Монголын Үндэсний АСА циркийн захирал Д.Пүрэвбадамтай ярилцлаа.
– Монголын үндэсний цирк өнөөдөр уран бүтээлийн болоод үйлчилгээ удирдлагын чиглэлийн ямар бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлийн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
– Манай цирк удирдлага зохион байгуулалтын хувьд захиргаа, уран сайхны зөвлөл, аж ахуй, үйлчилгээний алба, уран бүтээлийн хамтлагууд гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Циркийн жүжигчид, мэргэжлийн хамтлаг, хувь уран бүтээлчдийн нийт 150 хүнийг ажлын байраар хангаж, тэднийг бэлтгэл сургуулилтаа хийн шинэ уран бүтээлэ гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэн хамтарч ажилласнаар жүжигчид маань үндэсний болон олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна.
– Цирк бол эр зоригийн урлаг гэж би боддог, олон сайхан залуус энэ урлагт хүчээ сорьж байгаа байх, циркчдын залгамж халаа ямар байна вэ?
– Манай цирк жүжигчдын залгамж үеийг одоохондоо ахмад жүжигчид, багш нарын шавь сургалтаар онол дадлагыг сурган бэлтгэж байгаа ба цаашид мэргэжлийн жүжигчдээ үргэлжлүүлэн бэлтгэх, мэргэжлийн урлагийн сургууль шинээр байгуулах зорилт тавин ажиллаж байна.
– Та АСА циркийн захирал болоод хамгийн түрүүнд юу бодов? Ажлаа хаанаас эхлэхээр төлөвлөж байна вэ?
– Нэн түрүүнд авьяаслаг уран бүтээлчиддээ бэлтгэл сургуулилт хийх, уран бүтээлээ гаргах, мэргэжил дээрээ өсөх, үндэсний болон ОУ-ын урлдаан тэмцээнд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж, материаллаг баазыг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх талаар дэс дараалсан ажлуудыг ажил хэрэг болгох бодол төрж байна.
– Насаараа монголын циркийн хөгжилд зүтгэсэн ахмадууд маань одоо хаана ямархуу явж байгааг та бүхэн сайн мэддэг байх. Тэдэнтэй холбоотой байдаг уу, туслаж дэмждэг зүйл бий юу?
– Анх 2007 онд энэ циркийн барилгыг аван ажлаа эхлүүлэх үед 45-80 насны 100 ахмад настангуудыг хүлээж авч байлаа. Ахмад циркчдын холбооны дарга Доржнамжил дарга 2008 онд хуучин циркийн ахмадын хороог мэдэлдээ шилжүүлэн авснаар ахмадууд маань харьяалалтай болсон. Манай Монголын Үндэсний Циркээс 2008 оноос хойш тэтгэвэртээ гарсан 30 гаруй ахмад настан байгаа бөгөөд тэднийгээ Монголын цагаан сар болон Урлагийн ажилтны өдөрлөгөөр жилд 2 удаа албан ёсоор хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг ба ахмадууд ч тогтмол оролцдог. Мөн циркт ажиллаж байсан нийт ахмадуудаас зарим нь шавь сургалтаар мэргэжлийн циркчдыг сурган бэлтгэж байгаа бөгөөд Монгол улсын төрийн соёрхолт Ардын жүжигчин Б.Норовсамбуу, Гавьяат жүжигчин Г.Хишигдаваа, Ж.Жанчивдорж, СТА Б.Янжинбилэг нарын олон ахмадууд маань циркийн урлагийн хөгжлийн төлөө, залуу үеийг бэлтгэх үйлсэд одоо хүртэл ажиллаж байгааг дурьдахад таатай байна. Мөн Англи улс, АНУ, ӨАБНУ-ын циркийн сургуульд багшилж байгаа Д.Сүхбаатар, Я.Оюунчимэг, Ж.Эрдэнэчимэг, Цагаанхүү, найруулагч О.Машбат нар бидэнтэй байнгын харилцаа холбоотой байж, санал бодлоо солилцдогт талархаж явдаг. Бид саяхан МУГЖ Ягаанцэцэгт шинэ оны мэндчилгээ явуулахад хариу талархалаа манай хамт олонд ирүүлсэнд бид баяртай байгаа. Мөн хуучин Монгол циркэд ажиллаж байсан Дэмчигжав, Шаравдорж, Норжмаа, Бямбацоодол, Галсантогтох, Саруултөгс нарын 50 гаруй ахмад уран бүтээлчид одоо ч гэсэн бидэнтэй холбоотой ажиллаж, тэднийг өөрийн болон гадаадын улс орны циркийн тоглолт, манайд зохиогдож байгаа шашин, соёл урлагийн цэнгүүнд урин оролцуулдаг. Бид циркийн зарим өндөр настай ахмадуудынхаа ар гэрээр зочлон ахуй амьдралтай нь танилцан мөнгөн тусламж өгөн зохих дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
– Циркийн маань гадаад харилцаа ямар түвшинд байна?
– ОХУ-ын Москва хотноо 2013 онд зохион байгуулагдсан ОУ-ын “Идол” тэмцээнд миний бие хүндэт зочноор уригдан уг тэмцээний зохион байгуулалттай өөрийн биеэр очиж танилцсан. Уг арга хэмжээнд Европын орнуудын Циркийн холбооны Ерөнхийлөгч болон ОУ-ын анхны тэмцээнийг санаачлан зохион байгуулсан хүндэт ерөнхийлөгч, ОХУ-ын “Росгосцирк” компанийн ерөнхийлөгч Халилова Фарзана Рахимовна тэргүүтэй гадаад улс орнуудын 12 ерөнхийлөгч нарын оролцсон ажил хэргийн уулзалт болж, энэ уулзалтын хүрээнд зарим улсын цирктэй бид хамтран ажиллахаар анхны яриа хэлэлцээрт хүрээд байна.
– Манай олон уран бүтээлчид гадаадын улс орнуудад уран бүтээлээрээ гэрээгээр ажилладагийн ихэнх нь циркийн урлагийнхан байдаг гэж сонссон?
– Манай циркийн уран бүтээлч залуус гадаадын улс орнуудын циркчидтэй хамтран олон улсын хамтарсан тоглолтуудад жил бүрийн 6 сараас эхлэн жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан амжилттай оролцон тоглож байгаа нь тэднийг мэргэжилдээ өсөх, орчин цагийн шоу циркийн хөгжилд хөгжилд тэргүүлэх үзүүлбэрүүдээс суралцан жилээс жилд эх орныхоо нэрийг өндөрт гарган амжилттай оролцож, удаа дараа шагналт байранд шалгарч байгааг дурьдахад таатай байна.
– Аливаа уран бүтээл чанар чансаатай болоход ахуй хангамж, бэлтгэл хийх байр гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Энэ талаар ?
– Тиймээ, бид жүжигчид болон ажиллагсдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд 2014 оны 1 сард нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан зарим жүжигчдийг ардын анагаах уламжлалт эмнэлэгт эмчлүүлэн сувилуулж байна. Циркийн жүжигчдийн нийгмийн асуудал ялангуяа орон байрны асуудал үнэхээр хүндрэлтэй байдаг. Шинээр олон сайхан залуучууд гэр бүлэн болон гал голомтоо асаан үр хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан амьдарч байхад нэг хэсэг нь өөрийн гэсэн орон гэргүй эцэг эхийн болон байр хөлслөн амьдарч байна. Иймд Монголын циркийн урлагийн бахархал болсон гайхамшигт үзүүлбэрүүдийг дэлхийн олон улс оронд болон өөрийн орны ард түмэндээ толилуулж яваа ахмад, залуу үеийн жүжигчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах асуудлыг төр засаг анхааралдаа авч, бодлогоор дэмжих саналыг дэвшүүлж байна.
– Циркийн залуу халааг бэлтгэх талаар тодруулахгүй юу?
– Цирк бол өвөрмөц онцлогтой хүссэн хүн бүхэн хийгээд байдаггүй урлаг болохоор хойч үеэ ихэвчлэн шавь сургалтаар бэлтгэж, багш шавийн залгамж холбоотой ажиллаж байна. Мэргэжлийн урлагийн сургуулиудтай холбоотой байж, урлагийн мэргэжлийн оюутнуудад циркийн анхан шатны суурь мэдлэг, чадвартай болгоход анхаарч ХБК, СУИС-ийн сургалтын бааз сууринд түшиглэн циркийн хойч үеийн системтэй бэлтгэхд зорьж байна. Ялангуяа бүжгийн урлагт суралцаж байгаа оюутнуудаас сонгон циркийн нэмэлт төрлүүдээр хичээллүүлэх замаар циркчин болгохыг сургалтын гол зорилго болгохоор хамтран ажиллаж байна. Одоо манай циркт СУИС-ийн 20 гаруй оюутан мэргэжлийн дадлага хийж байгаа нь энэ хамтын ажиллагааны нэг үр дүн юм. Цаашид бид циркийн жүжигчдийг мэргэжлийн дээд боловсролтой, өндөр ур чадвартай боловсон хүчин болгоход илүүтэй анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
– Циркийн урлаг бол нэг талаас эр зоригийн , нөгөө талаас эрсдэл ихтэй хүнд спорт. Эрсдэлгүй байх баталгааг хангах талаар ?
– “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ. Циркийн урлаг болон ёпорт нь онцгой мэргэжил бөгөөд жүжигчин хүн бүрийн өөрийн авьяас чадвар, үзүүлбэрийг олон үзэгчдийн өмнө үзүүлэн баясгадаг ч унаж бэртэн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч болзошгүй байдаг. Ер нь бол эрсдэлтэй салбарт ажилладаг болохоор бид дээрх хүсэлтийг тавиад байгаа юм. Жүжигчид маань эрүүл мэндийнхээ төлөө үзүүлбэрээ яаж эрсдэлгүй, алдаа гаргахгүй хийх вэ гэдгийг цаг ямагт анхааран мэдэрч байх нь зөв болов уу. Тиймдээ ч бид санхүүгийн туслалцаа үзүүлэн тэднийг уран бүтээлээ хийхэд нь шаардлагатай тоноглол, аппарат хэрэгсэл, лонжийг өөрсдөө гардан хариуцан хийлгэх боломж, нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг ба бодлогоор циркийн мэргэжлийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн ажилтанг ажиллуулж байна.
– Монголын Үндэсний цирк уран бүтээлийнхээ 2014 оны төлөвлөгөөг гаргасан байх. Энэ онд ямар ямар уран бүтээл хийхээр төлөвөлж байна вэ?
– Ялгуусан хэмээх модон морин жил буюу 2014 онд манай хмат олон ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын өдөр, Эх үрсийн баяр, Үндэсний баяр наадам, гадаад жуулчдад зориулсан тоглолт, намар цагийн нээлт, шинэ жилийн баяр гэх мэт тэмдэглэлт өдөрт зориулсан зохиомжит тоглолтуудыг үзэгчиддээ толилуулахаар төлөвлөөд байна.
Монголын үндэсний циркийн зорилго бол Монгол ахуй, зан үйл, соёлын өвийг хадгалуулж, бие бялдарын уран чадварын гайхамшгийг хөгжүүлж, үндэсний уламжлалт соёлоо дээдлэн хамгаалж, хүн төрлөхтний өнөөгийн соёлын түвшинд хүрч, дэлхийн циркийн урлагт Монгол улсын нэрийг өндөрт өргөж явахад оршино.
Бид “Монгол циркийн урлагийн гайхамшгийг дэлхийд харуулна” уриатайгаар, брэнд болсон Монголын уран нугаралт, хүч тамирын гайхамшигт үзүүлбэртээ тулгуурлан дэлхийн жишигт хүрсэн циркийн урлагаар үйлчлэх зорилттойгоор ажиллаж байна.