Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх зорилготой “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 2,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ
Түүнчлэн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас хийгдэх санхүүжилт нь энгийн эх үүсвэрээс санхүүжих арилжааны зээлийн хөрөнгөөс бүрдэх аж. Мөн тус зээл нь 15 жилийн хугацаатай, үүнээс таван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж зээлийн хүү нь Лондонгийн биржийн банк хоорондын зах зээлийн жилийн хүүн дээр 0.4 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм байна. Төслийг хэрэгжүүлснээр мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжлэг болохоос гадна олон улсын санхүүгийн зах зээлд нэгдэн орох боломжийг өргөтгөх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
Д.Амар