Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар дахин эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Ашигт малтмалын газрын хуучин удирдлагуудыг дахин шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Уг нь тэд гурван шатны шүүхээс хоригдох ял сонсч өдгөө ялаа эдэлж байгаа билээ. Гэсэн ч Д.Батхуяг болон түүний хамсаатнууд хууль бус лицензийн асуудлаар дахин ял сонсоход хүрчээ.
Тодруулбал АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт болон “Зэлэм” ХХК-ийн захирал С.Жаргалсайхан нарт дахин нэг эрүүгийн хавтаст хэрэг үүсгэн Улсын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн.
Энэхүү хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ хууль бусаар олгогдсон Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Хайрхан толгой” нэртэй 72499 гектар талбай бүхий 42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй ашигт малтмалын 5261Х тоот хайгуулын лицензийг хүчингүй болгосон.
Гэтэл уг лицензийг С.Жаргалсайханаас худалдан авч хохирсон гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Улсын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхлээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл уг лицензийг хүчингүй болгосноор “Берунг майнинг” ХХК 31 тэрбум төгрөгөөр хохирсон хэмээн УМБГ-т гомдол гаргасан гэсэн үг.
Тиймээс өнгөрсөн сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт дахин эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Уг нь Д.Батхуягийг АТГ-ынхан мөрдөн байцаалтын явцад АМГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын дарга Л.Даваацогттой хамтран 2009-2010 онуудад албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж АМГ-ын тухай хэд хэдэн заалтыг зөрчиж хууль бусаар 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан гэдгийг нь тогтоож гурван шатны шүүхээс зохих ялыг нь оноосон.
Эндээс нэг зүйлийг ажиглахад АТГ-ын мөрдөн байцаагчид хэргийг дутуу шалгасан учраас тэд энэ удаа УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулах болсон нь энэ гэж ойлгогдохоор байгаа юм.
Мөн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК-тай холбоотой лицензийн асуудлыг мөрдөн байцаалтын явцад яагаад орхигдуулан дутуу шалгаж өнөөдөр ийнхүү асуудал болгон дэгдээх болов гэдэг нь ч сонин.
Товчхондоо шүүхээс хоригдох ял авсан эрхмүүд өөрсдийгөө 31 тэрбум төгрөгийн лицензийн асуудалд ямар ч холбоогүй.
Түүнчлэн тухайн үед тус компанийн худалдаж авсан лицензийг төр өөрөө хүчингүй болгосон учраас бидэнд дахин Эрүүгийн хэрэг үүсгэж нэмж ял сонсгохоор төлөвлөж байгаа бол дараагийн шатны шүүхэд хандах болно гэдгээ ойрын хүмүүстээ мэдэгджээ.
Үнэхээр тэдний хэлсэнчлэн дээрх хэрэгт зохих ялыг нь оноосон хэрнээ дахин хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа үйл явц нь мөрдөн байцаагч нар ажлаа дутуу дулимаг хийснийг илгэж буйг энгийн иргэд ч хэлж байна.
Тиймээс тэдэнд холбогдох хэргийг яаж шалгаж, дахин ямар зүйл ангиар яллах бол гэдэг нь олны анхаарлын төвд байсаар байна.
Р.Саруул