Монгол Улсын зорчигч тээвэр 2014 оны эхний хоёр сард өнгөрсөн жилийн мөн үеэс буурсан үзүүлэлттэй гараад байна. Үүний зэрэгцээ ачаа, тээвэр ч гэсэн буурсан дүнтэй гарчээ. Ялангуяа зорчигч болон ачаа, тээврийн олон улс, дотоодод тээвэрлэсэн байдал буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2014 оны эхний хоёр сард нийт 2.8 сая тонн ачаа төмөр замаар тээвэрлэсэн нь нэг жилийн өмнөхөөс 5.1 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хэдийгээр төмөр замын ачаа, тээврийн хэмжээ бууралттай гарсан ч транзит тээврийн бүлэг онцгой өсөлт үзүүлсэн байна. Тухайлбал энэ оны эхний хоёр сард хийгдсэн транзит тээврийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 52.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Монгол Улс транзит тээврийн хэмжээг энэ жил 760 мянган тонноор нэмэгдүүлж, улсын төсөвт 30 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэдгээ зарлаад удаагүй байгаа ч гүйцэтгэл нь сайн байна. Харин агаараар тээвэрлэсэн ачаа нэг жилийн өмнөхөөс 6.9 хувиар буурчээ.
Үүнээс том оврын ачааны хэмжээ 15.6 хувиар өссөн ч шуудангийн илгээмж 38 хувиар, тээш 64 хувиар тус тус буурсан нь нийт бүлгийн үзүүлэлтийг доош татаж байна. 2014 оны эхний хоёр сард 61 мянган хүн олон улсад агаараар зорчсон бол 40.2 мянган хүн дотоодод аялжээ. Мөн төмөр замын олон улсын тээврээр 20.6 мянган хүн аялаад байгаа бол орон нутагт 513.2 мянгаар хэмжигдэж байна. Ингэснээр төмөр замын нийт орлого 53.3 тэрбум төгрөг болсон бол агаарын тээврийн салбарын орлого 28.7 тэрбумд хүрчээ. Дашрамд дурдахад энэ он гарснаас хойш усан замаар тээвэрлэлт хийгээгүй байгаа ч ирэх зургадугаар сараас өмнө туршилтын тээвэрлэлт хийх болсон талаар Зам, тээврийн яамнаас мэдээлж байна.
Д.Амар