Франц дэглэмээр турвал дахиж таргалахгүй

0eddb15b3eaa807ed4f122acf409cbf4Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу… Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.Дюкон эмчийн юун түрүүнд урьдчилан сануулж байгаа зүйл нь: дэглэмийн гол зарчим нь уурагт хүнс идэх ёстой учраас бөөрний өвчин эмгэгтэй хүмүүст тохирохгүй! Эрүүл бөөртэй хүмүүс уг дэглэмийг хэрэглэхдээ бөөрөө хамгаалах зорилгоор ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 2 литр цэвэр ус ууж байх шаардлагатай!

Дан уурагт хүнс хэрэглэснээр гардаг бас нэг сөрөг үр дагавар бол өтгөн хатах явдал байдаг, тиймээс Дюкан эмчийн хоёрдахь хатуу шаардлага бол ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 3 амны халбага овъёсны хивэг, эсвэл овъёсный нэвс /геркулес/ идэж байх! Үүнийг өглөөд, усанд эсвэл тослоггүй тарганд зуурч идэх хэрэгтэй.

Дээрх хоёр шаардлагыг амьдралынхаа дүрэм болгон мөрдвөөс франц дэглэм таны эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл хүргэхгүйгээр илүү жинг чинь авч одно гэж мэд!

Франц дэглэмийг хэрэглэхээр та шийдсэн бол илүү жингээ тодорхойлж хэдэн кг жин хасах хүсэлтэй байна, түүнээсээ хамааран дэглэмийг барих болон тогтворжуулах хугацаагаа тохируулна. Дэглэм 4 шаттай.

Нэгдүгээр үе шат: “Дайралт”

Тарга тэвээрэг рүүгээ дайран давшлах хугацаа – 10 хоногоос ХЭТРЭХГҮЙ байх ёстой!

Хэрэв таны илүү жин 10 кг дотор багтаж байгаа бол түүн рүү дайрах хугацаа 2-3 хоног байна.

Илүү жин 10-20 кг бол дайралтын хугацаа 3-5 хоног.

Илүү жин 20-30 кг бол – 5-7 хоног.

Илүү жин 30 кг-аас дээш бол 7-10 хоног.

Дайралтын хугацаанд доорхи нэр төрлийн хүнсийг дуртай цагтаа, хүссэн хэмжээгээрээ идэж болно:

Өөхгүй. тослоггүй туранхай мах: үхрийн мах, туулайн мах зэргийг чанасан, жигнэсэн, грилдсэн байдлаар иднэ. Шарахыг хүсвэл ямар ч тосгүйгээр шарна. Аливаа соус, тос зэргээр амтлаж болохгүй! Хонь, гахай, адууны мах нуугдмал тос ихтэй тул – хатуу хориотой!

Дайвар махан бүтээгдхүүн: үхрийн элэг, бөөр, хэл.

Загас – бүх төрлийн.

Далайн бүтээгдхүүн – бүх төрлийн.

Шувуу – нугас, галуунаас бусад шувууны мах. Арьсыг нь идэхгүй /арьсанд хамаг өөх тос нь байдаг/

Өөх тосгүй хиам.

Өндөг – өдөрт 2 –оос илүүгүй. Холестерины хэмжээ ихтэй хүн бол долоо хоногт 3 – 4 өндөгний шар уураг л идэж болно, харин цагаан уурагны хувьд ямар ч хязгаарлалт үгүй.

Сүүн бүтээгдхүүн: тослоггүй тараг, аарц, ээдэм. /Өдөрт 800гр-аас илүүгүй/ Элдэв жимстэй йогуртны тухай бодоод ч хэрэггүй – нуль чихэр /нүүрсус/ байдаг юм.

Сахар, чихэр шоколад, бусад амттан, архи дарс, гурилан бүтээгдхүүн, бүх төрлийн будаа – хатуугийн хатуу хориотой!

Өдөр бүр: 1,5 халбага овъёсны нэвс, 2 литр цэвэр ус, 20 минут явган явах, хөнгөн дасгал.

Болно: цай, кофе /мэдээж сахаргүй/, цуу, хуурай амтлагч, сармис, бага зэрэг давс, горчиц, нимбэгний шүүс, сахар орлуулагч.

Хоёрдугаар үе шат: “Аялал”

Энэ шатанд зохист жин рүүгээ “аялна”, сар, хоёр сар, гурван сар… таны хаях жингийн хэмжээнээс шалтгаална гэсэн үг. Дээр дурьдсан зөвшөөрөлтэй хүнсэн дээр ногоо нэмэгдэж орж ирнэ: байцаа, улаан лооль, өргөст хэмх, хулуу, баклажан, навчин салат гэх мэт. Бас мөөг. Ногоог хүссэн хэмжээгээрээ, жигнэсэн болон түүхий хэлбэрээр иднэ. /хүрэн манжин, лууван хоёрыг багахан хэмжээгээр/. Гэхдээ учиртай иднэ: нэг өдөр нь цэвэр уурагны өдөр, дараагийн өдөр нь уурган дээрээ ногоо нэмж идэх байдлаар ээлжилнэ. Гурав гурван өдрөөр ээлжилж бас болно. Дэндүү их илүү жинтэй хүмүүс тав таван өдрөөр ээлжлэхэд илүү үр дүн өгнө.

Өдөр бүр: 2 халбага  овъёсны нэвс, 1,5-2 литр цэвэр ус, 30 минут явган алхах, дасгал хийх.

Болно: 80-100 гр. хуурай дарс, 30гр. бяслаг, 1 халбага кетчуп, 1 цайны халбага цөцгий, тослоггүй какао. Гэхдээ энэ жагсаалтаас өдөрт 2 – ыг нь л болно.

Ийм байдлаар хүссэн жиндээ хүртэл хооллоно.

Гуравдугаар үе шат: Тогтворжуулалт

Хүрсэн үр дүнгээ тогтворжуулан хадгалах зорилго бүхий маш чухал үе шат юм. Үргэлжлэх хугацааны хувьд: таны хаясан жингийн кг тутамд 10 хоног оногдох ёстой. 15 кг турсан бол 150 хоног тогтворжуулалт хийнэ гэсэн үг. Ингэх аваас хаясан жин чинь буцаж хэзээ ч ирэхгүй, үүрд алга болох болно.

Эхний хоёр шатанд идэж байсан дээрээ өдөрт 2 зүсэм хар талх, 40 гр. бяслаг, 1 халбага оливын тос, 1 жимсгэнэ /гадил, усан үзэмнээс бусад/ нэмнэ. Долоо хоногт 2 удаа 200 гр. төмс, цагаан будаа, каш, гоймонгийн аль нэгийг сонгон идэж болно, гэхдээ заавал идэх албагүй, ийм зүйл хүсээд байвал л ид.

Долоо хоногийн нэг өдрийг “цэвэр уурагны өдөр” байлгана.

Өдөр бүр: 2,5 халбага овъёсны нэвс, 2 литр цэвэр ус, 20 минут алхах, дасгал хийх.

Болно: долоо хоногт хоёр удаа “найрлаж” болно. Ура! Хүссэн бүхнээ дураараа ид. ГЭХДЭЭ ӨДӨРЖИНГӨӨ БИШ! Өдрийн, эсвэл оройн хоолоо л “найр” болгоно.

Дөрөвдүгээр шат. Үлдсэн бүх насаараа!

Элдэв хязгаарлалтгүйгээр, ердийн байдлаар хооллоно. Дэглэмийг барих явцад олж авсан хооллолтын хэв маягаа өөрчлөх хүсэл нэг их төрөхгүй дээ. Амттан идэх хүсэл төрөхөө ч больчихсон байх вий.

Өдөр бүр: 3 халбага овъёсны нэвс, 1,5-2 литр цэвэр ус, 20 минут алхах – хэвээр.

Долоо хоног тутам: нэг өдөр – “цэвэр уурагны өдөр” хадгалагдана. Дюкон эмч пүрэв гаригийн уурагны өдөр болгохыг зөвлөдөг.

Ихэнхи хүмүүс эхний хоёр шатыг дуусган хүссэн жиндээ хүрмэгц гурав, дөрөвдүгээр шатыг тоолгүй орхиод зовж байж хаясан жингээ буцаагаад авчихдаг. Тиймээс сүүлийн хоёр шатыг аль болох барихыг хичээгээрэй, яг таг биш ч гэсэн дөхүүлээд байвал илүү жингийн асуудал дахин босч ирэхгүй!

khunnu.mn

Санал болгох мэдээ

Өглөөний цайг өөртөө зориулахын ач тус

Эерэг, аз жаргалтай өдрийн эхлэл нь өглөөний цайтай холбоотой. Гэтэл завгүй гэх тодотголтой амьдралын хэмнэлд …