Монголын Менопауз ба Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг, ЭХЭМҮТ-тэй хамтран “Цэвэршилтийн үеийн тусламж, үйлчилгээний орчин үеийн удирдамж” сэдэвт семинарыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болжээ.
“Сүнжин Гранд” зочид буудалд болох энэхүү семинарт нөхөн үржихүйн дараах насны эрүүл мэндийн талаар сонирхдог бүх мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон удирдлагууд, нийгмийн ажилтнууд, эрдэм шинжилгээ судалгааны ажилтнууд, энэ чиглэлээр сурч байгаа их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд оролцсон бүх хүмүүст лекцийн гарын авлага, танилцуулах материал тараагдах юм.
Семинарт цэвэршилт болон нөхөн үржихүйн дараах насны эрүүл мэнд, түүнтэй холбоотой тулгамдсан асуудлууд болох зүрх судас, бодисын солилцооны эмгэг, ясны сийрэгжилт, хорт хавдар, эрт цэвэршилт болон, эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын буурал, цэвэршилтийн насны сэтгэл зүй болон зөвлөх үйлчилгээний ач холбогдол зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдах бөгөөд Олон Улсын Цэвэршилтийн Нийгэмлэг (IMS)-ээс танилцуулсан даавар орлуулах эмчилгээний шинэ аргачлалыг танилцуулна.
Монголын Менопауз ба Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг (ММАЗН) нь 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, үйл ажиллагааны чиглэл нь цэвэршилт болон дунд насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн даавар буурсантай холбоотой эрүүл мэндийн өвөрмөц байдал болон өвчлөлийг судлах, эрүүл хэлбэрээр насжих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын стандартын мэдээлэл хүргэж, сургалт явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх явдал юм.
Цэвэршилт болон цэвэршилтийг дагасан эрүүл мэндийн эмгэг асуудлуудтай олон эмэгтэйчүүд нүүр тулгарч байдаг. Өнөөдөр манай нийгэмд цэвэршилтийн өөрчлөлтийг буруугаар ойлгож, сөргөөр ханддагаас мянга мянган эмэгтэйчүүд, болон тэдний гэр бүлийнхэн шаардлагагүй шаналах, үргэлжид зовиурлах, өвчлөлд өртөх, эмчилгээнд шаардлагагүй зардал гаргах, эрт эндэх ноцтой асуудлууд бий.
Өнөөдөр бид цэвэршилтийг бүрэн гүйцэд судалж, цэвэршилттэй холбоотой эрүүл мэндийн тусламжийн зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай байна. Юуны түрүүнд цэвэршилт гэж юу байдаг, тэр байтугай цэвэршилт гэж юу биш гэдгийг, хэзээ бөгөөд яаж эхэлдэг, яг бодитоор хир удаан үргэлжлэх ёстой байдаг, эмгэгт хам шинжийг нь гаж үр дагаваргүй мөртлөө үр дүнтэй эмчлэх бөгөөд хамгийн гол нь ямар ч арга хэмжээ авахгүй бол ямар сөрөг үр дагавартай байдгийг бүгдийг шийдэж тодорхойлох хэрэгтэй байгаа юм.
Улс эх орны эдийн засаг, хөгжил, нийгэм улс төрийн хариуцлагатай алба гүйцэтгэж буй 40-өөс дээш настай хүмүүсийн эрүүл мэндийн эдгээр асуудлуудыг шийдэхгүй бол эрт насжих, зүрхний хүнд эмгэг, хорт хавдар, олдмол чихрийн шижин, сэтгэцийн өөрчлөлт, ясны сийрэгжилт, цус харвалт зэрэг хүнд үр дагаварт хүргэх аюултай.
Энэ үүднээс Монголын Менопауз ба Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг нь дунд насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн даавар буурсантай холбоотой эрүүл мэндийн өвөрмөц байдал болон өвчлөлийг судлах, эрүүл хэлбэрээр насжих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын стандартын мэдээлэл хүргэж, сургалт явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлээд 3 дахь жилдээ ажиллаж байна.