Барилга захиалагчийн албадыг нэгтгэнэ

Төрийн байгууллагуудын харъяанд ажиллаж буй барилга захиалагчийн албадыг нэгтгэнэ 

Ерөнхий сайдын гаргаж тавьсан “авлигажсан төсөв”-ийг хумьж цэгцлэх санаачилгатай холбогдуулан УИХ-ын 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 58 тоот тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн ажил даалгасан юм. Үүний нэг нь төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг нэгдсэн удирдлагад оруулах даалгавар юм. Юун түрүүнд яамдын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэж, Барилга захиалагчийн нэгдсэн алба байгуулан ажлыг нь жигдрүүлэх ёстой.

Өнөөдөр болсон “Шинэчилж шийдье-222: Барилга захиалагчийн албаны шинэчлэл” хэлэлцүүлгээр энэ асуудлыг онцолж, холбогдох яамдын саналыг сонслоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдан явуулсан юм.

Одоогийн байдлаар БХБЯ, БХЯ, БШУЯ, ЭМЯ-ны харъяанд Барилга захиалагчийн тусгай алба ажиллаж, өөрийн байгууллагаас захиалан бариулж байгаа барилгуудад хяналт тавьж байна. Бусад яамны хувьд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийнхээ бүтцэд энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд ажиллуулж байна. Улсын хэмжэээнд ийм ажил хариуцсан 120 шахам хүн төрийн байгууллага бүрт тус тусдаа ажиллаж байгаа юм.

Эдгээрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулбал зураг төсөл, төлөвлөлт, газрын асуудал гээд барилга барих шат дамжлага бүрт цаг, мөнгө хэмнэнэ. Мөн олон урсгалаар явж байгаа ажил нэг гольдролд орсноор хот байгуулалтын ажил ч нэгдсэн удирдлагад шилжинэ гэж Барилга, хот байгуулалтын яамныхан дүгнэж байна. Нэг суманд шинэ цэцэрлэг барихын тулд сумын бүх байгууллагыг цахилгаанаар хангах хэмжээний том байгууламж дагалдуулан барих болдог гэх мэт үрэлгэн, цалгар байдал ч цэгцэрнэ. Гагцхүү салбар дундын зохицуулалтыг сайн хийж, санхүүжилт, хяналтын механизмыг нь оновчтой болгох шаардлагатай.

Иймд хэлэлцүүлгийн төгсгөлд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг холбогдох албаныханд хоёр чиглэлээр үүрэг өглөө. Барилга захиалагчийн албадыг нэгтгэснээр үүсч болох хүндрэлийг тооцоолон салбар хоорондын уялдааг сайтар хангасан зохицуулалт хийхийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнд, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахад хяналт болон хариуцлагын механизмыг оновчтой тодорхойлохыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт тус тус үүрэг болголоо. Ажлын хэсэг бодлогоо Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …