Хаврын улирал болохоор бидний арьс хуурайшиж эхэлдэг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.
-Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.
– Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш.
– Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой.
– Хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.
Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчлалгүй байлгах нь мөн л тустай.
– Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.
– Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.
– Энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа дээр дээрээс нь давхарлан түрхэх нь арьсыг хуурайшуулж эсвэл арьсны нүх сүвийг бөглөдөг. Компактный буюу шахмал энгэсэг нь илүү нимгэн түрхэгдэж, тогтвортой бат бөх давхрага үүсгэдэг. Ийм учраас эмэгтэйчүүд шахмал энгэсгийг илүүд үздэг. Орой бүр нүүрнийхээ арьсийг сүүн шингэн шингээсэн хөвөнгөөр сайтар цэвэрлэж дараа нь ус, цийдэм, тараг, өргөст хэмхийн шүүс зэргээр шавшаад дахин угаа.
Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэдийгээр үйлчилгээ нь сулраагүй байсан ч хэсэг хугацааны дараа, ялангуяа тэжээлийн тосоо сольж байх нь зүйтэй. Учир нь 1 – 2 сарын дараа бүтээгдэхүүн таны арьсанд дасал болж идэвхтэй элементүүд нь анхных шигээ ашиг тусаа өгч чадахаа больдог байна.