Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Харвалтын тасагтай болж, цус харвасан хүмүүст харвалтын дараах нөхөн сэргээх бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг болжээ.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жил бүр 15 сая хүн тархины харвалтаар өвчилж байгаагаас таван сая нь нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу болж байна. Харин манай улсын хувьд 100 мянган хүн амд 290 хүн цус харваж, 49 хүн нас барж буй юм.
Энэ үзүүлэлтээрээ цус харвалт өвчний шалтгаант нас баралт нас баралтын хоёрдугаарт орох болжээ. Монгол Улс харвалтын өндөр өвчлөлтэй орны тоонд хамаарч байна.
Тархины харвалтаас болж тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдаж буй хүний тоо ихсэх хандлагатай байгаад мэргэжилтнүүд сэтгэл зовниж байгаа юм. Манай улсад цус харвалт өвчин залуужиж хөдөлмөрийн насныхан энэ өвчинд өртөх болсон нь эмзэг асуудал.
Цусны даралт ихтэй хүмүүс эмчид үзүүлэхгүй, эмээ хэрэглэхгүй яваад байна. Тиймээс дөнгөж 40 нас гараад харвах болжээ. Харвалтын тасагт залуудаа харвасан 4-5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цус харвалт саа, саажилт үүсгэж, тахир дутуу болгодог. Хүний асрамж, хараат байдалд орж, тэр айл эдийн засаг доройтох нийгэмд хор уршиг ихтэй өвчин.
Барууны өндөр хөгжилтэй орнуудад голдуу 70-80 настнуудад насжилттай холбоотой буюу тархины цус гүйсэн харвалт тохиолддог аж. Харин манай улсад цусны даралт ихэссэнтэй холбоотой тархины цус харвалт түгээмэл тохиолдож байна. Энэ өвчин нь тархины судас гэнэт хагарснаас, эсвэл судасны ханын нэвчүүлэх чанар ихэссэнээс үүдэн тархины эдийн дотор цус хурах эмгэг юм.