Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа удахгүй болно

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолын ажиллагааны хэвлэлийн хурал боллоо. Хуралд  Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, ЭМЯ-ны мэргэжилтэн А.Бархас, ХХЭМБНХ-ны гүйцэтгэх захирал Бямбасүрэн, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн эмч, анхны “Алтан чагнуур”- ын эзэн С.Туяа нар оролцож мэдээлэл хийсэн юм.Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч шалгаруулах “ АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан бий болгожээ.

“Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд  арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр СТӨ-нд болох юм.
“Алтан чагнуур” дээд шагнал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм чадлаа зориулан цаг наргүй зүтгэж байдаг ард түмнийхээ дунд алтан гартан хэмээн хүндлэгдэж байдаг эмч нараа  алдаршуулах тэдэнд ажиллах урам зориг өгсөн нэр хүндтэй шагнал юм.
“Алтан чагнуур” шагналд нэр дэвшихээр нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд нийт нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг шагналын эздээр тодруулах ажээ.

Мөн Алтан чагнуурын эзэд жилээс жилд чанаржиж, өргөн хүрээг хамарч, шагнал урамшуулал нь нэмэгдэж буйг хэлсэн юм.

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улсын хэмжээнд эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбогдуулан МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар хэлэхдээ Энэ өдрөөр эмч нарын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах нөхцлийн талаар ярихгүй өнгөрөх аргагүй юм гэв. Улмаар Эрүүл мэндийн салбарын 2014-2016 оны хамтын хэлэлцээрт эмч нарын цалингийн дээд хэмжээг дээрх хугацаанд 3 сая төгрөгт хүргэх асуудлыг ҮЭ-ийн байгууллагаас санаачлан 3 тал харилцан тохирч тусгасан ч Хөдөлмөрийн яам энэ заалтыг зөвшөөрөхгүй хэмээн өөрчлөхийг зөвлөсөн хариу ирүүлэн, хуулийн хугацаанд хэлэлцээрийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооныхон үзэж байгаа аж. Ажлын ачаалал ихтэй, хариуцлага өндөртэй эмч нарынхаа төлөө хийж байгаа энэ мэт ажлыг эрүүл мэндийн яам нь, ажил олгогч нар нь дэмжээд салбараараа хамтраад ажиллах гэхээр Хөдөлмөрийн яам нь зөвшөөрөхгүй байгаа нь Монгол хүний үнэлэмжийг, тэр дундаа эмч хүний хөдөлмөрийг төр засгаас үнэлэхгүй байна гэж үзэхэд хүргээд байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …