Монголчууд бид зүүн Азийн улс орнуудаас ардчилалд ороод 20 гаруй жил болж байна, Азийн улс орнуудынхаа дунд ардчиллыг бараг л бүтээчихлээ гэж хөөрцөглөдөг болсон. Ардчилал гэдэг бол ард түмний дуу хоолой, эрх чөлөө аль болох нээлттэй байх боломжийн тухай үзэл баримтлал юм. 2000 оноос хойш МАН /МАХН/ олон жил төр барьсан. Энэ цаг үед АН-ынхан “Ардчилал алдагдлаа”, “Нэг намын ноёрхол тогтлоо”, “Төрийн алба намын шинжтэй боллоо”, “Коммунистуудын дарангуйлал” гэх зэргээр шүүмжилдэг байсан. Харин 2012 оны сонгуулиар АН олуулаа болж МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-тэй хамтран Шинэчлэлийн гэх Засаг байгуулсан. Ард түмэн Шинэчлэлийн гэх сайхан тодотголтой Шинэ засгийн газраас олон зүйл хүлээж байгаа. Харамсалтай АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн энэ Засгийн газар иргэдийнхээ итгэлийг олохоосоо илүү алдах зүйл хийх нь илүүтэй байна. Тухайлбал, орон нутгийн сонгуулиар аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид сонгогдож, тус ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргаа томилон Ерөнхий сайдаар батламжлуулдаг хуультай. Гэтэл АН-ын Ерөнхийлөгч АН-ын Засаг дарга нарын нэрийг бараг л сонсолгүй шууд батламжилсан бол МАН олонхи болсон аймгуудын засаг дарга нарыг судлаж байна, боломжгүй байна, дахин өөр хүн санал болго гэх зэргээр цааргалан төрийн ажлыг гацааж, ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн байдал харагдаж эхлэлээ.
Мөн иргэдийн эд хөрөнгө, унаа машинтай байх эрхэнд төр халдах тухай асуудлыг ярьж, зүүн талдаа жолооны хүрдтэй машин импортлохыг хориглож, улмаар удахгүй ням гаригт зүүн талдаа жолооны хүрдтэй авто машиныг хөдөлгөөнд оруулахгүй байх тухай асуудлыг ярьж эхлэсэн нь АН-ын засгийн газрын үед ээлжит ардчилалын жолоог “хумисан” хэрэг боллоо.
Түүгээр ч зогсохгүй АН-ын дарга Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ард түмний чөлөөт индэр болсон цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн “дуу хоолойг” боомилохыг оролдсон шийдвэр гарав. Өмнө муу хэлэгдэж байсан МАН-ын засаглалын үед ч ийм шийдвэр гарах бүү хэл яригдаж байгаагүйг олон түмэн мэднэ.
Гэтэл хэлэх ярих бүрдээ Ардчиллыг уриа, лоозонгоо болгосон АН-ынхан хэлж ярьдагынхаа эсрэг ажиллаж, ардчиллыг уландаа гишгэсэн үйлдэл гаргахаар зэхэж байна. Энд би 2013 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Засгийн газар хуралдаж, “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох тухай гаргасан тогтоолын тухай ярьж байна. Тэд энэ тогтоолоороо ардчилсан үндсэн хууль батлагдсны 21 жилийн ойн болохоос хэдхэн хоногийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа ноцтой зөрчсөн шийдвэр гаргалаа. Монгол улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 16-д: “Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх,үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гэсэн заалтыг илтэд зөрчсөн үйл хэрэг боллоо.
Тэд үүнийгээ тайлбарлахдаа: “Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлүүдийг цэгцлэх, зохистой хэрэглээг бий болгох” гэсэн боловч үнэн хэрэгтээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цахим боломжийг хязгаарлаж, энэ энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өмчид илтэд халдаж, яг коммунист төр засаг шиг төрийн хяналтыг хэвлэл мэдээллийн салбарт тогтоох гэсэн оролдлогыг хийж байгаа нь харагдаж байна. Хэрэв Ерөнхий сайд болоод холбогдох газрынхан энэ шийдвэрээ эргэн харахгүй бол Монгол улс, Коммунист Хятад улсын дараа орох “цахим сэтгэгдлийг хянах” буюу иргэдээ улс төр, иргэний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө нь хянах, мөрдөж мөшгөх байдалд шилжихэд ойрхон боллоо.
Уул нь цахим сэтгэгдлээр сөрөг, хүний нэр төр алдар хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг гаргахгүй байх асуудлыг тухайн цахим сайтуудад хариуцуулан шийдвэрлэх олон гарц байгаа. Гэтэл Засаг төр ийм боломжийг эрж хайхын оронд шууд л хязгаарлая, хаая гэж байгаа нь ард түмний шүүмжлэлийг төр засгийнхан өөртөө хүлээхээс зайлсхийсэн, айсан, зугтсан хэрэг мэт ойлгогдож байна. Хэрвээ МАН засгийн эрхэнд байхдаа ийм шийдвэр гаргасан бол АН-ынхан болон иргэд, олон нийт “Коммунистуудын шийдвэр” гэж эсэргүүцэх байсан байхдаа.
АН-ынхан энэ шийдвэрээ гаргаж чадсан шигээ эргэн харж, өөрчилж чадна гэдэгт цахим хэвлэл мэдээллийн салбарынхан итгэж байгааг энэ дашрамд уламжилья.
Хэрэв тиймгүйсэн бол АН-ынхан өөрсдийн гараараа Ардчиллынхаа цулбуурыг алдаж, ардчилал алдуурч, ардчилалгүй, төрийн хатуу хяналттай нийгмийн байгуулал руу бид улс орноороо хөл тавихад ойрхон боллоо. Ардчилалгүй ардчилал гэж үүнийг л хэлэх байх даа.
Ц.Мөнх
2013.01 сар