Хил, гааль дээр шаарддаг бичиг баримтыг гурав дахин цөөлжээ

indexШинэчлэлийн Засгийн газраас тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх зорилгоор хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-аас “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөн өчигдөр болов.

Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн ес нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын шалтгаан болдог ажээ.

Хил, гаалийн үйлчилгээний өнөөгийн бодит байдлыг илтгэсэн нэгэн иргэний захидлыг зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ- ын дарга Ч.Сайханбилэг сайд уншиж өгөв. 14 мянган ам.долларын үнэлгээтэй бараа импортлохдоо гааль дээр 6000 ам.долларын зардал гаргасан, үүний дөрөвний нэгийг нь тэндэхийн зарим ажилтны “гар цайлгахад” зарцуулсан гэж гадаад худалдаа эрхлэгч жирийн нэгэн компанийн ажилтан захиралдаа илгээсэн захидалдаа бичжээ. Харин одоо энэ байдал арилна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлсэн.

Тухайлбал, Гаалийн тухай хуулиар хил, гааль дээр шаарддаг 11-13 төрлийн бичиг баримтыг 2-4 болгож цөөлсөн бол Мэргэжлийн хяналтын тухай хуулийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм. Ирэх сарын 1-нээс боомтын үйл ажиллагаа шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлнэ гэдгийг ч тэрээр хэлсэн.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …