Нийслэлийн авто замын газар, энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын газраас энэ онд Улаанбаатар хотод хэрэгжих зам, зам засварын ажлаа товч танилцуулж, цаашлаад компаниуд юунд анхаарах, хайрга, шороо, карьерыг яаж ашиглах, хэрэглэх материалын лаборторийн шинжилгээг яаж баталгаажуулах болон зураг төсөл дээр гарч буй алдаа дутагдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ. Мөн энэ үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй компаниуд замын хаалт ямар стандартаар тавих ёстой талаар ярилцлаа.
Нийслэлийн хэмжээнд он дамжин үргэлжилж байгаа замуудтайгаа нийлээд 50 км зам шинээр барихаар төлөвлөсөн байна. Үүнд 40 км замыг өргөтгөн есөн байршилд ослын зайлуулалтын систем хийн нэг нүхэн гарц, хоёр гүүрэн гарц болон 1,8 км чулуун зам барихаар болжээ. Энэ жил зөвхөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 байршилд 34 тэрбум төгрөгийн тендер зарлах аж. Одоогийн байдлаар есөн байршилд тендерийн сонгон шалгаруулалт явагдаад, зарим нь гэрээний шатандаа ороод байгаа гэнэ. Энэ онд дээрх ажилд зориулан 74 тэрбум 130 сая төгрөг төсөвлөжээ.
Д.Амар