Төрийн ордонд өнөөдөр морин хуурын сонгодог бүтээлүүд эгшиглэнэ

sНүүдэлчин Монгол түмний өв соёл, зан үйлийн уламжлалыг илтгэх урлагийн ховор нандин төрлүүдээрээ бид дэлхийн хэмжээнд бахархадаг. Харин түүнийг хадгалж, хамгаалах, цаашлаад хойч үедээ танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх тухай асуудал өнөөдөр ч анхаарлын төвд байсаар байна. Хэдэн зуун жилийн тэртээгээс төр түмэндээ хүндлэгдэж, соёлын өвийн илэрхийлэмж болж ирсэн морин хуурыг өнөө цагт ч дээдлэн шүтэж төрийн хөгжим болгосон зарлигдсан нь Монгол улсын үндсэн хууль, Төрөөс баримтлах бодлого, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр зэрэг төрийн баримт бичигт ардын урлагийг төрийн ивээлд байлган судалж, сурталчилах, хадгалж, хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх тухай цогц бодлогын үндэс тавигдсан.

Төрөөс баримтлаж байгаа энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд залуу уран бүтээлчдийн зүгээс гар бие оролцож байгаагийн илрэл бол залуу уран бүтээлч Доржнямын Шинэцогийн анхны бие даасан “Морин хуур мину” морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт юм. Монголын сор болсон уран бүтээлчдийн зүгээс морин хуур хөгжимд зориулсан олон гайхамшигтай бүтээлүүдийг гаргасан байдаг ч тэр бүр нэг дор эгшиглэж, үзэгч олонд хүрч байгаагүй. Харин “Морин хуур мину” концерт нь тэдгээр аялгууг нэг дор эгшиглүүлэх юм.

Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт гэдэг утгаараа энэхүү тоглолт нь анхдагч болж байгаа бөгөөд олон нийтийн хөгжмийн боловсролд зориулагдсан, үндэсний өв соёлоо таниулах томоохон зорилгыг агуулж байгаа тул ашгийн бус үнэ төлбөргүй төрийн ордонд тоглогдох юм. Монгол үндэсний хөгжимд зориулагдсан Монгол хөг аялгуу гэдэг өөрөө сонгодог бүтээлд тооцогдох тул морин хуур хөгжимд зориулагдсан бүтээлүүд цаашид цуврал концерт болон тоглогдож, олон нийтэд урлагаар дамжин соёлын өвийг таниж мэдэх боломжыг олгохоор төлөвлөгдөж байна.

Тоглолтод төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Б.Мөнхболд, Олон улсын хөгжмийн зохиолчдын наадмын шагналт Ш.Өлзийбаяр нарын бүтээлээс сонордуулах бөгөөд тоглолтыг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарат найруулж, урлагийн гавъяат зүтгэлтэн, Улсын филармонийн уран сайхны удирдаач Н.Бүтэнбаяр удирдаж, Улсын филармонийн симфони оркестр нар оролцох юм.

Мөн ерөнхийлөгч, ерөнхий сайд, хөгжим судлаачид, хөгжмийн зохиолчдыг урьсан уг тоглолтыг 800 хүн үзэхээс гадна энэ орой 40-50 морин хуураар үзэсгэлэн гаргах аж.

“Морин хуур мину” морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт энэ сарын 21-нд буюу өнөөдөр 19.00 цагаас Төрийн ордны их танхимд ёслол төгөлдөр зохион байгуулагдана.

index

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …