Энэ ондоо багтаад “урт нэртэй” хуулийг нэг тийш нь болгоно

 Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд байгаль орчны кадастрын зураглал дахин хийхээр болсон. Энэ талаар БОНХЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын дарга Х.Түвшинбаяртай ярилцлаа. 

-“Урт нэртэй” хууль одоог хүртэл хэрэг­жихгүй байгаагийн нэг шалтгаан нь уг хуульд хамрагдах солбицлын цэгийг тодорхой болгоогүйтэй холбоотой гэж үздэг. Өнгөрсөн онд хийгдсэн солбицлын цэгийг энэ жил дахин хийх шаардлага байна уу?

-Хуулийг хэрэгжүүлэхэд ашигт малтмал хайх, ашиглахыг хо­риглосон газрын хилийн заагийг тогтоох нь хамгийн тулгамдсан асуудал болоод байсан. Одоо ч гэсэн энэ хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг эхлээд шийдэх шаардлагатай байна.

Та сайн мэдэж байгаа байх. Энэ хууль 2009 онд батлагдсан. Хилийн заагийг тогтоосон Зас­гийн газрын 174 дүгээр тогтоолыг 2010 онд гаргаж байсан.

Харин 2012 онд хуучин Ус­ны газар гэж байхад ердөө сарын хугацаанд Монгол Улсын бүх сум багаар явж, солбицлын цэгийг тогтоосон байдаг. Ингэхдээ зарим нэг газрыг орхигдуулсан. Мөн цэгээ буруу авсан зэрэг асуудлууд гарч ирсэн. Тиймээс солбицлын цэгийг тогтоох ажлыг дахин хийхээс өөр аргагүй болчихоод байна.

-Солбицлын цэгийг тогтоох ажлыг дахин хийснээр ли­цензүүд нэмж цуцлагдах нь гэж ойлгож болох уу?

-Ер нь бол нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Сол­бицлын цэгийг дахин тогтоох ажлын хэсэг байгуулагдсан. Бид тун удахгүй ажлаа эхлүүлэх гээд байж байна.

-Урин дулааны цаг ирээд хоёр сар боллоо. Ажлын хэсэг байгуулагдаад зургаан сар болж байгаа хэрнээ одоог хүртэл ажлаа эхлээгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Ний нуугүй хэлэхэд хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй байгаа нь бидний ажлыг жаахан уяад байна. Хилийн зааг тог­тооход шаардлагатай өндөр нарийвчлалын сүүлийн оны хий­мэл дагуулын суурь зураг авах, ка­дастрын судалгааг гар­гах төлөв­лөгөө­тэйгөөр төсвөө батал­сан. Энэ төсвийг гаргах талаар манай БОНХЯ-нд төсөв байхгүй Засгийн газарт хөрөнгө мөнгө ший­дүүлэх шаардлагатай төсвийн задаргааг хийх ажил ажлын хэсэгт даалгагдсан байгаа.

-Хэдэн төгрөгийн төсөв гар­гаж ирсэн бэ?

-Хамгаалалтын бүс, солбицлын цэгийг шинж­­лэх ухааны үндэс­лэлтэйгээр ямар ч асуу­дал­гүй ший­дэхийн тулд багагүй хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа. Нийт 2.5 тэрбум төгрөгийн төсөв шаард­лагатай гэсэн тооцоог гаргаж ир­сэн юм. Энэхүү төсвийн хамгийн их зардалтай нь хиймэл суурь зураг худалдан авах асуудал. 10м орон зайн нарийвчлалтай Spot хиймэл дагуулын Нэг сцен зураг нь 1000 гаруй еврогийн үнэтэй. Монгол Улсын хэмжээнд 400 гаруйг сцен авна гэж тооцоход 1.5 тэрбум төгрөг болчихоод байна. Үлдсэн тэрбум орчим төгрөгийг бусад зардалдаа зарцуулахаар шийдвэрлэсэн.

-“Урт нэртэй” хуулийн хү­рээнд лицензээ цуцлуулсан маш олон аж ахуйн нэгж байгаа. Тэд энэ хуулийн салхи хаашаа эргэх нь вэ гэдгийг их харж байгаа байх. Тэгэхээр үйл ажиллагаагаа эхлүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд яах вэ? 

-Мэдээж энэ хуулиар хориглосон газарт үйл ажиллагаа явуулсан тохиолдолд аж ахуйн нэгжүүд цалин хөлс, бензин тос гээд маш их зардлаа дэмий барна.

Тиймээс аж ахуйн нэгжүүд нягталж, манай яамнаас лавлагаа авч, тухайн лицензийнхээ талбайг шалгуулаад хуульд хамрагдаж буй хэсгүүдээ хасуулж “Урт нэртэй” хуульд хамааралгүй талбай дээрээ үйл ажил­лагаагаа явуулбал хаана хаанаа дээр шүү дээ.

-Зарим хүмүүс энэ хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахаас нааш хэрэгжих боломж­гүй гэдэг. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө зүт­гэж байгаа хүний хувьд хууль гацаад байгаа гол шалтгааныг юу гэж үзэж байна вэ?

-Тухайн үед хамгаалалтын бүс тогтоож байхад усны газар нь хамгаалалтын бүс тогтоох журам гаргасан байдаг тэр журмын дагуу хамгаалалтын бүсээ тогтоосон тухайн үед хамгаалалтад орж байсан гол горхи, одоо хатсан ширгэсэн, шургасан голууд ер нь бол байгаа.

Гэтэл аж ахуйн нэгжүүд “Энд ямар ч усгүй байхад та нар юу яриад бай­гаа юм бэ, бид хай­гуулаа, олборлолтоо хий­мээр байна” гэдэг. Урт нэртэй хуульдаа хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Гэтэл байгалийн гол горхи, нуур, тойром дэлхийн дулаарал болон бусад хүчин зүй­лээс шалтгаалан байнга өөрчлөгдөж байдаг зүйл дээр бид Засгийн газрын тогтоол барьж суухад бас хүндрэлтэй байдаг.

Хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа бид Засгийн газрын тог­тоо­лоо барьж л ажиллахаас өөр аргагүй. Бид нэгэнт гарсан Зас­гийн газрын тогтоолыг нөхцөл байдалд нь тохируулан байнга өөрчилж болохгүй. Одоо­ны ши­нэ хуулиар усны сан бүхий газ­рын энгий хамгаалалтын бүсийг орон нутгийн удирдлага, иргэ­дийн төлөөлөгчдийн хурал нь хамгаалалтын бүсийг шийддэг болсон. Гэтэл аж ахуйн нэгжүүд газар дээрээ усгүй, ойгүй гэсэн асуудлыг байнга тавьж газар дээр мэргэ­жилтэн ажиллуулж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргадаг үүнийг бид нэгэнт Зас­гийн газрын тогтоолд орж баталгаажсан газрыг аж ахуйн нэгжийн хүсэлт, дүнгэлтийн дагуу тэр дор нь шийдэх боломж байдаггүй.

Тиймээс хуулиар хориглосон, хязгаарласан талбайг салбарын сайдын эрхлэх хэмжээнд эдгээр ажлыг даатгах нь зүйтэй юм болов уу гэсэн бодол төрдөг. Өөрөөр хэлбэл нэг аж ахуйн нэгжийн маргааныг Засгийн газрын тог­тоолоор биш, салбарын сайдын тушаал, шийдвэрийн дагуу шийд­вэл илүү амар болно.

-Лицензээ цуцлуулсан аж ахуйн нэгжүүд төрөөс нөхөн төлбөр авах тухай асуудал ажил хэрэг болоогүй л байгаа. Солбицлын цэгийг ши­нээр тогтооход энэ асуудал дахин яригдах байх?

-Тийм ээ. Гэхдээ бид мэр­гэжлийн хүрээнд хуульд энэ хэсэг газар хамрагдлаа гэдгийг шийдэж өгнө. Харин лиценз цуцлах, нөхөн төлбөр авах, өгөх гэх мэт асуудлуудыг АМГ, Сангийн яам зэрэг байгууллагууд хариуцна.Нөхөн төлбөрийг төрөөс олгохоос гадна аж ахуйн нэгжүүдээс байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтооно. Энэ ажлыг ма­най яам өмнө нь хийж байсан. Дахиад ч хийх болно.

-Ер нь энэ хуулийг нэг тийш нь болгохгүй бол лиценз эзэм­шиж байгаа аж ахуйн нэгжүүд, хуу­лийг хэрэгжүүлэх гэж байгаа тө­рийн байгууллагуудад ихээхэн хүндрэл учирч байна. Цаана нь Монгол Улсын байгаль орчны хамгааллын асуудал байна шүү дээ? 

-Тийм ээ. Бидний зүгээс нам­рын сарыг дуусахаас өмнө хуулийг хэрэгжих бүх нөхцөлөөр нь хангана. Тэгээд энэ ондоо багтаж Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориг­лох тухай хууль бүрэн утгаараа хэрэгжээд эхэлнэ.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …