Н.Онон: УДЭТ-ынхантай ямар нэгэн байдлаар өрсөлдөж, сөргөлдөх санаа байхгүй

ugluunii_soninЭнэ удаагийн “Уран бүтээлч” буландаа “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Ононг урьж ярилцлаа.

-“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнаа амилах нь?

-Тийм ээ.

-Өнгөрсөн хавар үзэгч­дийг нэг хэсэг л шуугиулсан шүү?

-Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Бүр бидний бодож байснаас ч илүү.

-Гэхдээ “Сэрүүн ха­сын нууц” хэдийн тайлагд­чих­сан. Үзэгчид өмнөх шигээ хүлээж авах болов уу?

-Аливаа жүжгийг амь­даар нь үзэх шиг сайхан зүйл байдаггүй. Энэ жүж­гийг үзээгүй олон хүн бий. Тэдэнд зориулж дахин тайз­наа тог­лох гэж байна. Өмнө нь үзчихсэн атлаа да­хиад үзэх сонирхолтой хүн ч их байна.

-Янз нь аль эрт жүжгийн бэлтгэлдээ орчихсон болол­той?

-Тийм ээ, гурав хоногийн өмнөөс бэлтгэлээ хийж эхэл­­­сэн. Ирэх сарын 7-ныг хүр­тэл бэлтгэлээ хийнэ дээ.

-Нэг зүйл их сонирхолтой санагдаад байна. Өмнө нь “Сэрүүн хасын нууц” огт тоглогдож байгаагүй гэх юм?

-Үнэн шүү.

-Бүр дэлхийн аль ч оронд уу?

-Тийм ээ. Дэлхийн аль ч оронд тавигдаж байгаагүй. Учир нь “Сэрүүн хасын нууц” бол жүжгийн зохиол биш.

-Тэгээд юу гэж?

-Жүжиг биш бэсрэг ро­ман. Бид бэсрэг романыг жүжгийн зохиол болгосон. Үнэндээ өнөө цагт жүжгийн зохиол их ховордсон шүү дээ. Тэгээд ч өнгөрсөн ха­­вар энэхүү жүжгийг бид асар богино хугацаанд үзэгч­дийн хүртээл болгосон.

-Хэр богино хугацаанд?

-Таван сар.

-Зүгээр л машиндчихсан хэрэг үү. Үнэхээр их хөдөл­мөр орсон байх нь?

-Тийм ээ, маш их хөдөл­мөр орсон. Гэхдээ бид “Сэ­рүүн хасын нууц” эмгэ­нэлт драмын жүжгийг илээд өнгөрөөгүй. Үнэхээр сэт­гэл зүрхээ зориулсан. Энэ жүж­гийг тоглох юмсан гэсэн асар их мөрөөдөл, тэмүүлэл бай­сан. Тийм ч учраас жүжиг маань амжилттай болж, үзэг­чид ч сайхан хүлээж авсан. Гэхдээ чөлөөт уран бүтээл туурвидаг бидэнд үнэндээ ахад­сан жүжиг байсан л даа.

-Яг ямар утгаараа ахад­сан гэж вэ. Ур чадварын хувьд уу, эсвэл?

-Санхүүгийн хувьд яах аргагүй ахадсан жү­жиг бай­сан. Ямар нэгэн байгуул­лагаар ивээн тэтгүү­лээгүй. Өөрсдөө л зүтгэсэн.

-Гэхдээ л хичээл зүтгэ­лийн тань үр дүн гарч, үзэг­чид ч “ок” үнэлгээ өгсөн шүү дээ?

-Тийм ээ, баярлалаа.

-Ингэхэд сүүлийн үед таныг кинонд ч, тайзан дээр ч харахаа байлаа?

-Наадах чинь үнэн.

-Янз нь тайзан дээр жү­жиглэхээс илүү продюсе­рээр ажиллах сонирхолтой байгаа юм аа даа?

-Үгүй дээ. Гэхдээ аливаа уран бүтээлийн ард нэг хүн заавал сул байж байх ёстой. Алсаас удирдаж, чиглүүлж байх хэрэгтэй юм билээ. Яах вэ, амьдралын эрхээр л ийм ажил хийж явна. /Инээв/

-Уучлаарай, гэхдээ та битгий уурлаарай. Учир нь танаас нэг зүйлийг асуулгүй өнгөрч чадахгүй нь?

-За.

-Өнгөрсөн хавар “Сэрүүн хасын нууц” жүжиг тайзнаа тавигдаж байхад нэг яриа гарсан?

-Ямар.

-Та бүхнийг “УДЭТ-ын уран бүтээлчдийг ажилгүй бол­голоо” гэх зэргээр ярьж бичсэн. Тухайн үед ч теат­рынхан нэг тийм унтаа байдалтай байсан шүү дээ?

-Тийм ээ, янз бүрээр л ярьж байсан. Үнэндээ би­дэнд УДЭТ-ынхантай ямар нэгэн байдлаар өрсөлдөж, сөргөлдөх санаа байхгүй.

-Тийм гэж үү. Тэгвэл “Сэрүүн хасын нууц” жүжгийг дахин тоглохдоо УДЭТ-ын жүжгийн сарууд­тай давхцуулсан нь ямар учиртай юм бэ. Үнэнийг хэ­лэхэд дээрх яриаг батал­чихаад байгаа юм биш үү?

-Үнэхээр тийм зүйл байх­гүй ээ. Зүгээр л надад дө­рөвдүгээр сард үгээр илэр­хийлэхийн аргагүй мэдрэмж төрдөг юм.

-Ямар?

-Яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Юу ч хийсэн нэг л болмоор юм шиг са­нагддаг. Хүнд нэг тийм мэд­рэмж байдаг биз дээ. Харин миний тэр мэдрэмж огт алдаж байгаагүй.

-Сонин л хариулт бай­на. Ингэхэд та 10 гаруй жил урлагт зүтгэж явна. Ур­ла­гийн хүн байна гэдэг их бага хэмжээгээр золиос гаргана биз?

-Тэгэлгүй яах вэ. Урла­гийн­хан бид үнэхээр ар гэрээ орхигдуулдаг. Нөгөө та­лаараа тэгж байж чанартай уран бүтээл гаргадаг юм байна. Уран бүтээлч хүн урлагт дурлаж байж л амжилтад хүрнэ. Дурлах гэдэг нь тодорхой хэмжээгээр ар гэрээ орхигдуулна л гэсэн үг шүү дээ.

Сая хэд хоног зориудаар амарч үзлээ. Тэгсэн би айлд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байна шүү дээ. Өнөө гэр орныхонтойгоо таарч тохирохгүй ч юм шиг болоод явчихдаг байгаа. /Инээв/

-Өнөөх “Өчигдөр ин­тер­нэт тасраад гэрийн­хэнтэйгээ жаал ярьж суулаа. Ер нь давгүй хүмүүс байдаг юм байна шүү” гэдэг онигоо шиг үү?

-Тийм ээ. Сүүлдээ манай эхнэр “Ер нь чи ажилдаа явсан нь дээр юм байна” гэсэн шүү. /Инээв/

-Хөгжилтэй юм аа. Ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүн Батбаярын …