Хүүхдийн эрх автобусанд зөрчигдөж байна

ОЛОЛОЛОНийтийн тээврээр зорчиход иргэдийнхээ амьдралыг тольдож болно гэдэг үнэн юм. Учир нь үүгээр төрөл бүрийн л хүмүүс үйлчлүүлэх аж. “Хөөе чи мөнгөө төлөөч. Төлж чадахгүй юм бол яах гэж суудаг юм. Алив буу, буу. Муусайн юмнууд” хэмээн мөнгө хураагч бүсгүй хэн нэгнийг ууртайхан зандарч эхлэв. Гайхан харвал цүнхээ дааж ядан зогсох бяцхан сурагч байна. Гэтэл түүний хажууд картаа үзүүлээд л хэл үггүй зорчих эгч, ах нар нь сууж л байв. Учир нь тэднийг үнэгүй зорчоорой гээд улсаас мөнгө өгчихсөн. Харин мөнгө хураагчид загнуулж, хэл амаар доромжлуулан, тугтчуулж байх тэдгээр бяцхан зорчигч нарт эцэг эх нь л мөнгө өгөхгүй бол хэн ч тэдэнд автобусанд суу гэж мөнгө өгөхгүй.

Нэг оюутан жилд тодорхой хэд хэдэн байгууллагад хөнгөлөлт эдлэх болон тэтгэлгийн мөнгөө авах, 6000 төгрөг төлөөд автобусанд үнэгүй зорчих зэрэг хөнгөлөлтүүдийг эдэлдэг. Гэхдээ оюутнуудын автобусны мөнгийг Засгийн газар төсөвтөө суутган татвар төлөгчдөөс 28.7 тэрбум төгрөгийг гаргуулдаг байна. Харин сурагчид өдөр бүр сургууль, гэр хоёрынхоо хооронд зорчихдоо 400 төгрөг зарцуулан нийтийн тээвэрт орлого оруулдаг. Өөрийн гэсэн орлогогүй тэдэнд улс хэдийгээр 20 мянган төгрөг сар бүр олгодог ч тэдэнд өгч байгаагаасаа 3.5 дахин их мөнгө буюу 70000 төгрөгийг оюутнуудад мөн л өгдөг. Гэтэл оюутнууд бол цагийн ажил хийгээд ч болов хэрэгцээт мөнгөө олчих боломжтой, мөн өөрсдийнхөө эрхийг хамгаалах чадвартай насанд хүрсэн хүмүүс. Насанд хүрэгчдээ төр ийнхүү дэмждэг атлаа насанд хүрээгүй, ямар нэгэн ажил, хөдөлмөр эрхэлж өөрснийгөө хариуцах чадвар чадамжгүй, эцэг эхээсээ хараат хүүхдийн эрхийг хамгаалах талаар анхаарсангүй. Тийм л учраас тэд өнөөдөр ийнхүү хэл амаар доромжлуулан явж байна.

БШУЯ-ны тухайд уг асуудалд тухайн сурагч өөрийн тойрон хамрах хүрээндээ сургуульд суралцах ёстой, тиймээс автобусанд зорчих шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг юм билээ. Гэтэл нийслэлийн хэмжээнд 19 хороо сургуульгүй байгаа юм. Тэгээд ч хаана сурч, боловсрол эзэмших нь тухайн иргэний эрхийн асуудал шүү дээ.

Нөгөө талаар оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах асуудал нь анх сонгуулийн үеэр л гарч ирсэн популист амлалт. Ер нь оюутнуудад ийнхүү их хэмжээний мөнгө, зарцуулж байгаа нь тэд сонгоч учраас л тэр гэлтэй. Харин сонгогч биш учраас бяцхан иргэд маань нийтийн тээвэрт эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байгаа гэхэд хилсдэхгүй.

О.Сэлэнгэ: 32 мянган сурагч сургуульдаа нийтийн тээврээр зорчиж байна
Энэ талаар Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сурагчийн үнэмлэхтэй бол автобусанд 100 төгрөг төлнө гэдэг боловч өнөөдөр яг бодит байдалд хэрэгжихгүй байна л даа. Түүнчлэн нийтийн тээвэрт сурагчдын эрх зөрчигдөж байна гэх шүүмжлэл байна л даа. Сурагчдын холбооны зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ ав байгаа вэ. Үүнийг яаж шийдэх нь зүйтэй юм бол?

-Сурагчдын нийтийн тээвэртэй холбоотой асуудал бол нийслэлийн сурагчдын маш тулгамдсан асуудал байдаг. Яагаад гэвэл өнөөдөр 32 мянга гаруй сурагч сургууль руугаа нийтийн тээврээр зайлшгүй зорчих шаардлагатай байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр 180 гаруй мянган сурагчдын 32 мянга гаруй нь нийтийн тээврээр зайлшгүй зорчих шаардлагатай гэж үзэж болно. Энэ сурагчдын хувьд бол нийтийн тээврээр зорчиход үнэхээр олон хүндрэл өдрөөс өдөрт тулгарч байна. Автобусанд зорчихдоо хөөгдөж бууна, нүүр амаа маажуулж байна, мөнгө хураагчид олон нийтийн өмнө загнуулах, хэл амаар доромжлуулах явдал энгийн үзэгдэл болчихож. Нэг хүүхэд 200 төгрөг төлнө гэдэг нь сард нэг хүүхэд хамгийн багадаа 18000 төгрөг төлдөг гэсэн үг. Өдөрт зөвхөн хоёрхон удаа зорчино гэж үзвэл. Нэг айлд 2-3 хүүхэд байлаа гэхэд 70 орчим мянган төгрөг тухайн айл зөвхөн хүүхдүүдийнхээ автобусны мөнгөнд зориулж төлөх болж байгаа юм. Хүүхдүүд хаана их хүчирхийлэлд өртөөд байна вэ гэхээр нийтийн тээвэрт өртдөг.
-Сурагчдын холбооноос энэ асуудлыг шийдэх гарц нь юу гэж харж байгаа вэ?

-Сурагчдын холбооноос ямар санал, хүсэлтүүдийг тавьж байна вэ гэхээр нийтийн тээврийн үнэ нэмэгдэж байгаа бол хүүхдүүдийнхээ төлбөрийг хасаач ээ. Нөгөө талаас нийтийн тээврээр зорчиж байгаа сурагчдын эрх ашгийг хамгаалах асуудалд нийтийн тээврийн газрынхан бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Хамтын ажиллагааны зарим хэлбэрүүд тодорхойлогдож байгаа боловч зарим ойлгомжгүй зүйл байсаар л байгаа. Зөвхөн хяналт тавьдаг л хэлбэрт ажиллаад байгаа болохоос биш яаж тэрнээс урьдчилан сэргийлэх вэ, яавал соёлтой үйлчилгээг бий болгох вэ вэ гэдэг дээр тэр бүр бид хамтарч ажиллаж чадахгүй байна. Дараагийн нэг зүйл нь хүүхдүүд нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээр зорчдог. Сурагч гэдгийг батлаад дүрэмт хувцас өмсчихсөн харваас сурагч гэдэг нь ойгломжтой хүнээс сурагчийн үнэмлэх шаардаад байдаг. Жирийн нэг хүн сурагчийн дүрэмт хувцас өмсөөд явж байна гэдэг бол угаасаа боломжгүй. Түүнчлэн манай холбооны зүгээс бол хүүхдүүдийг үнэ төлбөргүй зорчуулах тал дээр маш болгоомжтой ханддаг. Яагаад гэвэл хүүхэд багаасаа бэлэнчлэх сэтгэлгээ суухгүйн тулд тодорхой хэмжээнийн мөнгө төлөөд явж болно шүү дээ. 50 төгрөг ч юм уу, бүр 20 төгрөг ч төлөөд зорчиж болох юм.

-Сургууль бүр автобустай болох ажлыг хэр сайн ажил гэж дүгнэж байгаа вэ?
-Сургууль автобустай болох нь зөв. Гэхдээ нэг сургууль 3000 орчим хүүхэдтэй. Тэнд нэг автобус хүрэлцээтэй байна уу гэвэл үгүй. Тэр автобус сургууль руу хүргэж өгчихөөд л яваад өгдөг. Гэрт нь хүргэж өгдөг систем өнөөдөр байхгүй. Сургууль автобустай болсноор давуу талууд бий болж байгаа л даа. Гэхдээ хүүхдийн асуудлыг шийдвэрлэсэн хангалттай аргачлал мөн үү гэвэл үгүй.

М.Даваасүрэн: Бид журмынхаа дагуу л үйлчилгээ үзүүлж байна
НТГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутнуудыг үнэгүй зорчуулдаг атлаа сурагчдаас мөнгө авдаг гэх шүүмжлэл байна л даа. Сурагчдыг үнэгүй зорчуулах боломж байддаггүй юм уу?
-Манайд дөрвөн янзын иргэн хөнгөлөлт эдэлнэ гэсэн журам байдаг. Хөнгөлөлт буюу үнэгүй зорчино гэсэн журам. Тэтгэвэрийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаагийн албан хаагч гэсэн дөрвөн бүлгийн хүмүүс үнэгүй зорчино. Үнэгүй зорчсон төлбөрийг нь тухайн харьяалагдах яамны багцад суулгаад, тэр багцаас нь сар болгон нийслэлийн тээврийн газрын аж ахуйн нэгжүүдэд ажлынх нь гүйцэтгэлээр олгодог юм. Энэ жил гэхэд БШУЯ-ны сайдын багцад 28.7 тэрбум төгрөг суулгасан. Энэ бол оюутнуудын үнэгүй зорчилтонд зориулсан нөхөн олговор. Үүнд 113 мянган оюутан үнэгүй зорчино гэж МОХ-оос гаргаж өгсөн тоо байгаа. Энэ нь манай Нийслэлийн тээврийн газрын хөрөнгө санхүүд тусгагддаггүй. Тус тус харьяалах яамдынх нь багцад тусгагдаад явчихдаг. Эндээс сар бүр ажлын цагийн гүйцэтгэлээр нь тодорхой хэмжээний нөхөн олговрыг манайх авдаг. Сурагчдын хувьд бол боловсролын газрын журмандаа тухайн сурагч өөрийнхөө харьяа дүүргийн ЕБС-д суралцана. Тиймээс үүнд зориулж ямар нэгэн байдлаар төлбөр суутгагдахгүй гэж заасан байдаг.

А.Өлзий

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …