Сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ: “Шашин боловсролын салбараар хүчээ авна гэж байдаггүй. Тэгэх ч боломжгүй…” гэжээ.
Монголчууд бид хэний амнаас, ямар үг сонсох нь энэ вэ? Боловсролын сайд нь өөрөө боловсролыг хэрхэн олгодог, итгэл үнэмшил хэрхэн бүрддэг талаар огт мэдлэггүй байж болох уу, эсвэл мэдсэн ч зориудаар мэдээгүй царайлсаар байна уу. Хэрэв яамны бодлого зөв явбал үүн шиг үнэн үг байхгүй. Харамсалтай нь түүний хэлсэн үгний эсрэг зүйл болоод байна.
Ерөөс аливаа итгэл үнэмшил сургууль, орчин, боловсролын үр дүнгээр бий болдог. Сайдын яриад байгаачлан Монгол улсад хөгжлийг бий болгох сайн боловсрол олгоно гэдэг бол суралцагчидад шинжлэх ухаан, техник технологийн мэдлэг дээр суурилсан итгэл үнэмшлийг бий болгоно гэсэн үг. Харин энэ итгэлийг “жаахан” хазайлгахад шашны агуулгатай болоод хувирчих боломжтой.
Дэлхийн бүх шашны үйл ажиллагаагаа сургалтаар дамжин бий болдог. Тэгвэл боловсролын салбар гэдэг бол сургалтын том, өргөн орон зай. Үүгээр дамжуулан шашины итгэл үнэмшлийг бусдад түгээ дэлгэрүүлэх аюул байна. Ялангуяа итгэл үнэмшил нь бүрэн төлөвшиж тогтоогүй хүүхэд багачуудын үзэх хичээл сургалт, ном сурах бичгээр нь дамжуулан шашин суртахууны агуулгатай мэдээлэл өгч, улмаар тэднийг шашин соёлдоо итгүүлэх боломж байгаа гэдгийг энгийн ухамсарын түвшинд хэн хүн ойлгож чадна. Харин үүнийг манай боловсролын сайд “ойлгодоггүй” нь түүний хэлсэн тоомжиргүй үгнээс тодорхой харагдаж байна.
Хүн төрлөхтний түүхэнд “Дундад зууны үе” хэмээн нэрлэгддэг 1000 гаруй жил үргэлжилсэн Христос шашны “ноёрхол”-ын зуун байсан. Энэ цаг үе ийм олон жил үргэлжилсний нууц бол Европ даяар сургууль боловсролын салбарт зөвхөн Христос бурханы сургаалийг системтэйгээр зааж сургадаг байсантай холбоотой. Христос шашны гэгээн хутагт Фома Аквинксний тэргүүтэй эл шашны алдартнууд тухайн үеийнхээ боловсролын салбарын үр дүн болж эл цаг үед төрөн гарсан байдаг. Өдөөгийн Оксфорд, Кембриж гэх мэт Их сургуулиуд санваартнууд бэлтгэх зорилгоор энэ л цаг үед анх үүссэн байдаг.
“…Хамаатай хамаатай, хамгийн их хамаатай” гэдэгчлэн шашин боловсрол хоёр шууд хамааралтай, аливаа шашныг боловсролын салбараар дамжуулан түгээн дэлгэрүүлэх аюул одоо ч гэсэн “зүсээ хувилган” байсаар байна. Ялангуяа боловсролын дээд удирдлагад шашны гүн бат итгэл үнэмшилтэй хүмүүс байна гэдэг нийгэмд бүр ч хортой. Гэтэл үүнийг ухаарч анзаарахгүй сайд байгаа нь улам ч гэмтэй. Ийм нөхцөл байдал дунд тун удахгүй сурагчдын хичээлийн ном сурах бичигт “Ертөнцийг эзэн бүтээсэн” гээд хэвлэгдээд гараад ирэхэд бид гайхах хэрэггүй юм байна.
Улс төрийн соёл өндөр хөгжсөн улс орнуудад Боловсролын сайд ийм үг хэлснийхээ дараа түүнийхээ төлөө ажиллажх ёстой. Харин манайд бол гадны шашин соёлд итгэдэг хүн боловсролын яамны стратегийн бодлогыг барьж байна. Бид ийм үзэл бодолтой, гадны шашин соёлд найр тавьсан хүнээр боловсролын салбараа хэдий болтол удирдуулах вэ?
Ц.Мөнх