Монголын Уран зургийн галерейн танхимд Хөрөг зургийн үзэсгэлэн өнөөдрөөс эхэлэн ирэх 4-р сарын 30-ыг хүртэл үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус үзэсгэлэнд галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй хөрөг бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа юм.
Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэмийн “Өөрийн хөрөг”, “Ү.Ядамсүрэн”, “Зураач Маньбадар”, Г.Одонгийн “Ахмад уран бүтээлчид”, Ү.Ядамсүрэнгийн “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, До.Болдын “Барималч Амгалан”, Монгол Улсын ардын зураач Б.Гомбосүрэнгийн “Цэдэнбалын бага нас” болон зураач Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Жамсраны “Манлайбаатар”, Н.Орхоны “Жамуха хаан ба ганцаардал”, Лхагвадоржийн “Ардын жүжигчин Чимэд-Осорын хөрөг”, Б.Насанцэнгэлийн хөрөг зургууд зэрэг үе үеийн түүхэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соёл, урлагийн авьяастнуудын хөрөг, ахмад дайчин, партизанын хөргөөс монгол бүсгүйн хөргүүд багтжээ. Хөрөг зургийн үзэсгэлэнд бодит дүрслэлээс эхлээд орчин үеийн хийсвэр дүрслэлтэй хөргүүд ч тавигдсан байна.