрэг болголоо.

Мөн цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн зам, барилга байгууламжийн ажлын  шаардлага хангаагүй, дутуу гүйцэтгэсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагыг дахин худалдан авах ажиллагааны шалгаруулалтанд оролцуулж шалгаруулсан;  техникийн нөхцлийг зөрчиж барилга барьсан аж ахуйн нэгж, иргэнд дахин барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон; албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох санал боловсруулж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахыг нийслэлийн Засаг даргын Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон байна.

Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу дээрх нэгтгэсэн аж ахуйн нэгж, холбогдох албан тушаалтнуудын нэрс болон хэрхэн хариуцлага тооцох талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс 3-р сард багтаан олон нийтэд зарлана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …