Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдах ажилтны зөвлгөөн, хэлэлцүүлэг 2 дугаар сарын 14-16-нд Баянхонгор аймагт “Шинэ малчин-шинэ хөдөө” сэдвийн дор зохион байгуулагдлаа.
Манай аймгаас уг зөвлөгөөнд Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Эрхбаяр, ҮХАА-н газрын дарга З.Лувсан, ҮХАА-н газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга Т.Пүрэвжав, мал аж ахуйн хэлтсийн дарга Ц.Батцэнгэл, Зэрэг сумын Засаг дарга Д.Октябрь нар оролцлоо.
ҮХАА-н яамны удирдах ажилтны зөвлөгөөнөөр салбарын 2014 оны зорилтыг тодорхойлж, Мал аж ахуй, Хөнгөн үйлдвэр, хүнс, газар тариалангийн салбаруудын 2014 зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ҮХАА-н газрын оролцоо сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна.
Мөн ҮХААЯ-наас Монголын малчдын нэгдсэн холбоог байгуулж, аймгуудын салбар холбоог ҮХАА-н газрын дарга ахлаж ажиллахаар тогтож батламж, нэгдсэн холбооны тугыг хүндэтгэлтэйгээр гардууллаа.
ҮХААЯ-наас өнгөрсөн оны ажлын амжилт ололтоо дүгнэж манай аймгийн ҮХАА-н газар нь бүсээсээ шалгарч тэргүүн байр эзэлсэн нь ХАА-н салбарын хамт олон, малчид, тариаланчид, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, эмч, мэргэжилтэн, бүх шатны удирдлагуудын хамтын ажиллагааны үр дүн юм.
ҮХААЯ-ны зөвлөгөөн, хэлэлцүүлгээс ҮХАА-н салбарын 2014 оны тэргүүлэх зорилтуудыг батлан хэрэгжилтийг хангаж ажиллахаар тогтлоо. Үүнд:
1. Газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
2. “Шинэ малчин-шинэ хөдөө” арга хэмжээний хүрээнд малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгохыг дэмжиж, орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ
3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр экспортод чиглэсэн нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
4. Стратегийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн дотоодын хэрэгцээгээ хангана
5. Эрдэс баялгийн түүхий эдийг боловсруулах түвшинг ахиулан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.