З.Сарантуяа: Цасан шуургатай өдөр ч бид хүмүүст туслаж байлаа

89b1f4a99044203520264f3e7950b19cСайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Яриагаа таны анхны ажлын талаар эхлүүлье?

Манайх анх “Дулаахан өвөлжье” уриатайгаар хуучин хувцас тарааж эхэлсэн. Нийтдээ 700 гаруй хүнд дөрвөн цэгт очиж тараасан. Тодруулбал, хогийн цэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв,  алслагдсан өрхийн эмнэлэг болон асрамжийн газар тарааж байсан. Түүнээс  хойш ганц зүйл хийгээд зогсож болохгүй юм гэж бодоод хүнд сэтгэлийн дэм өгөх бүхий л төрлийн үйл ажиллагааг хийгээд явж байнадаа. Бид Монголын нийгмийн тэр болгон хүмүүсийн анхааралд өртөөд байдаггүй зүйлүүд рүү орж ажиллах,  тэр болгоныг нийгэмд гаргаж ирж туслах, бусдын анхаарлыг хандуулах зорилготой. Маш олон залуус нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

Ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахдаа залуучуудаа хэр хэн цуглуулж, хамруулдаг вэ?

Бид бүх үйл ажиллагаагаа онлайнаар зарладаг. Одоогийн байдлаар 80-аад гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид гишүүдээсээ сар болгон 10000 төгрөгийн татвар авна. Үүгээрээ өөрсдийн байрныхаа төлбөрийг төлнө. Өөрсдөө зохион байгуулалтаа хийнэ. Манайх дэлхийн 11 оронтой харилцаатай. Гадаадын группэд маань одоогоор 14 мянга гаруй монгол залуус байгаа. Тэр маань байгаа байгаа газраасаа бидний хийж байгаа ажлуудыг дэмжээд мөнгө хуримтлуулаад явдаг.

Олон сайхан аяныг Монголд өрнүүлж байсан. Эдгээрээс хамгийн сэтгэлд хоногшсон, үр дүнтэй нь гэвэл ?

Маш олон байдаг. Бид аль болох өөрсдийнхөө гараар хийсэн зүйлээ олон түмэнд хүргэхийг хичээдэг. Олон хүн цуглаж, олуулаа хийсэн зүйлд сайхан сэтгэл шингэсэн байдаг. Бид шувууны үүр хийж байсан. Айлын хашаанд 80-аад шувууны үүр хийгээд Цэцээ гүний оргилд гаргасан. Цасан шуургатай өдөр бид хамтын хүчээр бүх шувууныхаа үүрийг зохих ёстой газар нь байрлуулж чадсан. Энэ үе л ерөөсөө санаанаас гардаггүй юм. Бид 40-үүлээ явж байсан, бүгдээрээ модон дээр гарч байгаад шувууныхаа үүрийг байрлуулж байлаа.

Гадаадад өрнүүлсэн аян бий юу?

Яг гадаадад манайхаас зохион байгуулж байсан аян байхгүй. Яваандаа гадаадад байдаг монголчууддаа зориулсан хандивын аян өрнүүл нэгэж боддог. Бид гадаадад ажиллаж, амьдардаг хүмүүсийн хүүхдүүдийг монгол хэл соёлоо битий мартаасай гэсэн үүднээс үлгэрийн ном цуглуулж явуулдаг бөгөөд номын сан хийсэн байгаа. Америк, Германд номын сан хийгдсэн байгаа, одоогийн байдлаар. Гадаадад байгаа гишүүд маань бидэнд туслах зорилгоор хувцас цуглуулж өгөх гэж аян өрнүүлж байсан. Саяхан Солонгост байгаа гишүүд маань хичээлийн хэрэгсэл цуглуулж бидэнд явуулж, бид тэдгээр хичээлийн хэрэгслийг Монголынхоо хүүхдүүдэд тараасан. Наадмаар энэхүү хичээлийн хэрэгсэл цуглуулах аяныг өрнүүлсэн байгаа юм. Бид байнга холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Залуучуудтай хамтарч ажилладаг хүний хувьд залуучуудын талаарх өөрийн бодлоосоо хуваалцвал ?

Ажиглаад байхад цаг зав болон чөлөөт цагаа зөв юм хийж өнгөрүүлье гэж боддог болсон байналээ. Манай дээр ирсэн залуучуудыг ажиглаад байхад хаана ямар хэрэгтэй зүйл байна, хаана сонирхолтой клуб байна гээд л явдаг болсон байна.

Үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл гардаг уу ?

– Өө байлгүй яахав. Манай нэгдлийн нэрийг бариад хандив цуглуулж байгаад баригдаж байсан тохиолдол гарч байсан. Ер нь тэгээд хүний нэр барьж хандивын данс нээх тохиолдол элбэг. Бид эдгээр үйлдэл болгоныг цаг тухайд нь мэдээд ямар нэгэн арга хэмжээ авч чаддаг л даа. Хүмүүст хандаж “Үнэнээр явах шиг сайхан зүйл байхгүй шүү ” гэж хэлмээр байна. Би олон сайхан залуучуудтай хамтарч ажилладаг болохоор таарсан бэрхшээлүүдээ хамтдаа туулаад давж чаддаг.

Нийгэмд болоод иргэдэд хандуулж олон арга хэмжээг зохион байгуулжээ. Санхүүжилтээ хаанаас бүрдүүлдэг вэ ? Тусалж дэмждэг хүмүүс бий юу ?

Яг санхүүжилт гээд байх юмгүй. Ямарваа нэг арга хэмжээ зохиохдоо бид онлайнаар хүмүүст мэдээллээ тараагаад л хандиваа цуглуулдагдаа. Цаг хугацаа тулсан үедээ өөрсдөөсөө хандив тусламж нэмдэг. Ерөнхийдөө онлайн орчноор л ажлаа хийдэг гэж хэлж болно.

Ярилцсанд баярлалаа

Р. Оюунболор

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …