Монголчууд эртнээс нааш үндэсний бөхөө дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Бөхдөө дуртай, бөхчүүддээ хайртай монгол түмэн маань үндэсний бөхчүүдтэй холбоотой олон сөрөг үйлдлийг тэгэсгээд “уучлаад” өнгөрүүлдэг.
Ер нь улсын цолтой бөх болно гэдэг бол нэг талаас эцэг эхийн удам генийг өөртөө шингээж төрөхөөс гадна, нөгөө талаас өөрийн уйгагүй хичээл зүтгэл, бэлтгэл мэрийлтийн үр дүн байх гарцаагүй. Хэрэв удам дамжсан бөхийн генийг өвлөн төрөөд уйгагүй хичээл зүтгэлээр түүнийгээ хөгжүүлж чадвал тэр бөхийг “төрмөл” бөх гэнэ бизээ.
Хуучин цагийн бөхчүүдийг ажиглаад байхад туранхай атлаа шөрмөслөг, мөн дээр нь хурд, мэхийг угсаруулан хийж хурдан шаламгай өрсөлдөгчтэйгээ барилддаг байсан нь анзаарагддаг. Харин одоо бол Японы сумо бөхөөс ялгарамгүй жингээр өрсөлдөх мэт тарган бөхчүүд, бие бие “ажигласаар” эцэстээ барьц сонгохыг илүүд үзэн барилдахчаа аядах мэт. Мөн дээр нь өнөө цагийн бөхчүүдийн барилдах нь зодолдох мэт болж унавал уурлан, өрсөлдөгчөө цохих, гарыг нь хөших, өшиглөх зэргийн үйлдэл гаргана.
Монгол бөхөд цолны найраа гэгч зүйл бүрэн хавтгайрсан гэдгийг бөхчүүд өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн үеэр Женко Х.Баттулга болон үндэсний бөхийн их аваргууд хэлнэ билээ. Цолны найрааны асуудлыг дээр дооргүй мэддэг ч энэ талаар дорвитой арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал. Үүнийг бууруулахаар Үндэсний бөхийн холбооноос барилдааны дүрэмд өөрчлөлт оруулан оноолт, ам авах байдлыг даваа бүртэй уялдуулан ээлжлэн оруулсан ч найраа үргэлжилсээр. Одоо бүр улс, аймгийн цол бүхэн тодорхой тогтсон ханштай байдаг болсон гэнэ.
Бөхчүүдийн их зантай, аархуу, дээрэнгүй, харамч хахир ааш араншингийн талаар хүмүүсийн мэдэх олон жишээ байдаг ч нөгөө л бөхөө хүндэлдэг зангаараа монголчууд тэр бүр муулахгүй. Бидний мэдэхийн улсын өндөр цолтой бөхчүүд энд тэндэхийн барилдаанд очиж олон шагнал уламшуулал авдаг атлаа нэг удаа бусдын тусын тулд буяны гараа сунгасныг санахгүй юм. Мэдээжийн хэрэг хөлс хүчээ урсган байж хүрсэн амжилтыг бид хүндлэх ёстой. Асар их хичээл зүтгэлийн үр дүнд амжилт гарган улсын цолонд хүрсэн бөхчүүд түүнийхээ алдар гавьяаг эдлэх нь зүйн хэрэг.
Гэтэл…, хөдөлмөр, бэлтгэл, мэрийлтээрээ амжилт хүрэхээр зорьж яваа нэгэн байхад элдэв эм тариа, уураг бодис хэрэглэн амжилт гаргахыг улайрах нэгэн бөхчүүд дунд бас байдаг гэдгийг сонсоод эхлээд чихэндээ итгэж чадахгүй “шоконд” орлоо.
Сүүлийн үед хурдан морьны уяачид л уралдуулах морьддоо элдэв эм тариа, допинг “шахдаг” тухай дуулж байснаас биш, монгол үндэсний бөхчүүд ийм төрлийн зүйл хэрэглэж байна гэдэгт одоо ч итгэж чадахгүй хэвээр байна. Хүн өөрөө биологийн нэгэн “төрлийн амьтан” юм болохоор онолын хувьд ийм төрлийн хүч тамир оруулах бэлдмэлийг хэрэглэж болдог ч энэ нь эргээд бүхий бие махьбодид сөргөөр нөлөөлдөг. Иймээс дэлхийн хэмжээний бүх спортод допингийн төрлийн эм бэлдмэлийг ор тас хориглож, ямар нэгэн байдлаар ийм эм тариа шинжилгээгээр тамирчнаас илэрсэн тохиолдолд түүний амжилтыг шууд үгүйсгэж хүчингүй болгодог. Допингийн асуудлаас болж олимпийн аварга алтан медалиа хураалгаж, хэн ч биш болж байсан жишээ Их спортод цөөнгүй бий.
Харамсалтай нь манайд энэ төрлийн нарийн шинжилгээ хийдэг лаборитори байхгүйгээс болж зөвхөн улсын наадмын их шөвгийн бөхчүүдийн шээснээс дээж авч Азийн бусад улс орнууд руу шинжилгээ хийлгэхээр явуулдаг юм билээ.
Миний сонссон эл асуудлыг бөх сонирхогчид хэдийнэ мэддэг болж, хэн хэн хэрэглэдэг гэдгийг ч тааварладаг болсон юм байх. Тэр бүү хэл бөх сонирхогчдын дунд “турбо”-той бөхчүүд гэдэг үг гарсан байна.
Уран сайхан барилдаж, амжилт гаргахыг хүсэх нь залуу бөхчүүдийн хувьд чухал гэдэг ойлгомжтой. Харамсалтай ингэж улайрахдаа хэрвээ үнэн бол спортод харш элдэв эм бэлдмэл хэрэглэх наанадаж өөрийн эрүүл биеэ хордуулах, цаанадаж нутаг ус, монгол бөхийн нэр сүрийг сэвтээх хэрэг байна уу.
Энэ чиглэлээр бид үргэлжлүүлэн эрэн сурвалжилж баттай мэдээлэл олж та бүхэндээ хүргэх ба энэ үеээр ямар цолтой, хэн гэдэг бөх допингийн чиглэлийн эм бэлдмэл хэрэглэж байгаа тухай мэдээллийг олон нийтэд ил болгох болно.
Өнөөгийн бөхчүүд төрмөл юмуу, таримал уу гэдэг асуултанд энэ удаад бүрэн хариулж чадалгүй сонголтыг таньд үлдээлээ…
А.Галт