Хувийн эмнэлгүүдийн орлогын гол эх үүсвэр нь үр хөндөлт байдаг

abortХүн болж төрөхийг атга арвайг асгахад зүүний үзүүр дээр тогтсон ганц арвайтай зүйрлэдэг. Зарим нэг эмэгтэйчүүд хүүхэд олохыг юу юунаас илүүтэй хүсэж байхад нөгөө нэг эмэгтэйчүүд өөрөөс нь ургаж байгаа бяцхан үрээ “Чи энэ хорвоо ертөнцөд төрөх болоогүй” гээд буцаадаг нь харамсалтай.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд үр хөндүүлэх явдал ихэссэн нь нууц биш. Тэр дундаа үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн нас залуужиж байгаа нь нэн харамсалтай юм. “Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсон хэлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед үр хөндүүлэлт ганцхан жилд насанд хүрээгүй 3000 гаруй охин тээж буй ургаа усгтгуулах болсон байна. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан, 54 хувь нь давтан хийлгэж буй гэжээ. Энэ нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд дэндүү их тоо. Олон улсын байгууллага болон төрөөс хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа. Гэсэн ч “хүсээгүй хүүхэд” хэмээн хүний амь хөнөөсөөр байгаа мунхаг хүмүүсийг хянаж чадахгүй байсаар байна. Тэр тусмаа үр хөндүүлж буй өсвөр насны охид мэргэжилтнүүдийн анхаарлыг татах болжээ. Өнгөрсөн жил гэхэд 12 настай таван охин хүсээгүй жирэмслэлтээс болж, үр хөндүүлсэнээс болж тэдний нэг нь хүүхдийнхээ хамт өөд болсон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнгөрөгч дөрвөн сард 17 настай охин үр зулбуулах эм ууснаас болж хордсон хэрэг гарсан байна. Энэ мэтчилэн бидний хойч ирээдүй болсон охид маань дур мэдэн үр хөндүүлсээр байгаа нь эмзэглэмээр. Мэргэжилтнүүд өсвөр насны охид жирэмслэх явдал ихэссэн нь гэр бүлийн хараа хяналт сул, бэлгийн эрүүл мэндийн тухай хичээл ерөнхий боловсролын сургуульд бараг ордоггүйтэй холбон тайлбарласан. Түүнчлэн үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон гэж болно. Өмнө дунд сургуулийн 17-18 настай охид үр хөндүүлэх гэж ирдэг байсан бол одоо бүр залуужиж 14-15 насныхан ирдэг болсон гэж байна.  Манай улс хүн амаа өсгөх бодлого явуулж байгаа ч үүнийг дагаад үр хөндүүлэх асуудал нэмэгдсээр байгаа юм.

Одоогийн байдлаар манай улсад төрийн болон хувийн өмчийн 126 эмнэлэг эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг байна. Эдгээрээс 13 эмнэлэг үр хөндүүлэх албан ёсны эрхтэй бол үлдсэн нь нууцаар буюу хууль бусаар мөнгөний төлөө хүний амийг хөнөөдөг байна. Үр хөндөлт уг нь социализмын үед гэмт хэрэгт тооцогдон гарын үсэг зуруулж, зөвшөөрсөн тохиолдолд үр хөндөлтийг хийдэг байсан. Харин одоо энэ нь хүний эрхийн асуудал болж, хэн дуртай нь аборт буюу үр хөндөлтийг хийлгэдэг болжээ.

Үнэндээ өнөөдөр хувийн эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа, орлогын гол эх үүсвэр үр хөндөлт байдаг. Хүний амиар ашиг олж, мөнгөний үнэр авсан тэд ариун цэвэр, стандартын шаардлага хангах тухай дурсахын ч хэрэггүй.
Уг нь “Хожуу үеийн үр хөндөлтийг зөвхөн төрийн мэдлийн амаржих газруудад хийнэ. Мөн үр хөндөлтийг зөвхөн магадлан итгэмжлэлтэй эмнэлэгт мэргэжлийн эмч хийнэ. Монгол Улсын стандарт, журмыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн эмч, ажилтны эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан Эрүүл мэндийн сайдын тушаал бий.
Харамсалтай нь, үүнийг биелүүлдэг эмнэлэг, эмч нь ховор. Дээрх заалтыг улаан цайм зөрчиж байшингийн булан тохой, орц хонгилд өрөө түрээслэн ажиллах хувийн эмнэлгүүдийн хаагуур нь мэргэжлийн хяналтынхан яваад байдаг нь бас хачирхмаар. Шаардлага хангахгүй нөхцөлд үр хөндүүлээд амиа алдсан хэрэг нэг бус нэлээд хэдэн тохиолдол гарсан байхад мэргэжлийн хяналтынхан унтаа байдалтай байсаар л байна.

Эдгээр мөнгөний төлөө хүний амийг егүүтгэж байгаа хувийн эмнэлэгүүд үр хөдүүлэх тоог ихэсгэх бас нэг шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн гадуур ямар ч хяналтгүй худалдаалагддаг эрүүл мэндийн шаардлага хангаагүй үр зулбуулах эмийг хориглож чадахгүй байгаатай ч холбоотой.

Үүнээс харахад үр хөндөлтийн талаар манай хууль хяналт дэндүү сул байгаа нь харагдаж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагаас үр хөндүүлэх асуудал дээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.

Үр хөндөлтөөс болж гарах сөрөг үр дагавар их байдаг гэдгийг мэдсээр байж бүсгүйчүүд маань хийлгэсээр л байгаа нь хэт ухамсарын доройтолд орсоных. Тухайлбал, дахиж хэзээ ч хүүхэдгүй болох магадлал 99 хувь, үүнээс гадна амиа алдах эрсдэл ч байдаг байна. Иймээс охид, бүсгүйчүүд үр хөндөлтөөс болж өгвөл зайлсхийх шаардлагатай юм. Нэг шөнийн жаргалаас болж насан туршын аз жаргалаа бүү алдаарай.

Үр хөндөлтийн тухай

Үр хөндөлтийг дэлхийн олон оронд хуулиар хориглосон байдаг. Манай улсад тодорхой нөхцөл байдлыг харгалзан эхийн хүсэлтээр хийнэ. Тус эмнэлгийн журам ёсоор үр хөндүүлж байгаа бүх эмэгтэйчүүдэд үр хөндөлтийн сөрөг үр дагавар, эрт болон хожуу гарах аливаа хүндрэлийг танилцуулж, тайлбарласны дараа жирэмсэн эмэгтэйн хүсэлтээр хийнэ. Үр хөндөлтийг зөвхөн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эмнэлгийн нөхцөлд  жирэмсний 4-12 долоо хоногтой хугацаанд хийж болно. Гэхдээ үр хөндөлт хийлгэж болох хамгийн тохиромжтой хугацаа нь 4-8 долоо хоногтой жирэмсэн байдал. 2-3 долоо хоногтой жирэмсэн нь хэт жижиг байх ба цөөн тохиолдолд 10 хувь нь багажинд өртөлгүй үлдэж, цааш жирэмслэлтээ хадгалан өсөх магадлалтай. Хэрэв танд жирэмслэлт их зовиургүй, хордлого багатай байвал жирэмсний 4 дэх долоон хоног хүртэл үр хөндөлт хийлгэхгүй байхыг зөвлөж байна.

Жирэмсний эхний 1-2 долоо хоногт үр тогтолт үрийн хоолойд явагдаж, 2-3 долоо хоногтойд умайд шилжиж очдог. Иймээс жирэмсний эхний хоёр долоон хоногт ураг эхо оношлогоонд харагдахгүй. Харин 3-4 долоо хоногтойд ургийн цэврүү шар биет харагдаж, 5 долоо хоногтойгоос ураг аажим томорсоор 10 долоо хоногтойд бүх эрхтэн, мөчнүүд харагдахаар хурдан томорно. 8 долоо хоногтойгоос дээш жирэмсний үед  үр хөндөлт хийхэд ураг том, умай мөн томорсон байдаг тул ажилбарын дараа гарч болох хүндрэл улам ихэсдэг. Ялангуяа  төрөөгүй эмэгтэйн умай, умайн хүзүү жижиг тул төрсөн эмэгтэйтэй харьцуулахад илүү хүндрэлтэй.

Үр хөндөлт нь мэс ажилбар тул хийсний дараа умайд шарх үүсч, үтрээнээс өгсөх замаар болон цусаар дамжин эсвэл биеийн бусад хэсгээс үрэвсэл орох эх үүсвэр болдог. Иймд үр хөндөлт хийлгэсний дараа архаг үрэвсэл дахин сэдрэх аюултай.  Архаг хууч үрэвсэлтэй, биеийн эсэргүүцэл султай болон бусад суурь өвчтэй эмэгтэйчүүд үр хөндөлтийн өмнө болон дараа эмчийн заавраар цаг алдалгүй үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Эмнэлэгт үр хөндөлт хийхийн өмнө эхо оношлогоогоор жирэмсний хугацааг  тодорхойлно. Энэ нь савны гадуурх жирэмслэлт болон хоосон умайд үр хөндөлт хийхээс сэргийлэх ач холбогдолтой. Тун ховор тохиолдолд савны гадуурх жирэмсний үед умайд хоосон ургийн цэврүү үүсч, хэвийн жирэмслэлттэй андуурагдах үе бий. Ийм үед таныг 7-10, 10-14 хоног хяналтандаа байлган клиник явцыг ажиглан, оношоо бүрэн тодруулах шаардлагатай.

Эхо оношлогоогоор жирэмсний явцыг тодорхойлсны дараа үтрээний наац “мазок”-ын шинжилгээ хийнэ. Шинжилгээний хариу өөрчлөлттэй буюу үтрээний үрэвсэлтэй тохиолдолд эмч танд үрэвслийн эсрэг 3-5 хоногийн эмчилгээ зааж өгнө. Энэ нь үтрээний үрэвслийг тогтоож, өгсөх замын халдвараас сэргийлнэ.

Үр хөндөлтийн үед умайн хүзүүнд хэсгийн мэдээ алдуулалт хийж багажаар умайн хүзүүг тэлэн тусгай багаж буюу соруулах шприцээр умайгаас ургийг соруулж авдаг. Хэрэв та сэтгэл санааны хувьд бэлэн биш, айдастай байгаа бол судас унтуулгатайгаар ажилбарт орж болно.

Та үр хөндүүлснээс хойш хоёр хоногийн дараа заавал давтан эход үнэ төлбөргүй харуулах хэрэгтэй. Энэ нь савны агшилт сул байх, умайд юм үлдсэн, үрэвсэл үүссэн, сэдэрсэн, шавхарга цус хурсан гэх мэт хүндрэлүүдийг эрт оношлон эмчлэхэд чухал ач холбогдолтой.

Үр хөндөлтийн хор уршиг

-Анхны жирэмслэлтийг үр хөндүүлж таслах нь бүр ч аюултай. Эрүүл саруул эмэгтэй эх болох баяр баясгалангаас үүрд хагацах, эдлэх чадваргүй болох эрсдэл бий.

-Үр хөндөлтийн үед эмч сав руу мэс заслын багаж оруулж, үрийн өндгийг тэмтэрч олоод түүнийг устгаж гарган авдаг. Мэс заслыг бараг сохроор хийдэг тул янз бүрийн хүндрэл үүсэх боломжтой.

-Туршлагатай эмч мэргэжилтэн ч савны эд эсийг гэмтээж болно. Жирэмслэлтийн үед сав нь цус төлжүүлэх судас ихтэй байдаг. Энэ нилээд ноцтой хүндрэл болох саванд шарх үүсэх эрсдэлийг байнга дагуулдаг аж.

-Зарим тохиолдолд шээсний суваг, гэдэс зэрэг дотоод эрхтнийг ч гэмтээж болно.

-Үр хөндөлтийг давтамжтай хийх тусам салст бүрхэвчийг амархан гэмтээж, савны хананд шарх сорви үүсгэдэг. Үр дүнд нь эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчин, үргүйдэл, үр зулбах зэрэг тааламжгүй зүйл бий болдог.

-Амжилтгүй үр хөндөлтийн үед саванд үрийн хэсэг үлддэг. Энэ нь цус алдах, биеийн хэм дээшлэхэд хүргэдэг.

-Үр хөндөлтийн үед элдэв төрлийн нян орох, савны үрэвсэл үүсэхэд хүрэх эрсдэлтэй,

-Үр хөндөлтийн дараа сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь бий. Энэ нь цагаас эрт хөгшрөхөд хүргэдэг. Эцэст нь хэлэхэд ариун цэврийн бус нөхцөлд, сайтар ариутгагдаагүй багажаар янз бүрийн хар бор аргаар үр хөндүүлэх нь амь насанд ч аюултайг мартуузай. Учир нь цусны бохирдол, сепсис болоход туршлагатай эмч мэргэжилтэн ч хүчин мөхөсдөх нь бий.

Д.Гэгээнээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …