Сүүлийн үед ШӨХТГ-аас менежментийн гэрээгээр хувьчлагдсан төрийн өмчит газруудад шалгалт хийж нийгэмд багагүй дуулиан тарьж байгаа.
Тодруулбал “АСА” циркийн хувьчлалтай холбоотой асуудал сөхөгдсөнөөс хойш хувьчлал нэрээр бусдын гарт орж үгүй болсон улсын объектуудыг төр анхаарч эхэллээ.
Өөрөөр хэлбэл хувьчлагдсан гэх урлагийн газрууд “АСА” цирк шиг хувьчлалынхаа гэрээг зөрчсөн үү, аль эсвэл гэрээнд заасны дагуу ажиллаж байна уу гэдгийг ШӨХТГ, болон ТӨХ шалгаж эхлэхээр болсон байна.
Товчхондоо менежментийн хувьчлалаар хувьчлагдсан урлаг соёлын гурав, дөрвөн газрыг шалгаж байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Нэгийг нь онилоод нөгөөг нь зүгээр орхиж болохгүй.
Тиймээс бид бусад хувьчлагдсан газруудыг ч шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд нэрийг нь зарлах болно, одоо бол цаг нь арай биш.
Учир нь энэ нь байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим нэг нь менежментийн хувьчлалаар аваад гэрээнийхээ дагуу үүргээ сайн биелүүлж ажилласан хүмүүс ч бий. Төрөөс барьж байгаа гол бодлого бол заавал хувьчилсан газраа эргүүлээд авах гэхээсээ илүү үйл ажиллагааг нь засч залруулан хэвийн болгох шүү дээ” гэв.
Ямартай ч албаны хүний хэлж буйгаар соёлын гэх тодотголтой газруудыг шалгаж байгаа нь үнэн бололтой.
Тэгвэл “АСА” циркээс гадна олон нийт авч үлдэхийг хүссэн нэг газар нь бол яах ч аргагүй “Ард” кино театр. Тодруулбал тус кино театрыг анх 1996 онд менежментийн хувьчлалаар хувь хүний мэдэлд шилжсэн гэдгийг хүн болгон л мэднэ. Мэдээж тухайн үед хувьчлал хийхдээ тодорхой зүйлүүдийг гэрээнд заасны дагуу хувьчлал явагдсан нь ойлгомжтой.
Одоо тэгвэл тус театрт дохиолол хамгаалалтын алба, жуулчны газар, банк, бүжгийн сургалтын төв, ломбард, канон, зурагчин, нотариат, гээд ашгийн төлөөх үйлчилгээний байгууллагууд ажиллаж, эздүүд нь мөнгийг зүгээр сууж байгаад л олдог.
Тэгвэл тус кино театрыг өнөөдөр хэн гэгч ийм байдалд хүргэв гэвэл бидний сайн мэдэх Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гуай юм. Учир мэдэх хүмүүс түүнийг АН-ыг засаг барьж байх үед “Ард” кино театрыг менежментийн хувьчлалаар авсан ч үндсэн зориулалтаар нь ашиглалгүй бусад газруудад түрээсэлж, их хэмжээний ашиг олдог гэж хэлж байсан юм. Уг нь анх тус кино театрын хувьчлал явагдаж байх үед маш олон хүн хувьчилж авах саналаа өгч байсан гэдэг. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийнхэн энэ олон хүн дотроос сонголтоо хийж байгаад урлагийн хүн гэдэг утгаар нь Д.Сосорбарамд их л итгэж хувьчилуулж байсан юм билээ.
Гэтэл өөрийгөө “урлагт ээлтэй шударга нэгэн шүү би” гэж тодорхойлдог Төрийн соёрхолт өдгөө “Ард” кино театрыг ямархуу дүр зурагтай болгосныг нь найман настай балчраас наян настай буурал нь хүртэл мэдэх байх.
Уг нь менежментийн хувьчлал гэдэг нь үйл ажиллагааг нь зориулалтын дагуу ашиглаж, байгаа эд зүйлсийг нь засч сайжруулна гэсэн үг
Ер нь бол хувьчлалыг маш хуудуутай явуулсан гэдгийг албаныхан хүртэл өөрсдөө хэлж байсан. Энэ тухай ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар “Хувьчилж авсан л бол гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэх ёстой” гэж байв.
Тухайлбал “АСА” циркийг хувьчлахад ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүс нь зургаахан хоног өвдөөд ирэх хооронд нь тэдний хийсэн бүтэн нэг жилийн ажлыг нь салхинд хийсгэж “АСА”-г хувьчилсан гашуун түүх ч бий. Өнөөдөр манай улсад гэмт хэргийн гаралт маш их өсч байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхлээр залууст чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй.
Тэгэхээр тэд баар цэнгээний газарт цагаа өнгөрүүлж, буруу замаар будаа тээх болсон. Тиймээс л оюутнууд өнгөрсөн жил Сүх ахын талбайд “бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хэрэгтэй” байна хэмээн жагсаал зохион байгуулж байсан.
Өөрөөр хэлбэл нийслэлд нэг сая гаруй хүн амьдардаг үүний 70 орчим хувь нь залуус байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ.
Тиймээс л зарим нэг УИХ-ын гишүүд улсын төсөв хэлэлцэхэд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэхэд чиглэсэн барилга, байгууламжийг олноор нь барих хэрэгтэй хэмээн хуулийн төсөл хүртэл боловсруулж байсан.
Тиймээс Төрийн соёрхолт Д.Сосорбарамын анх хувьчилж авсан гэрээг олон нийтэд ил болгож, түүний энэхүү бусармаг үйлдлийг таслан зогсоож төрийн өмчийг төрд эргүүлэн өгөх нь зөв байх гэсэнтэй хүн болгон санал нэгдэх байх.
Ер нь бол менежментийн хувьчлал гэдэг бол зөвхөн удирдлагыг хувьд шилжүүлэхээс бус барилга байгууламжийг шилжүүлдэггүй гэдгийг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ч хэлж байсан. Өөрөөр хэлбэл байшин барилга нь улсын өмч хэвээрээ байгаа гэсэн үг. Юутай ч хувьчлал гэх нэрээр ашиг олж буй Со гавьяатаас “Ард” кино театраа эргүүлэн авах нь зүйн хэрэг байх.