Ерөнхийлөгч МҮЭ-тэй хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МҮЭ-ийн ерөнхийлөгч М.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ нарыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс орон даяар хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг МҮЭ дэмжиж буйг тус холбооны ерөнхийлөгч М.Амгаланбаатар илэрхийлээд тодорхой саналууд гаргаснаа мэдэгдэн Төрийн тэргүүнд гардуулж өгөв. Том төрөөс ухаалаг төр рүү шилжих бодлогыг МҮЭ  үйлчилгээний тал руу, ялангуяа төрийн үйлчилгээний тал руу хандуулж, иргэдэд хүнд суртал багатайгаар төрийн үйлчилгээг хүргэх талаас нь харж буйгаа тэрээр хэллээ. Монгол төрийн зохион байгуулалтыг оновчтой болгох, улс төрийн сонгуулийн дараа төрийн албаны бүтцийг өөрчилж, төрийн албан хаагчдыг халж сольдог байдлыг цэгцлэх, эдийн засгийн өсөлтийг ард түмний аж амьдралд шингээх, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхдээ зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна  ажиллагчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг боловсронгуй болгох зэрэг саналыг МҮЭ-ээс гаргасныг Төрийн тэргүүнд уламжиллаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлэхдээ “Монголын хамгийн олон гишүүнтэй, хамгийн ажил хэрэгч байгууллага “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллах санал дэвшүүлсэнд талархаж байна. Одоо төрийн байгууллагууд тархай ажиллах биш, мөнгө санхүү, хүний нөөц, хүчин чадлаа нэгтгэе. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эхэлж ухаалаг төрийн зарчимд шилжие гэсэн гол ажил руу орж байгаа. Эхлээд ажлынхаа дарааллыг тогтоё. Технологио сайн ойлгохгүй бол зүгээр яриа болж хувирна. Ингэх ёсгүй.

Төрийн албаны нэгдмэл стандарт гаргаж, төрийн үйлчилгээ гэж яг юу байна, хэдэн төрлийн үйлчилгээ иргэдэд үзүүлж байна гэдгийг бүртгэе. Нэгдсэн программд оруулъя. Зарим оронд 4000 үйлчилгээ, зарим газарт 1000 байна. Тэгвэл манайд хэд байна гэдгийг бүртгэе. Аль ч суманд очсон иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ ижил байх ёстой. Иймэрхүү зохион байгуулалтад дээрээсээ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эхлэн орж, ухаалаг төрийн зарчимд шилжие гэж байгаа.

Ухаалаг төрийг гол зохион байгуулах хүмүүс нь орон нутагт ч, төвд ч ялгаагүй Тамгын газрын дарга нар гэж үзэж байна. Тэднийг авчирч сургалтад хамруулъя. Тэр хүмүүс ухаалаг төрийн зохион байгуулалтыг хийх юм. Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг улс төрийн албан тушаалтнууд нь ухаалаг төрийн бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн манлайлал, удирдлагыг хангадаг, Тамгын газрын дарга нар нь ажлаа хийдэг байдал руу оръё гэж байгаа.

Ухаалаг төр зөвхөн төрийн байгууллагатай ч холбоотой асуудал биш. Хувийн хэвшил, нийт аж ахуйн нэгжтэй, хүн ажиллуулдаг газар бүхэнтэй холбоотой ажил юм. Газар бүхэн үйлчилгээгээ иргэдэд яаж үр бүтээлтэй хүргэх вэ гэдгийг бүгдээрээ бодох ёстой. Улс орон даяар ижил төрлийн бизнес, үйл ажиллагаандаа нэгдсэн стандарт барьдаг, тэр нь хүн бүхэнд ойлгомжтой, авах үйлчилгээ нь ойлгомжтой байдлаар зохион байгуулна.

МҮЭ-ийн удирдлагууд та бүхэнд талархаж байна. Өмнө нь ч бид уулзаж ярьж байсан. Цаг үеэ олсон хамтын ажиллагаа болох байх гэдэгт итгэж байна. Их баярлалаа” гэлээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …