Би АНУ-д ирээд бараг 8 жил болох гэж байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд маш ихийг сурлаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм, 14 настай, юу ч мэдэхгүй, хүүхэд насны дэврүүн сэтгэлээ өвөртлөн анх ирж байсан минь өчигдөр мэт санагдана. Нүд ирмэхийн зуур л өнгөрсөн мэт санагдах боловч өнгөрсөн найман жилд миний амьдрал хамгийн ихээр хувьсан өөрчлөгдөж, өсвөр наснаас том хүн болж дэвших шилжилтийн нас минь энд өнгөрсөн юм.
Америкд дунд сургуулиа төгсөж, одоо удахгүй коллежоо төгсөж, эдийн засгын мэргэжлээр дээд боловсрол эзэмших гэж байгаа нь миний амьдралын хамгийн том амжилтууд юм. Англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшиж, боловсролынхоо дийлэнх жилүүдийг энэ хэл дээр үзжээ. 14 жил сургуульд суралцсаны зөвхөн 6 жилд нь л би монгол хэлээрээ хичээл, ном заалгасан байна.
Америк орон намайг үнэхээр сайхнаар хүлээж авсан. Мэдээж хүнд хэцүү үеүүд тохиолдож байсан боловч энэ орны хүмүүсийн тусч зан чанар, хүнлэг сэтгэл нь надад их тус болсон. Үе үеийн цагаачид эрх чөлөө, аз жаргал, сайн сайхан амьдралын төлөө энэ орныг зорьсон байдаг. Америкыг “The Land of Opportunity” гэж хэлдэг нь тохиолдол биш юм. Атлантын далайгаас номхон далайн эрэг хүртэл, Мексикын хойгоос Канадын хил хүртэл оршин тогтнох энэ хүчирхэг гүрний үүх түүх, зан заншил, соёл иргэншил нь ямар ч улсынхаас өвөрмөц бөгөөд одоо болтол миний сонирхлыг татдаг.
Америк хүн гэж энэ оронд төрсөн хүнийг хэлэх боловч Америк үндэстэн гэж юуг хэлэх вэ? Цагаачидын үр удмаас бүрдсэн энэ улсын иргэд өөрсдийнхөө үндэс угсааг бусад тивүүд рүү чиглүүлнэ. Яг үндэс ухсаа “ancestry” чинь юу вэ гэж асуувал Америкийн Итали, Америкийн Ирланд, Америкийн Англи, Америкийн Герман гэх нь элбэг бөгөөд ихэвчлэн олон орны хольмог цустай хүмүүс байдаг. Албан ёсны хэл нь Англи хэл боловч зөвхөн “New York” хотод л өдөр тутам хүмүүс хэдэн зуун өөр хэлээр ярьж байдаг нь үнэхээр гайхалтай. Европ, Латин, Африк, Ази гаралтай хүмүүс энэ оронд зэрэгцэн оршин тогтнож, Америкийн Нэгдсэн Улсыг бүрдүүлж байна.
Монгол хүмүүс 1990-ээд оноос хойш АНУ руу цагаачилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Америкийн Монгол гэдэг санаа бий болж амжсан. Цаг үеийн өөрчлөлт гэж үнэхээр сонин, үзэл суртлын ялгаанаас болж бидний аав ээжүүдийн капиталист хөрөнгөтний дээрэмчид гэж нэрлэдэг байсан АНУ-д Монгол хүүхдүүд төрж, өсөж боожин Америкийн Монгол гэдэг шинэ “identity” бий болгоно гэж хэн таамаглах билээ. Хэдийгээр бусад үндэстнүүдтэй харьцуулахад цөөхөн боловч АНУ-д ажиллаж амьдарч буй 20,000 Монголчууд эх орныхоо нэрийг бусдад таниулж байгаа нь сайн хэрэг. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад монгол оюутнууд суралцаж, дэлхийн шилдэг компаниудад монгол хүмүүс ажиллаж, дэлхийн хэмжээнд урлаг, соёл, бизнес, технологийн салбарт хүчээ үзэх болсон нь үнэхээр бахархууштай. Энэ бол бидний сүүлийн 20 гаруй жилд гаргасан амжилт юм.
Бусад үндэстнүүд хэдэн зуун жилийн өмнөөс энд суурьшиж, өөрсдийнхөө аж амьдралыг бататгаж, өөрсдийн микро нийгмийг байгуулсан. Орон орны хүмүүс өөрсдийн цар хүрээг тэлж, нэг нэгнээ дэмжиж ямарваа нэгэн салбарыг атгаж чадсан байх юм. Эсвэл хүмүүс өөрсдийнхөө орны онцлог, содон зүйлсийг бусдад таниулж нэг төрлийн эерэг “image” бүрдүүлдэг. Жишээлбэл, азийн орнуудаас солонгосчууд нийтэч, хөдөлмөрчийнхөө үр дүнд олон бизнесийн салбарыг өөрийн болгож, Америкийн том хотуудад солонгос хотхонуудыг босгож, энэ нийгэмд өөрсдийн байр сууриа баталгаажуулсан. Монголчууд бид ч гэсэн нийтэч байж, нэг нэгнээ дэмжиж, хамтын сэтгэлгээтэй байх нь маш чухал. Олноороо цагаачилж, нийгмийн нэг хэсгийг бүрдүүлж дэлхий дахинд танигдах боломж нь АНУ-гаас өөр ямар ч улсад байхгүй.
Монголчууд бид ирээдүйд юугаараа танигдаж, ямар эерэг “image” бүрдүүлж чадах вэ? Энэ бидний өөрсдийнхөө өмнө тавьж байх асуултуудын нэг юм. Нэг нийтлэлээс би олон монголчууд нэг доор байхаараа хөлөө жийлцээд эхэлдэг гэж уншиж байсан. Бид яагаад заавал тийм байх ёстой гэж? Нөгөө л жалга довны үзэл, тамын тогооны үлгэр биднийг хойш нь татаж байдаг. Энэ бидний байнга өөрсдийгөө шүүмжилж, бухимдаж байх сэдвүүдээс илүүтэйгүүр харин эсрэгээрээ бидний өөрсөддөө дүгнэлт хийж, шийдэж байх асуудлууд юм. 3-н сая хүрэхгүй монголчууд хувиа хичээж, зөвхөн өөрсдийн эрх ашгаа бодвол эх орноо бусдад таниулж, дэлхий нийтэд өрсөлдөх чадвар нь улам л багасна. Монгол улсын ирээдүй залуучууд бид үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, хамтын хөдөлмөрөөр амжилтын төлөө тэмүүлж, улс эх орноо дэлхий нийтэд таниулж; аз жаргалтай амьдрал, нэр хүнд, хөгжил дэвшлийн төлөө зүтгэх хэрэгтэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.