УИХ-ын Бaйгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлсэн юм.
Тэрбээр нээлтийн үгэндээ “Улс хөгжихийн хэрээр бүхий л салбарт усны хэрэглээ ихсэж, тэр хэрээр усны бохирдлын асуудлыг араасаа дагуулж байна. Нийслэл хотын хувьд хүн амын хэт нягтаршлаас болж, хөрс бохирдож, үүнээс үүдэн экологийн эмзэг тогтоцтой, нөхөн сэргээгдэх хугацаа нь хэдэн зуун жилээр тооцогдох гүний ус бохирдоход хүрээд байна. Улс орон тогтвортой хөгжихөд стратегийн баялаг болсон ус нэн чухал. Иймээс цаашид хөгжлийн асуудалд усыг чухалчлан анхаарч, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг салбар чиглэл бүхэнд уялдуулан авч үзэж, тогтвортой хөгжлийн үндсэн хэсэг болгох шаардлагатай. Хүн бүхэнд ус чухал ач холбогдолтой учир гол нь хэрэглээгээ дагаад усаа ухаалаг ашиглаж, усны үнэ цэнийг мэдэрч, аль болохоор хэмнэж, усаа бохирдуулахгүй байж, цаашид усыг дахин ашиглах гарцуудыг олж амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэв. Жил ирэх тусам Монгол орны усны нөөц, тэр тусмаа говьд гүний цэнгэг усны нөөцгүй болж байгаа тул үүнд төр өндөр ач холбогдол өгөх ёстой гэж эрдэмтэд нэгджээ. “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд” сэдвээр Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах, “Ус хэмнэлт ба технологийн асуудал” сэдвээр “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандорж, “Ус хангамж ба тогтвортой хөгжил” сэдвээр Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг нар илтгэл тавилаа.
Усны нөөцөд анхаарал хандуулахаас гадна, иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагууд усыг гамтай хэрэглэх шаардлага тулгарч байгаа аж. Ухаалаг бус усны хэрэглээ байгаа учраас цэнгэг ус ховордох, нөөц багасахад нөлөөлж буй гэж эрдэмтэд санал нэгдсэн байна. Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандоржийн судалгаанд дурьдаснаар Орон сууцны оршин суугч хоногт 180-300 литр ус хэрэглэдэг гэж үзжээ. Зөвшөөрөлгүй, тоолуургүй ашиглаж байгаа худаг, Барилгын халуун, хүйтэн усны олон хоолойт систем, Ногоон байгууламж, зам талбайн усалгаа, Нийслэлийн автоугаалгын усны зарцуулалт хоногт 14000-18000 метр куб байгаа зэргээс шалтгаалан усны нөөц багасахад ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. Иймд усны үнэ, төлбөрт өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж буй юм байна. Усыг гамтай, ухаалаг хэрэглэхийн тулд айл өрхүүдийг ухаалаг тоолууртай болгох, Ус хэмнэлтийн технологиудыг нэвтрүүлэх, Усыг эргүүлэн, давтан, дахин ашиглах, Саарал усны менежментийг хөгжүүлэх зэрэг бодит ажлыг хийх ёстой гэж байлаа. Иймд усыг үнэлэх хэрэгтэйг эрдэмтэд онцоллоо. Аж ахуй нэгж байгууллага, орон сууцны айлууд маш бага мөнгө төлж ус хэрэглэж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Иймд усны үнийг өөрчлөх, нэмэх цаг болсон гэсэн байр суурийг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлэв.
Мөн УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Гүний усыг аль болох уул уурхайн салбарт ашиглахгүй байх бодлогыг баримтлах ёстой гэж байлаа. Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг илтгэлдээ “Ус бол эдийн засгийн хувьд үнэ цэнэтэй зүйл. Иймээс эдийн засгийн бүтээгдэхүүн гэж ойлгох ёстой. Усны үйлчилгээний үнэ тарифыг зохих түвшинд хүргэж, энэ үйлчилгээг хүргэж байгаа орон нутгийн өмчит болон хувийн компаниудыг зах зээлийн нөхцөлд алдагдалгүй ажиллах нөхцөл бололцоог хангах шаардлагатай. Ингэснээр үйлчилгээний чанар, стандартыг сайжруулж, шинэ техник, технологи нэвтрүүлэх таатай нөхцөл бүрдэнэ” гэсэн юм. Усны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ.